Бусдын зовлонд баярлагчид

ongodМанайхны шүтлэг их өвөрмөц л дөө. Тухайлбал, христэд итгэгчид хоол идэхийнхээ өмнө талархлаа илэрхийлдэг бол лалын ертөнцийнхөн мөргөл хийдэг тусгай сартай гэх мэт. Шашин болоод амьдрал нь ямар нэгэн сэжмээр холбогдож, түүнийгээ байнга санадаг бөгөөд шүтээнээ хахуульдах гээд байдаггүй. Гэтэл бид зөвхөн зовлон тохиолдсон үед шашин, мергөлийн янз бүрийн зан үйл хийж эхэлдэг.

Өвдөж зовсон, осол эндэгдэлд орсон үедээ л үзмэрч, зурхайч, лам, бөө нарын босгыг элээдэг шүү дээ. Үүнийг дагасан элдэв мэдээлэл ч гардаг. Нэмж бөө болгох хүн гарахаа больсон уу нэг үеэ бодвол угийг нь бариулах гэж байгаа нь энэ гээд шалзалсан түлсэн хэрэг гарахаа болилоо. Тэвч өргөл, мөргөлөөр бурхныг хахуульдаж болно гэж итгүүлдэг нь хэвээрээ л байна. Тиймээс ч хүмүүсийг үзэж хардаг, тусладаг, тулдаг гэх хүмүүс илт олширчихлоо. Тэд бусдад тохиолдсон аль л хэцүү хүнд явдлуудаар тэжээгдэж амьдарна. Угаасаа л зовлонд ороогдоод очиж байгаа хүмүүст “Архины бузар болсон байна”, “Бөгсний бузар болжээ” гээд л загнаж суудаг нэг хүүхэн Баянхошуунд бий. Түүнийг Улаанбаатарын иргэд бараг бүгд мэдэх байхаа.

Амьдрал нь болж бүтэхгүй яваа хүмүүсийг элдвийн хатуу үгээр загнаад л, гөлөлзүулээд, тэртусмаа шүтэгдээд баяжаад байгаа. Саяхан миний нэг танил эмэгтэй очиж үзүүлээд завхай зайдангаараа дуудууллаа гээд гоморхож байсан. Хөөрхийд бүх л хүнд тохирдог үгээ хэлтэл таагаагүй юм байж л дээ. Хүний сэтгэл зүрхэнд өөрөө үнэн байдаг болохоор гомдох зүйл дээрээ хатуу тусч байгаа юм. Гэвч бас л хараал жатга хийчих юм болов уу гээд дуугүй л тараад явж.

Үйлчлүүлэгчийнхээ зовлонг сонсоод “За би ийм хэрэгт орсон хүнд туслахад дараа нь сая төгрөг өгч билээ” гэж яриагаа эхэлдэг нэг нэртэй зурхайч төв гандангийн ойролцоо сууж л байгаа. Хэрэгт орсон хүнд “Надаар засал хийлгэхгүй бол шоронд орох юм байна. Тэгээд тэндээ үхнэ” гээд илт шунал шингэсэн нүдээр харангаа ярьдаг нэг авгай тун ойрхон нь бий. Дараа нь миний ажлыг бүтээж өгсөнгүй гээд зарга гаргаад явдаг хүн байхгүй болохоор сул орлого л доо. Ингэж айлгаж авах аргатай. Яалтай ч юм билээ тэднийг.

 

 

Ж.Энх /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих