Инээмсэглэл ямар үнэтэй вэ?…

26e7c0f17ad30eaboriginal

Хүний мөн чанарын хамгийн үнэт зүйлсүүд өдгөө огт үнэгүй байгаа. Түгжрэл дунд уурлаж, харааж зүхэлдэж явахад зам тавьсан хэн нэгэн найрсгаар инээмсэглэхэд л уур уцаар ул мөргүй арилж, баяртайгаар зам руугаа шилжин одно.

Олны хөлийн газар хэн нэгэн хөл дээр гишгэж өвтгөхөд, уурласандаа болоод минчийж, уцаарласандаа  харааж зүхэх гэж хилэнтэйеэ харахад  өөдөөс чинь “уучлаарай та” гэж инээмсэглэх нэгнийг харахдаа уруул давах шахсан хараалаа муухан мушийх ичингүйрэлтэйгээ хамтад нь залгилж амжих.

Өчнөөн цаг хүлээлгэсэн нэгнийг өөдөөс гараад ирэхэд нь, хилэнтэйгээр “багалзуурдах” хүсэлтэй бухимдлын өөдөөс “уучлаарай ахаа, гэнэт ажил гараад” гэж ялдамхан инээмсэглэхэд л багалзуур руу нь чиглүүлсэн гар нь гэнэт сулрах.  Тэр мөчид гэнэт ичингүйрэн газар шагайна.

Хардаж сэрдсэндээ сэтгэлдээ “хордож”,  хацар дундуур нь маажиж, хамаг биеийг нь тасчин хаяхад бэлэн  хилэнг “хайрт минь яагаа вэ? уурлачихаа юу даа, тайвшир даа” гэж аргадан инээмсэглэх мөчид, зангидсан алгандаа хумсаа шигтгэн байж, зуусан уруулаа хүчээр суллан байж тайвширдаг. “Чи чинь юун ч бухимдуу юм бэ?” хэмээн тохуурхах даажигнал сэтгэлийг нь аргадан тайвшруулж, тэр мөртөө мушилзан инээлгэж “зүгээр дээ” хэмээн амандаа сулхан шивнэх.

Өвдөж шаналсан сэтгэлийг нь хэрэндээ аргадан учирлах гэж гарыг нь атгах мөчид “Өө чиний минь алга ямархан дулаахан юм бэ?” хэмээн хичээж инээмсэглэхэд нь өргөн энэ орон дээр нар тэр чигээрээ тусах шиг сэтгэл гийн баярлана.

Өвчиндөө шаналах хэрнээ намайг инээмсэглэж харах тэр дулаахан төрхийг элгэндээ тэвэрч, духан дээр нь зөөлхөн үнсэж аргадна. Баярлаж бахадсандаа над руу инээмсэглэн байж гараа алдлан ирэх түүнийг цээжиндээ тэвэрч догдлон цохилох зүрхийг нь өөрийн хэмнэлээрээ чагнана, хариуд нь инээмсэглэнэ. Аз жаргал сонсогдох аж.

Бусдын өмнөөс инээмсэглэх гэдэг бүрхэг өдрийн саарал үүлс дороос наран гэнэт мандах мэт. Бухимдаж цухалдсандаа уурсан омогших давалгааг бүлээхэн нэгэн чулуу эргэлдүүлэн зогсоох мэт. Дэлбээгээ шөнийн харанхуйд хумисан цэцэгс гэрэлт нарны гэрэлд дэлгэгдэн бүжих мэт.

Бид хичнээн олон хэрэггүй зүйлд мөнгөө цацан байж, хэн нэгний атаархлыг өөр дээрээ даллан байж хар хороор сүлэхийн оронд, нүүрэндээ инээмсэглэн байж бусдад хайр түгээх нь тийм хэцүү гэж үү? Өмссөн хувцсаа бусдын өмнө тайчин байж, өнгө мөнгөөр бие сэтгэлээ арилжихийн оронд үнэн сэтгэлээсээ бусдын өмнө ялдамхан инээмсэглэж сэтгэлд нь нарны илч, зүрхэнд нь гайхамшигт цэцэгсийг ургуулах нь тийм зовлонтой гэж үү?

Жаргалаа зовлонгоор сольж, жаахан тэрхэн зүрхэнд гуниг хуруулахын оронд, нүүр дүүрэн азтай инээмсэглэлээр зүрх сэтгэлийг нь сэтгэлдээ аргамжих нь тийм амаргүй гэж үү? Инээмсэглэл гэдэг мөнгөөр хэмжигдэхийн аргагүй сэтгэлийн үнэт эрдэнэс.

Хямдхан хүмүүс…

Хямдхан хүмүүс ямагт бусдад гомдож, амьдралдаа тохиолдож байгаа таагүй үйлдлүүдийн бурууг өөрөөсөө бус, өрөөл бусдаас заавал хайж олдог. Хайж олсон буруутнаа харааж зүхнэ, үзэн ядна. Хямдхан хүмүүс үргэлж бусдад атаархан , өөрөөс нь илүү мэт санагдах бүхэнд хорсож, “үйлс нь бүтэлгүйтэж доройтон уруудахыг нь үзэх сэн” гэж сэтгэлдээ тэчьяадан тэвддэг.

Алдаа гаргасан нэгнийг тавлан тохуурхаж, тааралдсан хүн болгонд сонин болгон баяртайгаар хуучилна. Хямдхан хүмүүс ном огт уншихгүй хэрнээ ном мэддэг юм шиг л цэцэрхдэг. Уншсанаа биш, дам дуулснаа “үнэн” болгон мэтгэлцэхдээ “улаан хэлтийг урдуураа гаргалгүй” зөрүүдэлж мугуйдлан зүтгэнэ.

Хямдхан хүмүүс мөнгийг шүтэж, хүн чанарыг уландаа дэвслэн гишгэчдэг. Шунаж улайрахдаа юуг ч худалдаж арилжиж болно гэж үнэн сэтгэлээсээ итгэнэ. Шуналдаа хөтлөгдөхдөө хүн чанараа алдан байж улайрна.

Хайр гэдэг бол хямдхан хүмүүсийн хувьд зүгээр л зугаа. Хэн тааралдсандаа “дурлаж”, хэнтэй ч хамаагүй “хоног төөрүүлж”, тэр болгоныхоо тухай бусдад бах болгон ярина. “Хайртай” гэдэг үгсийг шүлс мэт тал тал тийшээ үсчүүлж, нэгэн шөнийг хамт өнгөрөөсөн тэр хүнийхээ тухай шоолон тохуурхаж “солиорно”.

Бусдын төлөөх чин сэтгэлийн зовинол хямдхан хүмүүсийн хувьд зүгээр л тэнэглэл. Өөрийгөө умартах мөртлөө өрөөл бусдын төлөө  сэтгэлээ чилээн  байж шаналах бусдын сэтгэлийг тэд ердөө ч ойлгохгүй.  Өрөөл бусдын зовлон шаналлын төлөө хоосон шогширч, өрөвдсөн дүр эсгэх нь тэдний хувьд “үүргээ биелүүлж”, “ёс гүйцэтгэж” байгаа үйлдэл.

Үнэнч бас шударга байна гэдэг хямдхан хүмүүсийн хувьд ердөө л солиорол. Амьдрал бол жүжиг гэдэгт үнэн голоосоо итгэдэг тэдний хувьд, өөрийнхөөрөө байх мөч гэж үгүй. Харамсалдаа дуслуулж байгаа нулимс нь хүртэл хув хуурай. Хайрлаж байгаа юм шиг үйлдийн цаана, хожоо хайсан тооцоо эргэлдэж байдаг.

Чанаргүй юм хямдхан, чанартай юм өндөр үнэлэгддэг энэ хорвоод хүмүүсийн үнэ цэнэ нь өөрийнх нь мөн чанараар хэмжигддэг аж. Хувь хүний мөн чанар нь алга болох дор хүн гэгч өөрийн үнэ цэнээ алдаж, хямдханаар үнэлэгдэнэ. Хямдхан хүнтэй  хамтдаа дарс уувч, итгэж сэтгэлээ нээдэггүй.

Хямдхан хүнтэй ярилцавч хүмүүс итгэж найддаггүй. Хямдхан хүнтэй учравч хэн ч сэтгэл зүрхнээсээ хайрладаггүй. Бас шунаж дурладаггүй. Амьдралын гайхамшигтай гэгээлэг аз жаргалыг хямдхан хүмүүс хэзээ ч мэдэрч чаддаггүй, харамсмаар. Хайр дурлалын бал шиг амтыг хямдхан хүмүүс хэзээ ч амталж чаддаггүй халагламаар.

Зовлонт хэцүү мөчүүдийг өөрөө туулан давж чадаад зорьсондоо хүрч баярлах бахадлыг хямдхан хүмүүс хэзээ ч ойлгож чаддаггүй, гомдмоор. Энэ ертөнцийг гийгүүлэх алтан нарны сацрагийг гэрэл гэгээ гэж, энэ ертөнцийн түмэн шувуудын жиргээг  уянгалаг айзам гэж, энэ ертөнцийн буман цэцэгсийг гоо үзэсгэлэн гэж хямдхан хүмүүс үнэлдэггүй, гутармаар.

Эрхэм хүн та л өөрийн үнэ цэнээ бий болгож чадахгүй бол, энэ ертөнцөд та ямар ч үнэ цэнэгүй байсаар дуусах болно. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг сэн.

Үнэ цэнэтэй хүмүүс

Үнэ цэнэтэй хүмүүс бусдад гомддоггүй. Учир нь тэд өөрсдийн амьдралд тохиолдсон олон асуудлуудын талаар шийдвэр гаргахдаа сайтар эргэцүүлж боддог. Гаргасан шийдвэр нь алдаатай байгаад муу үр дүн үзүүлэх аваас  бусдад тунирхаж гомдолгүй, өөрөө л үүрнэ. Гаргасан шийдвэр нь сайн үр дүнд хүрэх аваас өөрөө өөртөө баярлана, гэхдээ сайн найзуудтайгаа хуваалцдаг.

Үнэ цэнэтэй хүмүүс өөрийн амьдралдаа заавал зорилго тавьдаг. “Би тийм хугацаанд тийм хэрийн амжилтад хүрэх юм шүү” гэж өөртөө хэлнэ. Заримдаа залхмаар хэцүү байсан ч тэд шантардаггүй, учир нь тэд хүрэх өндөрлөгөө сэтгэлдээ багтааж байдаг.

Найзууд нь шоудаж, цэнгэж байхад тэрээр зорилгынхоо төлөө хатуу зогсож чаддаг. Хожим нь бусад хүмүүс зовж шантарч байхад, харин тэрээр хүрсэн амжилтынхаа хэрээр сэтгэл хангалуун амьдрах аж. Дуртай ажлаа хийж, түүнийхээ төлөө авч байгаа цалин хөлс нь амьдралд нь хүрэлцэж байхад, тэгтлээ шунахгүй. Тэд энэ амьдралд өөртөө хэрэгтэйгээ л авна, хүчирхэг учраас.

Хайр сэтгэл, түүн дээр тогтсон гэр бүлийн амьдрал үнэ цэнэтэй хүмүүсийн хувьд хамгийн эрхэм зүйл. Өглөө ажилдаа яарахдаа эхнэрээ хайрлан үнсэж, үдэш ажлаа тарахдаа гэр бүл рүүгээ л яарна. Учир нь чин сэтгэлээсээ хайрлаж, дурладаг хүмүүс нь түүнийг хүлээж байдаг.

Заримдаа сэтгэл алдам сайхан хүмүүстэй учрахдаа, тэдний сайхан сэтгэлийн илч гэрэлд баярлаж бахадна. Тэр болгондоо “Амьдрал гэдэг чинь ямар аугаа сайхан юм бэ?” хэмээн өөртөө болон гэр бүлдээ бахдан хэлдэг. Ажил хэргээс болж бусадтай муудалцах тохиолдолд , үнэ цэнэтэй хүмүүс дандаа л ууч сэтгэлээр хандана.

“За яахав дээ бухимдаа л биз” хэмээн өөрийгөө тайвшруулж, заримдаа бусдын тэнэг мулгуу араншинг  сэмхэндээ мушилзхийж тэвчин өнгөрөөдөг.  Хичнээн хэцүү байлаа ч үнэ цэнэтэй хүмүүс амьдралын зовлон шаналанг тэсч гардаг.

“Үхэлгүй амьд байж, өвдөж шаналахгүй эрүүл байж чадвал бусад нь  зовлон бишээ” гээж өөртөө ямагт учирлаж, мухардаж төөрөхөд нь хаагдсан олон хаалганаас, нээлттэй байгаа ганцхан хаалгыг хичээсээр байгаад л олж нээдэг. Тэр болгон нь өөрт нь боломж авчирч байгааг ухаарна. Бас бусдад нээж өгөхийг хүснэ.

Өөрөө амьдралын ачааг үүрч даах хэрээрээ, өрөөл бусдад жаахан ч атугуй тус болох гэдэг нь үнэ цэнэтэй хүмүүсийн араншин.  Тус болсны хариуд нь баярлаж талархсан бусдын царайг харахдаа, мөнгөөр хэмжишгүй аз жаргалыг тэд сэтгэлдээ мэдэрдэг. Өргөн уудам энэ хорвоод чухам хүн болж төрснийхээ үнэ цэнийг тэд л мэдрэх аж.

Хүмүүний аз жаргал нь өнгө мөнгөнд бус, илч гэрлээр сүлсэн сэтгэлийн дотоод мөн чанарт байдаг гэдгийг үнэ цэнэтэй хүмүүс дэндүү сайн мэднэ. Сэтгэлийн амар амгалан гэдэг л энэ ертөнцийн зовлон жаргалын дэнсийг тэнцүүлж байдаг гэдгийг тэд ухаарсан.

Тэр хэрээрээ худлаа хэлж чадахгүй, хулгай луйвар хийж түвдэхгүй, хуурч мэхэлж олз олж чадахгүй. Заяа төөргөө даган энэ орчлонд ирж үдлээд буцахдаа,  өөрийн үр удмаа үлдээж, өөрөө бусдын сэтгэлд нар мэт мандан, сар мэт шингэх тавилангаа тэд мэддэг.

Нуурын мандалд эрхэмсгээр хөвөх хос хун шувууд хайрандаа үнэнч, гоо үзэсгэлэндээ бардам байдаг шиг үнэ цэнэтэй хүмүүс өөрсдийн үнэ цэнээ мэдэж эрхэмсэг оршино. Бардам онгироо, сагсуу тавьтиргүй зангүй ийм л хүмүүс энэ ертөнцөд нарны илч гэрлийг, бүргэдийн бардам дэвэлтийг, хөрсөндөө бат суусан хүчирхэг моддыг төлөөлдөг юм. Хүн өөрөө өөртөө үнэ цэнтэй байх гэдэг эрхэм зүйл ажээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


URL:

Сэтгэгдэл бичих