Мөнгө үржүүлэх арга буюу Хувьцаа

dollars 2Эдийн засаг хямрахын хэрээр хүмүүс хөрөнгө босгох арга замыг эрэлхийлж эхэлсэн. Харин уул уурхайгаас олсон мөнгө урвадаг хэмээн зарим хүн хэлж байна. “Урвадаг мөнгөнд найдах хэрэггүй, уг гарвалаа үржүүл” гэж бизнес эрхлэгч Б.Төмөрчулуун нэгэнтээ хэлсэн байдаг. Мөнгийг хэрхэн үржүүлэх, яаж хөрөнгөтэй болох вэ гэдэг тун энгийн гэдгийг гадна, дотны эдийн засагчид хэлдэг. Тодруулбал, хөрөнгийн зах зээлийг зөв хөгжүүлэх нь урсгал гол урсахтай адил мөнгө өөрөө урсаад ирэх аж.

100 ТӨГРӨГ 100 ДАХИН ҮРЖЖЭЭ

Гэтэл бидний хувьцааны талаарх ойлголт тун нимгэн. Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Отгонболд “Цэнхэр, ягаан тасалбар гээд ярьж л байдаг. Түүнийг ашиглаж үзээгүй” гэв. Мөн тэрхүү тасалбараар хөрөнгөжсөн нэг нь байхад, хэд гурван төгрөгөөр зарсан нь ч бас бий. Тухайн үед монголчуудыг өмчтэй болгохоор ийм шийдвэр Засгийн газраас гаргасан. 1990-ээд оны үед өмчлөх объектоо тоолж, үнэлгээ гаргасан. Тухайлбал, Улаанбаатар зочид буудал 33 сая төгрөгийн үнэтэй хэмээн тогтоосон байдаг. Ийнхүү тус байгууллагын нэг ширхэг хувьцааг 100 төгрөг байхаар бодон 335 мянган ширхэг хувьцаа болгон хуваасан байна. Энэ сарын 23-ны байдлаар тус компанийн хувьцаа 100 мянган төгрөгөөр арилжаалагджээ.

Тухайн үеийн Засгийн газарбуюу Төрийн өмчийн хороо 7000 төгрөгийн эрхийн бичгийг өмч, хөрөнгө болго хэмээн хүмүүст өгсөн. Энэ нь нэг удаа хэрэглэх мөнгө байсан хэмээн судлаачид хэлдэг. Хүмүүс мал, орон сууц, хувьцаат компанийн хувьцаа авч байсан. Гэвч дийлэнх нь хэдхэн төгрөгөөр зараад хүнс болон хэрэглээндээ хэрэглэсэн байдаг. Ийнхүү бага чулуугаар их чулууг цохиж унагах төлөвлөгөөний зорилго бүтэлгүйтсэн гэхэд хилсдэхгүй. Хувьцаагаар мөнгө босгох арга замыг зааж өгөлгүйгээр дээрх ажлыг эхлүүлсэн нь том алдаа болсон гэдгийг судлаачид хэлж байна.

ТҮҮХ ДАВТАГДАХ ВИЙ

 

Өмнө нь цэнхэр ягаан тасалбар авсан нэг нь хожиж, зарсан нэг нь ажралгүй өнгөрсөн 20 жилийн түүхийг алдарт “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа давтав.

Хүмүүс мэдээлэлгүйн гайгаар маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэж үзэв. Гэвч хувьцаа ч үгүй, мөнгө ч үгүй хоцорсон нэг сая гаруй иргэн байна. Тэдгээр хүмүүсийн эх орны хишиг хүртэх эрх “салхинд хийсчих вий” хэмээн хүмүүс болгоомжилж байна. Хувьцаагаар мөнгөн бороо оруулж болох тухай мэдээлэл огт байхгүйгээс хүмүүс төөрөлдсөн хэвээр байна. Тэгэхээр 2012 оны нэг сая төгрөг өнөөгийн үнэ цэнээр хэд болж болохыг тооцоолох нь чухал. Тухайн үед ам.долларын албан ханш 1343.1 байж. Харин арилжааны банкууд 1339 төгрөгөөр авч 1354-аар зарж байжээ. Өдгөө энэ ханш 1855-1871 болон өсчээ. Тухайн үеийн нэг сая төгрөг 739 ам.доллар болно. Харин одоо 535 болж 27 хувиар суларчээ. Ийнхүү валютын ханш сулрахын хэрээр юмны үнэ өсч байгааг хүмүүс халагласаар байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БУЮУ “МӨНГӨН БОРОО”

Хүмүүс хуримтлалгүйдээ эдийн засгийн хямралд дарлуулж суугаа хэмээн хуримтлалтай монголын төлөө хэмээн лоозогносон нь саяхан. Харин хөрөнгийн зах зээл энэхүү лоозонгийн оновчтой гаргалгаа гэдгийг төрийн өндөрлөгүүд хэлсэнгүй.

Хувьцааг хэрэглэх хоёр арга бий. Энэ хөрөнгө оруулалтын эрхий бичиг үнэгүй  хэмээн ойлгодгоос хувьцааны оронд нэг сая төгрөгөө авна гэсэн хүн олон. Хөрөнгө өсдөг харин хэрэглээ цаг хугацааны адагт үгүй болдог. Тухайн үеийн нэг сая төгрөг 30 хувийн инфляцид идэгдээд өдгөө үнэгүйдсэн гэдгийг эдийн засагчид хэлэв. Тиймээс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэн мөнгөөр орох оруулах цаг айсуй хэмээн найдаж суух л үлдэх шив.


URL:

Сэтгэгдэл бичих