Улс төрд угсаа залгамжилж байгаа жононгууд

МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар


Монгол банкны дээд ерөнхийлөгчийн суудалд заларч, улс төрөөс бага зэрэг хөндийрөөд байгаа Э. Батшугарын сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил хэнээс ч дутахгүй. 1987 онд төрсөн энэ залуу дөнгөж 25 настай. АНУ- ын массачусест мужийн Бентли их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Их сургууль төгсснийхөө дараа гадаадын банкинд ажиллаж байсан гэсэн мэдээлэл бий ч чухам хаана ажиллаж байсан гэдэг нь тун бүрхэг. Тэрбээр Швейцарь-Монголын худалдааны танхим хэмээх байгууллагыг 2010 онд Луганод байгуулж ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан гэнэ. Ремиф компанийн захирлаар ажиллаж хөрөнгө мөнгөний асуудалд нэр холбогдож байсан Э. Батшугар дараагийн 2016 оны сонгуульд нэр дэвшихээс эртнээс бэлдэж байгаа сурагтай.

УИХ-ыг гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэг


Овтой зальтайгаараа алдартай Батж.Батбаярын хүү Батбилэг 1980 онд төрсөн. Нью Йорк хотын их сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн гэнэ. Туул кашемир ХК-ийн гүйцэтгэх захирал Кашемир Концепт ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж, аавынхаа ноолуурын бизнесийг хариуцаж байсан. Б.Батбилэг сүүлийн үед огцом улс төржиж, төрийн албанд зүтгэх болсон. 2011 онд Эрдэнэс МГЛ ХХК-д ахлах эдийн засагчаар ажиллаж байсан. Энэ залууг АН ялсны дараа аав нь Эрдэнэс Тавантолгой ХК-д газрын дарга болон дэвшүүлсэн билээ.

Л.Энэбиш агсны хүү Мөнх-Очир


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир анх УИХ-ын дарга байсан Л.Энэбишийн хүү гэдгээрээ танигдан улс төрд орж ирсэн. 2008 онд Булган аймагт илүү давуу ялалт байгуулж байсан. Аав нь ч бас 2004 онд энэ тойргоос УИХ-ын гишүүн цаашлаад УИХ-ын дарга болж байлаа. Харин өнгөрсөн сонгуулиар Э.Мөнх-Очир МАН-ийн листэнд 15-д бичигдэж, аль ч үгүй хоосон үлдчихээд байгаа. Угийн омголон зантай, байнга л зодоон цохионы хэрэгт нэр холбогдчихсон явдаг. Э.Мөнх-Очир нэг хэсэг МАН-ын удирдлагын гартаа оруулах, намдаа шинэчлэл хийхээр шийдэн тун ч бухимдуу явсан ч сүүлийн үед сураг алдаад байгаа.

МУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгчийн хүү Э.Оргил


Элбэгдоржийн Оргил 1986 онд төрсөн бар жилтэй. Мөн л гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Вержиниагийн их сургуулийн докторантурт суралцаж төгсчээ. Бусдыгаа бодуул хэтэрхий нууцлаг далд амьдралтай Э.Оргилыг Ерөнхийлөгч маань бусад аавуудын адил битүүхэн улс төрд сойж байгаа гэлцэх юм билээ. Сүүлийн үед Ерөнхийлөгч хаана ч явсан хүүгээ салгахаа байсан гэнэ. Гадаад айлчлал бүр дээр хамт дагалдан явж албан уулзалт, амралт зугаалга гээд Ерөнхийлөгч хаана явна хүү тэнд л тууж явдаг болсон гэх. Мэдээж улс төрч эцэгтэй бол улс төрөөс хаа зугтав гэж. Удам залгаж улс төрч болж буйн жишээ Монголоор дүүрэн л байна. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Э.Элбэг, Э.Оргил хэмээх хоёр хүүгээ АНУ-д чамлахааргүй өндөр зардлаар сургасан. Тиймээс хүүхдүүдээ эртнээс улс төрд бэлтгэж байгаа тухай олон хүн ам уралдан ярьж байна.

УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин


Банкны мэргэжилтэн газрын дарга, Эрдэнэ Булган ХХК Гүйцэтгэх захирал, Алтай голд ХХК Гүйцэтгэх захирал, Хөх тэнгэр ХХК ТУЗ-ийн гишүүн дарга зэрэг албан тушаал байсныг бодоход нилээд хөрөнгөлөг залуу бололтой. Тэрбээр дэд сайдын суудалд хүртэл санаархаж байсан. Гэвч түүнийг Хөдөлмөрийн яамны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан нэртэй асар их мөнгөтэй, бас зээл олгож , бага хүүн дээр тоглодог том багууллагын даргаар АН-ынхан чимээгүйхэн товлосон удаатай.

Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг


Шинэ хүн гаргахдаа гаргуун Орхончууд Эрдэнэт үйлдвэрийг олон жил амжилттай удирдсан алдарт Ш. Отгонбилэгийг хүү О.Содбилэгт итгэл хүлээлгэснээр аав, ээж, хүү гурав УИХ-д ээлж дараалан сонгогдсон. Ардчилсан хүчин Засгийн эрхийг барьсан 1997 оны орчимд тухайн үеийн төрийн өмчийн хорооны хэлтсийн залуухан дарга Д.Одхүү Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийн өрөөг эвдэн орж дуулиан дэгдээж байсныг олон түмэн мартаагүй байгаа. Ш.Отгонбилэгээс ажлыг нь булаан авч Зууны шилдэг луйварчин хэмээн нэрлэж байх суух аргагүй болгож байсан удаатай. Харин хүү нь Д.Одхүүтэй Эрдэнэтийн тойрогт өрсөлдөж ялалт байгуулан энэ удаагийн парламентад орж ирсэн билээ. Тэрбээр Орхон аймагт нэр дэвшиж, 38 сонгуулийн хэсгийн хорооноос гучин наймууланд нь нэгээр гарч иржээ. Ш. Отгонбилэг 2001 оны нэгдүгээр сарын 14-нд Увс, Завхан аймагт зудын байдалтай танилцах олон улсын багийнхантай хамт томилолтоор яваад нисдэг тэрэгний ослоор насан эцэслэсэн. Түүний дараа гэргий Д. Туяа нь нөхөн сонгуульд өрсөлдөн УИХ-ын гишүүн болж, Эрүүл мэндийн сайд болтлоо дэвшсэн юм. Тэгвэл одоо эцэг, эхийнхээ шийрийг хатааж хүү О.Содбилэг улс төрд хэр хол явахыг харах л үлдлээ.

Монгол банкны Ерөнхийлөгч асан Д.Пүрэвдоржийн хүү Хангал


МАН-ын данснаас нэрээ хасуулж, МАХН-д элсээд байгаа П.Хангал хэмээх залуу бий. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Монгол банкны Ерөнхийлөгч аавынхаа нөлөөгөөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, МАН-ын бага хурлын гишүүнээр томилогдож явсан нэгэн. Манай намд ор, МАН-аас гарчих. Ажил төрөл асуудалгүй гэж ярьдаг болсон Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар П.Хангалын улс төрийн цаашдын замыг заах болоод байгаа юм.

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр  


ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн том хүү Н.Анхбаяр 1979 онд Увс аймагт төрсөн.  Хонь жилтэй Н. Анхбаяр 2004-2006 онд Шинэ Зеландын Виктория их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Дунд сургуульд байхдаа аавыгаа дагаж нутгаасаа гарсан Н.Анхбаяр хүү аавийнхаа туслахаар ажиллаж улс төрд хөл тавьсан гэдэг. Өөрөөр хэлбэл аав нь түүнийг хөтөлж хөлд оруулсан шигээ улстөрд хөтөлж оруулсан юм билээ. Харин Н.Анхбаярын эхнэр нь УИХ-ын гишүүн агсан Ц.Дамирангийн туслах байсан аж . Ордон дотроос эхнэртэй болж, улмаар бусдын хэл амнаас төвөгшөөсөн хүү удалгүй ааваасаа салсан. Гэвч мөн л аавынхаа нөлөөгөөр УИХ дахь МАН-ын бүлэгт референт, ГХЯ-нд атташе хийж байгаад 2010 оны 12 дугаар сараас ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт дээд захирлаар ажилласан түүхтэй. АНУ-ын Санфранциско хот дахь консулаар томилогдсон энэ залуу МАН-ын нэрийн өмнөөс улс төрд хүчин зүтгэхээр аль эрт бэлтгэгдэж байгаа нэгэн билээ.

 

Б.Мөсөн


URL:

Сэтгэгдэл бичих