“Хуульч news” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

12-2-16_700x700

Хуульч, шүүгч Ө.Уянгын зургаар нүүрээ гоёсон “Хуульч news” сэтгүүлийн цоо шинэхэн дугаар хэвлэгдэн уншигч таны гар дээр очлоо.

Монголын оюун санааны ноён оргилын нэг ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнг энэ дугаартаа урьж сэтгүүлч Ц.Галбадрах хөөрөлджээ. Б.Лхагвасүрэн найрагч хуульчдыг тэнгэрийн томилгоотой хүмүүс гэж онцлоод хуульч хүний бахархал, мөн чанар юу болох тухай амттай сайхан яриа өрнүүлсэн байна.

Мөн академич Содовсүрэнгийн Нарангэрэлийн “Ёс суртахууны гэсгээл” өгүүлэл уншигчдын сонирхлыг татах нь гарцаагүй. Их Чингис хааны эцэг өвгөдөөсөө уламжилсан ёс суртахуунд монголчууд болоод Ази, Европын олон улс түмний ард иргэд хэрхэн татагдсан тухай маш сонирхолтойгоор энд өгүүлжээ.

Доктор, профессор Жавхлангийн Бямбаа ажил, мэргэжил нэгт хэн гэж нөхрийнхөө тухай дурсамжийн алтан утас хөвөрдсөнийг “Хуульч ньюс” сэтгүүлийн шинэ дугаараас та унших боломжтой.

Гавьяат хуульч Готовын Оюунцэцэг бага насныхаа нандин түүхийг хүүрнэж, “Партизаны охин” хэмээн болгар хүүхдүүдийг хэрхэн алмайруулж байснаа өгүүлснээс гадна Монгол Улсын аварга Д.Сумьяабазарын анх бөхийн секцэнд орохдоо бөглөж байсан сонирхолтой анкет, Монголчууд хэрхэн өв үлдээж байсан тухай 1600-гаад оны түүхэн баримт түшиглэж бичсэн өгүүлэл, дэлхийн шилдэг хуулийн 25 киноны танилцуулга энэ дугаарт багтсан байна.

Бүхэлдээ “Хуульч гэж хэн бэ” гэсэн асуултад хариулт өгөх зорилгыг агуулсан “Хуульч news” сэтгүүлийн 2015 оны захиалга эхэлснийг энэ дашрамд дуулгая. Хоёр сар тутамд хэвлэгдэх тус сэтгүүлийн нэг дугаарын захиалгын үнэ найман мянга, хагас жилээр 24 мянган төгрөг бөгөөд “Монгол шуудан”-гийн бүх салбараар захиалж болох юм байна.

Хуульч болгоны ширээний сэтгүүл “Хуульч news”-ээ та бүхэн захиалаарай.


URL:

Сэтгэгдэл бичих