Т.Ганболд хэнд төлбөр хийсэн бэ гэдэг л илүү сонин

Т.ГанболдХууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримт цахим ертөнцөд төдийгүй олны дунд сонирхолтой ярианы сэдэв болон хөвөрч байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт твийтер хуудсандаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх-авлигын хэмжээ… ” хэмээн бичээд сая саяар нь ам.доллар шилжүүлсэн банкны баримтны зургийг оруулсан юм. Ингэхдээ тэр их хэмжээний мөнгө хэний данснаас гарсныг биш харин хэнд очсоныг нууцалсан. Нэгэнт хэний мөнгө байсныг буюу хэн шилжүүлсэн бэ гэдгийг нуугаагүй учир үзэж харсан хүмүүс NRI гэж хэний компани болохыг ядаж цөхөх юмгүй олоод мэдчихжээ. Өөрөөр хэлбэл, NRI гэдэг нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирал байсан, одоо “Алтан дорнод Монгол” компанийн захирал, хүмүүсийн дунд “хамар” хэмээгддэг Тордайн Ганболдынх гэдгийг.  Түүний байгуулсан “Корпорайт” нэртэй тансаг зочид буудлуудынх нь үйл ажиллагааг хариуцдаг NRI компаниас 2011 оны есдүгээр сарын 21-нд ам.долларыг сая саяар нь шилжүүлсэн уг баримтыг Т.Ганболд захирлыг авлигатай холбогдож, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр цагдан хоригдож байсан хугацаатай холбож болно хэмээн учир мэдэх улс ярьж байна. Бүр тодорхой хэлбэл, түүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, “аав”-ынд  чамгүй хугацаанд суугаад гарснаасаа 14 хоногийн дотор энэ их хэмжээний мөнгийг хувь заяаг нь атгаж суусан хуулийн байгууллагын нэг тэргүүний төрсөн дүүгийнх нь нэр дээр байдаг данс руу хийсэн хэмээн барин тавин батлах нэгэн ч таарсан. Мөн энэ шилжүүлгийг хийсний дараа NRI компаниа Б.Алтантуяа гэж хүний нэр дээр шилжүүлснийг улсын бүртгэлийн газраас лавлагаа авахгүйгээр мэдэж болно гэсэн.

Түүнээс гадна Х.Тэмүүжин гишүүний жиргээний доор дагагчдынх нь бичсэн комментуудаас авлига авдаг том дарга хэн бэ гэдгийг мэдчихэж болмоор ч юм шиг. Нэг жиргээч “Хууль зүйн сайдад дийлддэггүй хуулийн байгууллага гэвэл прокурор л биз дээ” гэсэн бол өөр нэг нь Монголын биш @elbegdorj-ийн прокурор гуай одоо ХЗ сайд болчих гээд сууж байгаа” хэмээн мөнгө шилжсэн байж болох зам зүгийг заачихсан байна билээ.

Өнгөрсөн хэдэн жилд баялаг бүтээгчидтэй тулж ажилласан Авлигатай тэмцэх газраас ч эзнийг нь хайж болох юм. Авлига авсан өгсөн гэж эхлээд тэр нь батлагдахгүй болохоор татварын өр төлбөр гэсэн зүйл заалт нэмж оруулаад олон сараар хорьж цагдан, дараа нь бизнесийг нь булааж байж хэргийг эцэслэдэг практик Монголд бий болоод байгаа гэдэг яриа хөөрөөг ч энэ баримтаар дамжуулан шалгаад авах хэрэгтэй юм.

Тиймээс ямар нэг хэрэгт холбогдоход түүнийг нь хэрэг биш болгож чадах эрх мэдэл хуулийн аль байгууллагад илүүтэй байдаг вэ гэдгээс эхлээд л учиг зангилаа хөвөрч болмоор.

Гэхдээ Х.Тэмүүжин яагаад энэ баримтыг гаргав, түүнд хэн өгөв, үүнийг хэний эсрэг ашиглах гэж байгаа вэ гэдэг нь  “хамар” Ганболд юуны төлөө төлбөр хийсэн бэ гэдгээс ч илүү сонирхолтой байж мэдэх юм. Учир нь ийм баримт Хууль зүйн сайд байлаа ч амархан олдох эд биш. Тэр дундаа хуулийн том албан тушаалтны нэр холбогдсон нөхцөлд. Банк ч баргийн сайдад, бас эзнээс нь өөр хэн нэгэнд үүнийг гаргаж өгөөд гайхуулж сонирхуулах боломж олгохгүй нь ойлгомжтой юм. Өөр бас нэг анзаарахгүй өнгөрөөх аргагүй зүйл нь уг баримтыг нотариатаар баталгаажуулаад авсан нь зүгээр ч нэг төлбөр хийгээд өнгөрсөн биш. Хэрэгтэй цагт гаргаж ирэхэд баталгаатай баримт байх ёстой гэдэг үүднээс хан дсан ч байж мэднэ гэхчилэн хөөвөл утасны үзүүр хаана ч хүрч мэдэх юм билээ. Тиймээс эрхэм Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжингээс энэ баримтыг дэлгэснийхээ эш мухрыг заавал олж, нягталж шалгадаг газарт  нь өгч үр дүнг нь хараарай гэсэн захиасыг жиргээчид нь ч, ард түмэн ч өгч буй биз ээ.

Эх сурвалж: “Улаанбаатарын сонин”


URL:

Нэр: Anonymous Огноо: 31 December 2014

Temuujind itgedeg, demjih bno.

Сэтгэгдэл бичих