Д.Нинж: Улсын дээд шүүх МАН-ыг бүртгэхдээ 500 мянган ам.доллар авсан

“Ард түмний хянан шалгах хороо”-ноос өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Гол зорилго нь улс үндэстнээ аварч, тусгаар тогтнолоо хамгаалах хувьсгал хийх цаг ирснийг олон нийтэд уриалан дуудахад оршиж байгаа аж. Хуралд тус хорооны тэргүүн, ардчиллын анхны хараацайнуудын нэг гэгддэг Д.Нинж болон удирдах зөвлөлийн гишүүд нь хүрэлцэн ирсэн байв. Тэд өнөөдөр манай улсын тусгаар тогтнол мөхөхөд хүрч байна.

Монголын төрийн түшээд авлига, хээл хахуульд идэгдэж дууслаа. Нэрээ солиод хэдхэн хоногийн өмнө байгуулагдаад буй МАН ч хууль бусаар бий болсон. Бүр тодруулбал, тус намыг Улсын дээд шүүх бүртгэж авахдаа 500 мянган ам.долларын хахууль авсан баримт байна хэмээж байлаа. Бид түүний энэхүү мэдэгдэлд ямар нэгэн дүгнэлт болон, хөндлөнгийн санаа бодол оруулахыг хүссэнгүй. Өөрийнх нь үгээр хүргэж байна.

-МАН-ыг УДШ-д бүртгүүлэхдээ хахууль өгсөн гэлээ. Энэ талаар та тодорхой ярихгүй юу?
-Тийм ээ. МАН-ынхан 500 мянган ам.долларын хахууль өгч байж дээд шүүхэд бүртгүүлсэн тухай баримт бидэнд ирсэн. Ер нь МАХН-ын 26 дугаар их хурлын бүх үйл явц хууль бус болсон. Намын их хурал хуралдахаас өмнө л намын нэрийг солих, шүүхэд бүртгүүлэх ажлыг шийдчихсэн байсан юм билээ. Энд намын ерөнхий нарийн бичгийн дарга болон Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч Д.Зоригт тэргүүтэй хүмүүс намын их хурал хуралдахаас хоёр долоо хоногийн өмнө “PUMA” зочид буудалд уулзаж, ард түмнээс үл харгалзан намын асуудлыг шийдчихсэн байсан.

Бүр тодруулбал, 2010 оны 11 дүгээр сарын 12-ны 15 цагт МАН-ыг шүүхэд бүртгэн авах тохиролцоог хийчихсэн байна шүү дээ. Мөн “Зүүний хүчний холбоо” бүлэглэл нь намын 26 дугаар их хуралд ирсэн зарим төлөөлөгчдийг дарамталсан үйлдэл хүртэл хийсэн байгаа юм. Угаасаа хахууль өгч луйвардан гарч ирсэн энэ МАН бол Монголын ард түмэнтэй хамаатай нам биш юм. Харин гадаадын улсад үйлчлэх зорилгоор байгуулагдсан хамгийн арчаагүй нам.

-Та УДШ-д 500 мянган ам.долларын хахууль өгсөн гэдгийг яаж нотлох вэ. Аливаа юм баримт нотолгоотой байх ёстой шүү дээ?
-Байлгүй яахав. Байгаа болоод би ингэж ярьж байна. “РUМА” зочид буудалд уулзаж, тохиролцоо хийсэн гэдгийг баттай эх сурвалж хэлж байгаа. Удахгүй бүх баримтыг “Хулхи Монгол” нэртэй сонинд гаргах болно. Харин одоо бол цаг нь биш. МАН-ыг тэргүүлж байгаа хүмүүс болон өөр бусад төрийн түшээдийн хууль бус үйлдлийн талаар их юм ярьж болно.

-Жишээлбэл?
-Ойрын жишээг хэлье л дээ. “Оюутолгой”-н гэрээг байгуулахад ноён Фрийдланд 2,9 тэрбум ам.долларын хахуулийг төрийн түшээдэд өгсөн байдаг. Энэхүү 2,9 тэрбум төгрөгийн 1,9-ийг нь С.Баяр, С.Батболд, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс хувааж авсан байдаг. Цаана нь үлдсэн нэг тэрбумыг “Алтан дорнод”-ын Паушок тэргүүтэй хүмүүс авсан байдаг. Энэ мэдээллийг “Айвенхоу Майнз”-д ажиллаж байгаа шударга иргэд бидэнд ирүүлсэн юм. Энэ хүмүүс дээрх мөнгийг хахуулиар аваад зогсоогүй Канадад буй биржийн хувьцаанаас С.Баяр долоон хувь, Д.Зоригт таван хувь гэх мэтчилэнгээр эзэмшиж байх жишээтэй. Энэ хоёр бол харийн оронд хамаг Монголоо худалдахад бэлэн хүмүүс гэдэг нь энэ бүхнээс бэлхнээ харагдаж байгаа байх л даа.

Ийм хүмүүс Монголын төрийн түшээ хийж байгаа цагт улс орны тусгаар тогтнол оршин тогтноход хүнд шүү дээ. Монгол орны тусгаар тогтнолд гадны улс гэхээсээ илүү дотор байгаа төрийн түшээд илүү их хор учруулж байна. Тиймээс “Ард түмний хянан шалгах хороо”-ноос эдгээр хүмүүстэй тууштай тэмцэж эхлэхээр ажлаа аль хэдийн эхлүүлсэн байгаа.

-Ямар ажил хийж эхэлж байгаа юм?
-Бид Монголын ард түмний түр хурлыг зохион байгуулах, улмаар онц шүүхийг бий болгох ажлын эхлэлийг хийж эхэлсэн. Бидний энэ ажлыг дэмжиж Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс захидал ирүүлж байгаа. Мөн одоогоор УИХ-ын 15 гишүүд дэмжихээ илэрхийлээд байгаа. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Б.Батбаяр, Р.Раш, М.Энхболд зэрэг гишүүд дэмжихээ илэрхийлсэн.

-Ард түмний түр хурал хийнэ гэж байна. Энэ чинь ямар ач холбогдолтой хурал юм?
-Түр хурал гэдэг бол улс орныг цаашид ямар замаар явахыг шийдэх тийм ач холбогдолтой хурал юм. Түүхээс сөхөн харвал Монгол оронд өрнөсөн хувьсгалын үе шат бүхний өмнө ард түмний түр хурал хуралдсан байдаг юм байна. Бид хувьсгалыг хийхийн төлөө унтах нойроо хагаслан ажлаа хийгээд эхэлсэн. Гэвч сайны хажуугаар саар гэж бидэнд маш их саадыг учруулж байна.

-Хэн, ямар саад учруулж байгаа гэж?
-Бидний байрлаж, ажлаа явуулж байгаа “Таванбогд групп”-ын байрыг хурдан суллаж өгөхийг шаардах болсон. Энэ нь бидний хийж байгаа ажлыг сулруулах гэсэн нэгэн оролдлого гэж үзэж байна.

-Нэг нийгмийн байгууллаас, нөгөө нийгмийн байгуулалд шилжихийг нийгмийн хувьсгал гэж үздэг. Та бүхэн хувьсгал хийнэ гээд байна. Яг ямар нийгмийн байгуулалд шилжих зорилготой байгаа юм. Энэ талаар?
-Бид удахгүй дахин мэдээлэл хийнэ. Дараа, дараагийнхаа хурлаар энэ тухай тодорхой ярих болно.

С.Баяр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих