З.Энхболдын тушаал

zaluu_549ccea4abaf7_1

Ийн хэлэх нь УИХ-ын дарга З.Энхболдыг дорд үзэж, Ч.Даваабаярыг хэт өндөрт өргөсөн явдал болох байх. Гэхдээ л нийгэмд байгаа энэ мэт бодит үзэгдлийг яах ч арга алга. Үнэний ор байгаад л хамаг учир бий. Яагаад гэхээр МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг энэ сарын 2-ны өдөр ажлаас нь чөлөөлж, өнөөдөр дараагийн даргыг томилох процесс явагдах гэж байна. Ямар ч засгийн үед тал алдалгүй энэ айлыг удирдаж явсан М.Наранбаатар гэгч эрхмийг юуны учир ажлаас нь чөлөөлөх болов гэдэг нь өөрөө сонирхол татаж таарна. Ерөнхийдөө өнгөрөгч 2014 онд үймээн шуугианы толгойд явсан энэ их айлыг хэн нэгэн сонирхож байсан учраас л гал асаад байсан хэрэг байжээ. Тэгэхээр үүний ар талд захиалагч байна гэсэн үг. Тодруулбал, зохион байгуулалт байна гэж үзэхэд хүрнэ.

Энэхүү үймээн шуугианыг төрөл бүрийн сувгаар цацсан хүн нь бол МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаяр. Яагаав дээ, “Ноён” пицца хийдэг гэхээр хүмүүс андахгүй мэднэ дээ. Магадгүй тэгэхээр үүний захиалагч нь Ч.Даваабаяр байхыг үгүйсгэх арга алга. Тэрээр өнгөрөгч онд МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байгаад халагдсан. Халагдсан өдрөөсөө эхлээд МҮОНРТ хэмээх их айлыг муучилж, үүний дагуу М.Наранбаатарыг төрөл бүрээр буланд шахах гэж оролдсон. Хүчинтэй хүчингүй баримтууд дэлгэж байгаагаас нь харвал түүнд ямар нэгэн эрх ашгийн сонирхол байсан гэж харж болохоор.

Тиймээс хуучин оны сүүл мушгиж М.Наранбаатар УИХ-ын чуулганы хуралдаанаар ч оров. Идсэн уусан гээд бүхий л зүйлээ дэлгүүлэв. ОНРТ-ийн Удирдах зөвлөл тэр чигтээ М.Наранбаатарын эсрэг босов. Энэ бүгдээс харвал З.Энхболд хоолоо бэлдээд ир. Би тушаал гаргая гэсэн байж ч болох талтай. Ингээд бараг нэгэн жилийн турш бүх сувгаар М.Наранбаатар руу довтолсон довтолгооны эзэн нь зөвхөн ганц хүн. Тэр нь Ч.Даваабаяр байсан мэт. Бүр тодруулбал, Ч.Даваабаяр нь З.Энхболдын хүн. Ч.Даваабаярын улстөрд түшиж тулах ганц тулгуур нь З.Энхболд. Их бага зүйлд ч хэтэвч нэг явдаг ах дүүс гэдгийг ойр хүрээний хүмүүс нь ярьдаг. Тэгэхээр Ч.Даваабаяр МҮОНРТ-ийн захирал хэмээх албан тушаалыг яагаад УИХ-ын дарга ахдаа захиалж болохгүй гэж. Яагаад УИХ-ын дарга ах нь багагүй хөрөнгөтэй бизнесмэн дүүгийнхээ захиалгыг биелүүлж болохгүй гэж.

Бүх цаг үед байсан процесс л өнөөдөр явагдах гэж байна. Гайхах хэрэг алга. Төрийн шагналт Д.Сосорбурам М.Наранбаатарыг шоронгоор айлгаад авч. Болж байна. Ихэс дээдсийн халдвар амархан тархаж байгааг ард түмний хайртай жүжигчин харуулаад авав. Уг нь Д.Сосорбурам гавьяат ийн хоёрын хооронд юманд хутгалдах хэрэггүй л байсан юм. Одоо яая гэхэв. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг дээ. Энэ л бүлэглэлээс хоол идэж амьдарсан хэн ч ийн хэлэх ёстой.

Гэтэл Удирдах зөвлөлийнх нь дарга генерал Л.Пүрэвдорж ч гишүүдээ уриалаад М.Наранбаатар руу сүрхий дайрав. Ингээд л М.Наранбаатарыг дор нь чөлөөлчихөв. Яахав ээ, олон төрийн нүүрэнд энэ албанд тогтож чадсан М.Наранбаатарын хувьд одоо болно доо. Хамгийн сонирхолтой нь дараагийн дарга хэн болох вэ гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татаж таарна. Бидэнд байгаа өнөөдрийн мэдээлэл бол АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь генсекийн суудлаасаа татгалзаж, идээшиж дассан МҮОНРТ-ийн даргаар очих гэнэ. Үүнээс гадна зургаан хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөх сураг ч байна.

Тэгэхээр Ц.Оюундарийг зүгээр л хавчуурганд явуулж байж болох юм. Түүнээс тэр “алдыг нь аваад дэлэм дээр нь” гэгчээр эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас тийм ч амар буухыг хүсэхгүй л баймаар юм. Харин хүчтэй өрсөлдөгчийн дүрд тоглохоор шийдсэн байхыг бас үгүйсгэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга, АН-ынхаа даргын жүжигт оролцох нэгэн дүр нь тэр байсан ч юм билүү хэн мэдлээ.

Арай намынх нь шинэхэн дарга түүнийг шахаагүй л баймаар. Энэ бол хоёр талтай зүйл. Ц.Оюундарийг суудлаас нь шахсан мэдээлэл ч цацагдаж л байсан. Гэхдээ энэ нь удахгүй тодрох учраас нуршаад яахав. Намын шинэхэн даргадаа шахагдсан Ц.Оюундарь хоосон хоцрохгүйн тулд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байвал яахав гэдэг ч асуудал гарч таарна. Тэр чинь З.Энхболдтой биш Н.Алтанхуягтай энэ намыг удирдаж явсан хүн шүү дээ гээд олон зүйлийг бодож болох. Хамгийн гол нь Ч.Даваабаярын захиалгаар УИХ-ын дарга ийм тушаал гаргахад хүрсэн байвал Ц.Оюундарь яах вэ гээд олон зүйл хэнд ч бодогдож таарна.

Юутай ч Ч.Даваабаяр айсуй 2016 оны сонгуульд АН-аас Өвөрхангай аймагт нэрээ дэвшүүлэх нэг мандатын эзэн бол яах аргагүй мөн. Тэгэхээр энэ хэл ам дагуулсан хүчтэй өрсөлдөгчтэй тойрогт өрсөлдөнө гэдэг Ч.Даваабаярын хувьд туйлын хүнд. Бараг боломжгүй гээд хэчихэд ч хэтийдсэн хэрэг болохгүй. Тиймээс л мань хүн МҮОНРТ-ийг базаж, үүгээрээ овгоо хийн нэр нүүрээ өсгөх гэсэн улайрал байхаас хаа зайлахав. Энэ бол түүнд олдож байгаа хамгийн том боломж. Үүнийг алдвал Ч.Даваабаяр сонгуульд өрсөлдөөд ч нэмэргүй. Тиймийн учир нэгэнт мандат гардах дүүдээ замыг нь засах УИХ-ын дарга ахынх нь тушаал биелэлээ олох магадлал өндөр байна даа.

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих