Оюутны 70 мянгыг Ерөнхийлөгч санаачилсан, БАЙХГҮЙ БОЛГОХ ХҮН НЬ ТЭР ӨӨРӨӨ

ebОюутны 70 мянган төгрөгийн автор нь одоогийн төрийн тэргүүн Ц.Элбэгдорж. Ерөнхийлөгчийн сонгуульд эзэндээ хөзрийн тамга болж цөөнгүй санал авчирсан энэ тэтгэлгийг зогсоох цаг нь болжээ. Бүх оюутанд хавтгайруулан олгодгоос их, дээд сургуулиуд соёлтой хадгаламж зээлийн хоршоо болоод байгааг УИХ-ын гишүүд ч ам уралдан ярих боллоо. Тэд энэ үгээрээ  нэг зүйлийг тодорхой болгож өгөв. Энэ нь оюутан бүрт өгдөг 70 мянга бол Ц.Элбэгдоржийн сонгуупийн популист амлалт байжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал. Манай улстөрчид сонгогчдодоо таалагдаж төрд сонгогдохын тулд янз бүрийн зүйл амладаг, популизм хийдэг. Тэр нь эргээд улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж муу үр дагаварт хүргэдэг. Ийм байдал Монголыг муухай харагдуулж, хөгжлийг хойш татаж байгааг Ерөнхий сайд ч хүлээн зөвшөөрч популизм хийхгүй байхыг онцолсон билээ.

Оюутны 70 мянга бол анхнаасаа популист амлалт байсан. Эдийн засагт хар сүүдрээ тусгасан, одоо ч туссаар байгаа билээ. Шууд тусгал нь их, дээд сургуульд элсэхийг уриалан дуудсанд байв. “Манай боловсролын тогтолцоо буруу яваад байна, “дипломтой худалдагч” нарын тоо нэмэгдэж нийгэмд баялаг бүтээдэг мэргэжилтэн ховордлоо. Ажил хийх хүн олдохоо болилоо. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд залуучуудыг сургая” гэсэн ажил хэрэгч яриа байнга сонсогддог.

Үнэндээ одоо дээд боловсролтой “цагаан гартнуудад” ажил олдохоо болиод байгаа юм. Жилд тэдэнд зориулсан 17 мянган ажлын байр бий болдог бол үүнээс хоёр дахин их буюу 34 мянга орчим оюутан төгсдөг. 2013 оны судалгаагаар их, дээд сургууль төгсөгчдийн 50 хувь нь ажилтай болдгийн ердөө 15 хувьд нь мэргэжлээрээ ажиллах боломж олддог юм байна. Гэтэл өнөөдөр дархан, мужаан, сантехникч, засварчин, хүнд механизмын жолооч эрэлт, захиалга ихтэйгээс олдохгүй, ажил олгогчид ийм мэргэжилтнүүдийн эрэлд гарчээ.

Бодит байдал ийм байхад тэрэнд нь тээг болж оюутан бүрт тэтгэлэг өгөхөөр дипломтой болохыг хүсэгчдийн урсгал зогсохгүй нь тодорхой. Улам нэмэгдэнэ. Бас манай их, дээд сургуулийн төлбөр хувийн цэцэрлэгээс ч хямд байдаг нь ийшээ орох хүсэлтэй хүмүүст боломж олгоод байгаа юм. Одоо дээд сургуулийн төлбөр жилд дунджаар хоёр сая гаруй төгрөг байгаа бол цэцэрлэгийн төлбөр дөрвөн сая орчим. Ийм урвуу хамааралтай, ялгаатай байхад дээд боловсрол үнэ цэнээ алдахаас аргагүй.

Ер нь арван жилийн сургууль төгссөн бүх хүүхэд дээд сургуульд элсдэг улс Монголоос өөр хаана ч байхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 70-80 хувь нь эхлээд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагддаг. Үүний дараа л дээд сургуульд суралцах эсэхээ шийддэг. Төгсөгчдийн 50-55 хувь нь л их сургуульд элсдэг аж. Нөгөө талаар манай дээд сургуулиудын удирдлага оюутнуудынхаа сурлагын чанар, төгсөөд ажлын байртай болоход анхаардаггүй. Үр дүн нь Монголоор дүүрэн ажилгүй, бас мэргэжлээрээ ажилладаггүй дээд боловсролтонгууд. Боловсрол бол сонгуулийн худал амлалтад хавчуулагдаж үнэ цэнээ алдах ёсгүй чухал зүйл. Нэгэнт ийм жишиг буруу гэдэг нь тодорхой болчихоод байхад цаг алдалгүй засах л хэрэгтэй. Харамсалтай нь, үүнд оюутны 70 мянга хаалт болчихоод байна. Эцэг эхчүүдийг үүнд буруутгах аргагүй. Хэн ч төрөөс тэтгэлэг олгож байхад хүүхдээ дээд боловсролтой болгохыг хүснэ. Жилд төлбөрийнхөө бараг талыг улсаас бэлэг. болгоод авчихаж байхад дээд сургууль руу чиглэх зам ачаалалтай байхаас аргагүй. Үр дүнд нь чанар муутай олон сургууль байгуулагдаж чанаргүй “бүтээгдэхүүн” төгсгөж байна. Тэр хэрээр алх хадаас нийлүүлдэг бүтээлч ажилтнуудын тоо цөөрсөөр, гараа хөдөлгөхөөс залхуурдаг хүмүүсийн тоо олширсоор.

70 мянга гэдэг бага мөнгө биш. Оюутан бүрт өгөхөөр бүр ч их мөнгө болдог. Сүүлийн гурван жилд 300 гаруй тэрбумыг тэтгэлэг нэрээр тараажээ. Энэ бол маш их мөнгө. Монгол хүн бүр хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс тавантолгой” хятадуудад 130 сая долларын өртэй. Төгрөгөөр тооцвол 250 тэрбум орчим. Тэгвэл бид “Эрдэнэс тавантолгой”-гоо хөл дээр нь босгоод авах хэмжээний мөнгийг нэг хүний сонгуулийн амлалтыг биелүүлэх гэж хэдэн оюутанд зүгээр л тараачихаж. Цаашдаа ч тараахаар төсөвтөө бичээд сууж байна. Хэн ч ийм оновчгүй бодлогыг зөв гэхгүй.

Халамж гэдэг уг нь бүгдэд тараадаг Богдын боорцог биш. Хэрэгтэй хүндээ л очих ёстой төрийн хишиг. Засгийн эрхэнд гарахын тулд мөнгийг сая.саяар нь амлаж халамжийг бүх хүнд хүчээр хамааралтай болгосон АН, МАН-ын оновчгүй, нэгнээ давж гарах гэсэн бодлогоос болж Монгол Улс маань ангалын ирмэгт ирлээ. Үнэндээ нийгмийн халамж нэртэй боловч нийгмийн баялгыг хоослох бодлого л сүүлийн жилүүдэд биднийг тойрон эргэлдэж байгаа билээ. Ирээдүйд улсаа тэжээх  бүтээн байгуулалтуудаасаа урьдчилж зээл аваад эх орны хишиг гэж бэлэн мөнгө тарааснаас бид өрнөөс өндийхгүй байна.

Халамж нэртэй колоничлох “хорны” амтанд орж залхуу сул дорой амьдралын зорилгогүй, өөртөө итгэлгүй болсон хэдэн хүн байгааг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч тийм хүмүүсийн тоо цөөрөөгүй байх. Энэ байдал ингээд үргэлжлээд байвал монголчууд удахгүй төвдүүдээс ялгарахгүй сул дорой болохыг гадаадын нэр хүндтэй эдийн засагчид, шинжээчид сануулсаар байгаа.

Үүнээс зайлсхийх гарц бол нийтийг хамруулсан халамжуудыг зогсоох. Бүгдээрээ мэдэж байгаад алдаа гаргасан, харин одоо алдаагаа засах үе. Төр засгийн эрх барьж байсан, барьж байгаа улстөрчид үүнийг дэндүү сайн ойлгож байгаа ч еөрсдийн “оновчтой бүтээлд” хүлэгдчихээд яаж ч чаддаггүй. Ялангуяа Ерөнхийлөгчийн хаягтай оюутны 70 мянгыг байхгүй болгох хууль санаачлаад УИХ-аар хэлэлцүүлэх нэг ч гишүүн гарахгуй байх. Шалтгаанньэнгийн. Зарим гишүүн совесть ярина.

Магадгүй зарим нь Ерөнхийлөгчөөс айна. Бид бүгдэд нэг том дутагдал байдаг. Хэн нэгэнтэй муудалцахаас эмээж тэр хүний үйлдэл буруу байсан ч нүдээ аниад өнгөрдөг. Тиймдээ ч энэ асуудалд гишүүдийн олонхи нь хөдлөхгүй байгаа. Дуугүй л сууж байна. Тэр тусмаа АН-ынхан Ерөнхийлөгчийнхөө санаачилгыг баллуурдах зориг хүрэхгүй.

Өнөөгийн нөхцөлд хавтгайруулсан халамжийг халах эхлэлийг тавих хамгийн боломжтой хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Нэг талаар төрийн алдааг засах нь түүний үүрэг, нөгөө талаар оюутны 70 мянгыг Ерөнхийлөгч санаачилсан, байхгүй болгож чадах хүн нь тэр өөрөө. Оюутны 70 мянга миний, бидний алдаа байсан, одоо зогсоох цаг нь болжээ гээд хууль санаачилаад УИХ-д оруулахад юу нь болохгүй гэж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гадаад орнуудад ихээхэн нэр хүндтэй гэж олон хүн магтдаг. Энэ нь ч үнэн. Манай Ерөнхийлөгчийн уулзаж байгаа хүмүүсийг харахад л сүрдмээр. Путин, Си Зиньпин, Обама, Бан Ги Мун. Үнэхээр бахдамаар. Заримдаа Монгол Улс маань түүнд багаддаг болов уу гэж гэдэг олны өмнө уран цэцэн үг хэлдгээр хэмжигдэхгүй.

Харин алдаагаа хүлээн зөвшөөрч, засч чадсанаар бусдыг араасаа дагуулдаг хүнийг л лидер гэдэг. Ийм лидер байх боломж манай төрийн тэргүүнд бий. Гагцхүү оюутны 70 мянгыг өөрөө санаачилж байхгүй болголоо гэхэд нийгэм намайг яаж хүлээж авах бол гэсэн болгоомжлол, хувийн амбицаа дарж чадвал Монголд хар сүүдэр болж байгаа хавтгайрсан халамжийг зогсоох замын эхлэлийг тавьж чадна. Монголчууд бол ухаантай ард түмэн. Алдаагаа ойлгосон хэнийгч цааш нь түлхдэггүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олуулаа болъё гэж ярьдаг. Тэгвэл таны гаргах санаачилгын ачаар эрүүл.зөв сэтгэлгээтэй монголчууд бүр олон болно. Алдаагаа засдаг төрийн түшээдтэй юм байна гэсэн ойлголт төрж төрдөө итгэх байдал ч сэргэнэ. Улстөрчид ч ичсэндээ дахиж олныг хамарсан халамж ярихгүй. Бүх хүнд наадаг халамж гэдэг үг ч мартагдана. Халамж хүртэх ёстой хүндээ л очдог болно. Эцсийн дүнд Монгол Улс, монголчууд хожно.

 

Н.ЭНХБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: Зочин Огноо: 3 February 2015

Баярллаа. Сайхан нийтлэл байна. Ямар ажил байсан гололгүй хийдэг зан чанарыг суулгах хэрэгтэй. Түүнд хамгийн том тээглүүр болдог халамж, архидалт хоёрыг ч ёстой нэг газрын гаваар хиймээр байгаам даа. Болдоггүй юм аа гэхэд Архины онцгой албан татварыг 50-70%-д хүргэх хэрэгтэй. Халамжийг бүр мөсөн хааж хүн хөдөлмөрлөхгүй л бол өлсөж үхдэг юм байна гэдэг сургамжийг үзүүлэх хэрэгтэй болсон. Илүү олон зүйл байна даа, энэ тэр авлигадаа ч бас биш шүү.

Сэтгэгдэл бичих