С.Энхбурам: Нурууны өвчнийг мэсгүйгээр анагааж болно

Иргэдийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд насанд хүрэгчдийн тэн хагас нь нуруугаар өвдөх  зовиураар шаналж байдаг  нь тогтоогджээ. Харин тэдний  ердөө  15 хувь нь эмчид үзүүлдэг аж.  Тиймээс  энэ удаа бид  уншигчдаас ирсэн нурууны өвчлөлийн талаарх асуултад  “Номиун” яс, үе мөчний төрөлжсөн эмнэлгийн захирал,  тэргүүлэх зэргийн эмч С.Энхбурамаас дараах хариултыг авсан юм.

150312-2tt

-Нурууны өвчлөл хэдээс хэдэн насныханд элбэг тохиолддог вэ. Мөн ихэнх нь ямар шалтгаантай байдаг юм бол?

  БГД-ийн иргэн М.Долгор.

-ДЭМБ-ын  судалгаагаар хүн амын 80 хувь нь ямар нэгэн багана нурууны зовиур илэрдэг. Үүнээс  15-20 хувь  нь эмнэлгийн тусламж авсан байдаг. Харин багана нурууны өвчин ид хөдөлмөрийн чадвартай 35-50 насны хүмүүст ихэвчлэн тохиолддог.

Нуруу өвдөх шалтгаан олон янз байдаг.Үндсэн шалтгаан нь удамшлын нөлөө, бодисын солилцооны өөрчлөлт, халдвар, хордлого, илүүдэл жин, зөв биш хооллолт, насны онцлог, нурууны гэмтэл, муруйлт, бөхтийлт, даарах зэрэг шалтгаантай.

 

-Нуруу өвддөг болоод удаж байна. Ялангуяа, өглөө сэрэхэд бүсэлхий орчмоор нуруу  хүчтэй өвдөж, эргэж болохгүй юм.  Энэ юутай холбоотой вэ?

СХД-ийн иргэн Р.Буджав

-Нурууны өвчний үед байнга тохиолддог зовиур нь нуруу байнга хөших, янгинах, бадайрах, зарим үед маш хүчтэй өвдөлт хатгалт өгөх, булчин чангарах, хөдөлгөөн хязгаарлагдах, ачаалал өгөх үед өвдөлт ихсэх зэрэг шинж илэрдэг.  Эдгээр  шинж тэмдэг хүзүү, сээр, бүсэлхийн хаана эмгэг байна, түүнээс шалтгаалан зовиур шаналгаа ньөөр байдаг. Тиймээс та мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Хүнд юм өргөх, мушгирсан ачаалал үзүүлэхээс зайлсхийх нь чухал.

Хамгийн түгээмэл тохиолддог өвчин нь нурууны жийргэвч мөгөөрсний хатуурал, шохойжилт буюу остеохондроз өвчин. Энэ өвчин нь нурууны өвчлөлийн 80 хувийг  эзэлдэг.

 

-Би 62 настай. Нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг /остеохондроз/ гэсэн оноштой. Одоо зүүн хөл рүү дамжиж өвддөг болсон.  Яавал дээр вэ?

-Настай хүмүүст нурууны нугалам яс хавчигдаж, шахагдсан хугарал ажиглагддаг боловч, тухайн үед ямар нэгэн зовиур илрэлгүй, хэзээ гэмтэж хугарсанаа тэр бүр мэдэхгүй байх нь элбэг байдаг. Харин суугаа ажилтай хөдөлгөөний хомсдолтой хүмүүст хүзүү,бүсэлхий нурууны шохойжилт олонтой ажиглагддаг бол хүнд ажилтай  болон биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст бүсэлхий нугалмын эмгэг их тохиолдож байна. Нурууны өвчлөлийн 50 хувийг бүсэлхий нуруу, 25 хувийг  хүзүү, үлдсэн 25 хувийг нь хавсарсан хэлбэрийн өвчлөл эзэлдэг. Сээрний өвчлөл хамгийн бага тохиолддог. Иймд та  ууц нуруундаа онцгой анхаарал тавих хэрэгтэй. Мөн мэргэжлийн эмчид хандаж, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай.

 

-Нурууны өвчний үед ямар шинжилгээ өгдөг юм бэ?

Чингэлтэй дүүрэг. Ү.Сайхантуяа

-Нурууны өвчний оношлогоог орчин үед техник, технологи өндөр хөгжсөн учир бүрэн төгс оношлодог болсон. Үүнд цусны ерөнхий шинжилгээ, үений иммуно­ло­гийн шинжилгээ, стан­дарт рентген зураг, компью­тер томограф, МRI буюу соронзон резонанс томограф, ясны изотопын шинжилгээ, денситометрийн шин­жил­гээгээр бүрэн онош­логоо хийх боломжтой.

 

-Сүүлийн үед хүмүүс энэ төрлийн өвчнийг мэс заслын аргаар анагаадаг болсон гэх юм. Дасгал хөдөлгөөн, уламжлалт эмчилгээний аргаар эмчилж болдог уу?

СБД-ийн иргэн М.Рэнцэнханд

 

-Эмчилгээний ерөнхий зарчим нь хурц өвдөлт, үрэвслийг намжаах, бодисын солилцоо, цусан хангамж, тэжээлийг сайжруулах, захын хялгасан судасны цусны эргэлт, захын мэдрэлийн судлын мэдрэлжилтийг сэргээх, сайжруулах зэрэг үндсэн эмчилгээг хийдэг. Үүний дараа яс бэхжүүлэх, мөгөөрсний эсийг нөхөн сэргээх, төлжүүлэх, бэхжүүлэх, шингэний зохицолдолгоог хэвийн байдалд оруулдаг. Мөн шохойжилтыг шимэгдүүлж, ясны ургалтыг зогсоодог бэлдмэлүүд хэрэглэнэ. Дээрх эмчилгээг хийхийн зэрэгцээ нуруунд ардын уламжлалт эмчилгээг физик эмчилгээтэй хослуулан сэргээн засах эмчилгээ хийвэл үр дүн сайн байдаг. Өөрөөр хэлбэл, нурууны өвчнийг мэсгүйгээр анагааж болдог гэсэн үг. Харин халуун болон дулааны эмчилгээг анхаарал болгоомжтой хийх хэрэгтэй. Нурууны өвчинг яс,үений мэргэжлийн эмчийн хяналтад эмчлүүлбэл үр дүн өндөр байдаг.

Манай эмнэлгийн хувьд ясны ургалт, яс, үе мөч, нурууны бүх төрлийн өвчнүүдэд сүүлийн үеийн сонгомол европ эмчилгээг уламжлалт засалтай хослуулан хийж, эмийн эмчилгээ хийгээд үр дүн өгөхгүй өвчин хүндэрсэн  тохиолдолд мэс заслын эмчилгээ хийж эмчилдэг.

эх сурвалж:Зууны мэдээ.мн

 

 


URL:

Сэтгэгдэл бичих