Гэрээт борлуулагчид гэмтэлтэй автомашиныг татаж байна уу

- “Тоёота” компани 2001-2003 онд үйлдвэрлэсэн “PRIUS” загварын 52 мянган автомашинаа татна -

“Форд” компани энэ сараас Хойд Америкт түлхүү худалдаалагддаг 1997-2004 онд үйлдвэрлэсэн “F-150″, “F-250″ болон 2002, 2003 онд үйлдвэрлэсэн “Линкольн блэквүүд” загварын 1.1 сая автомашинаа татахаар болсноо зарласан юм. Учир нь эдгээр автомашины шатахуун зарцуулалт их төдийгүй хөдөлгүүр, зогсоох эд анги нь гэмтэлтэй аж.

Тус компанийн төлөөлөгч “Ассошэйтед пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хэрэглэгчид гомдол гаргаснаар бид 1997-2004 онд үйлдвэрлэсэн “F-150″, “F-250″ загварын автомашинаа дахин шалгахад хөдөлгүүрт гэмтэл илэрсэн. Өөрөөр хэлбэл, автомашин хүнд ачааг удаан хугацаанд чирэх, олон цагаар хөдөлгүүр ажиллахад дэлбэрэх аюултай болох нь тогтоогдсон. Үүний улмаас автомашин дэлбэрснээр нэг хүн түлэгдсэн” гэжээ.

“Форд” компани эдгээр автомашинаа АНУ дахь үйлдвэр рүүгээ татаж, хэрэглэгчдийг гомдолгүй болгох ажилдаа орсон байна. Монгол Улсад тус компанийн албан ёсны гэрээт борлуулагчаар “Вагнер Ази” компани ажилладаг. Тус компанийн Үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн н.Болдоос тодруулахад “Бид энэ талаар мэдэхгүй байна. Манай шугамаар орж ирсэн бол мэдэгдэх ёстой. Бид өөрсдийнхөө борлуулсан автомашиныг эргүүлэн татах ёстой. Манай улсад “F-150″ бараг худалдаалагдаагүй. Харин “F-250″ загварын автомашин хэд хэд бий. Сүүлийн үед эдгээр автомашиныг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд худалдаж авч байна. Урьд нь том, түлш их иддэг гээд хэрэглэдэггүй байсан” гэв.

“ТОЁОТА” КОМПАНИ “HIGHLANDER HYDRID”, “RX-400H”, “PRIUS” АВТОМАШИН ГЭМТЭЛТЭЙ

Тэгвэл ”Тоёота” компани энэ оны зургаадугаар сард 2006, 2007 онд үйлдвэрлэгдсэн “Highlander hydrid” загварын 45 мянга, “Lexus”, “RX 400h” загварын 36700 автомашинаа татахаар болжээ. Учир нь эдгээр автомашины хүчний хуваарилалт, жолоодлого доголдолтой аж.

Мөн ”Тоёота”-гийн АНУ дахь үйлдвэр өнгөрөгч зургаадугаар сарын нэгэнд 2001-2003 онд үйлдвэрлэсэн “Prius” загварын 52 мянган автомашинаа татахаар болсон байна. Цахилгаан нэмэлт хөдөлгүүртэй уг автомашины удирдах компьютер зарим тохиолдолд өгөгдлөө дамжуулахгүй байгаа гэнэ. Иймээс ”Тоёота” компани хэрэглэгчдийн гомдолд үндэслэн 2001-2003 онд үйлдвэрлэгдэж, дэлхий дахинд борлуулагдсан 106 мянган “Prius” автомашинаа эргүүлэн татахаар төлөвлөжээ.

Түүнчлэн, өнгөрсөн онд тус компани 2003-2005 онд үйлдвэрлэгдсэн “Kluger” болон 2005 онд үйлдвэрлэгддэг “Lexus” “RX 330″, “IS 250″, “GS 300″ загварын 17580 автомашинаа Австралиас татахаар болсон юм. Учир нь эдгээр автомашины зогсоох эд ангид зарим тохиолдолд муу ажилладаг хэмээн хэрэглэгчид гомдол мэдүүлжээ. Австрали дахь гэрээт борлуулагчийн ярьснаар автомашины
тоормосны доголдлын улмаас 77 хүн бэртэж байсан аж.

Харин ”Тоёота”-гийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 2000 оноос хойш “Бодь автомотив” компани ажиллаж байна. Тус компанийн автомашин худалдааны мэргэжилтнээс тодруулахад “Эдгээр автомашинуудыг татаж байгаа нь манай стандартынх биш. Америк стандартын автомашинууд. Манай компанид албан ёсны мэдээ ирсний дараа автомашинуудыг татаж болно. Харин хувь хүн ямар гэмтэлтэй автомашин оруулж ирснийг бид мэдэхгүй. Манай компани үйлдвэрээс гарсан гэмтлийг бүрэн хариуцна” гэв.

“НИССАН” КОМПАНИ “PATHFINDER” “INFINITI QX4 SUV” ЗАГВАРАА ТАТНА

“Ниссан” компанийн удирдлагууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр 1994-2004 онд үйлдвэрлэгдсэн “Pathfinder”, 1997-20031 онд үйлдвэрлэгдсэн “Infiniti QX4 SUV” загварын 196 мянган автомашинаа татахаар болжээ. Учир нь эдгээр автомашин аюултайд тооцогдож байгаа төдийгүй Хойд Америкийн хүйтэн цаг уурт тохирохгүй болох нь тогтоогдсон байна. Тухайлбал, автомашины халаалтын системд доголдол үүсдэг, хөдөлгүүр хэт халдаг аж.

Тэгвэл “Ниссан” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Моннис” компанийн худалдааны менежер н.Гантөмөр “Эдгээр автомашиныг татаж байгаа талаар бидэнд мэдээлэл ирээгүй. Энэ талаарх мэдээлэл гадаадын сайтад гарсан бол тухайн улсад нь хамаатай гэж бодож байна. Сайтад гарсан мэдээллээс болоод бүх улсад худалдаалагдсан автомашиныг татах боломжгүй. Гэмтэл гарсан тухай бидэнд мэдээлэх ёстой. Гэмтэлтэй гэж яригдаж байгаа бол тухайн улсад л хамаатай. Таны авсан мэдээлэлд Монголд гээд заачихаагүй байх. Ямартай ч манай байгууллагад ийм мэдээлэл ирээгүй” гэв.

Монголд худалдаалагдаж байгаа автомашинуудыг гэрээт борлуулагчдаас худалдаж авсан бол тухайн байгууллага гэмтлийг засварлаж өгөх үүрэг хүлээдэг. Дэлхий даяар худалдаалагдсан дээрх автомашиныг гэмтэлтэй гээд тухайн үйлдвэр нь татаж байна. Гэтэл Монголд урьд өмнө гэмтэлтэй автомашин орж ирээгүй, энэ төрлийн гомдол гарч байгаагүй, автомашинаа татаж байсан тохиолдол байхгүй гэж эдгээр диллер компаниуд үзэж байна. Тэгэхээр ийм гэмтэл бүхий автомашинууд хувь хүмүүсээр дамжин манай зах зээлд нийлүүлэгдсэнийг бид мэдэх аргагүй болж байгаа юм.

Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих