Сөүлд ажил олдохгүй байна шүү. “Гурван сарынхаан”

Дорж эхнэрийн хамт гадаад нисэх боллоо. Далайтай улсад очиж гурван сар жуулчлах юм. Хаашаа байх вэ. Солонгостоо. Өмнөд Солонгос улсад. Ханиад яахав мах иддэг бидэн шиг улсад халдахгүй биз… Очоод уу, яахав гэж үү… ах дүү танил байнаа байна. Тэдэн дээрээ очно. Очоод шууд хийчих ажил олоод байж бай гээд захичихсан. Бүгд бэлэн гэсээн…

810rsf6n70r6u3pl1ft8uda2c

Нэг иймэрхүү маягаар бид гэнэт их мөнгө төгрөгтэй болох гээд Солонгос улсыг зорих нь их.Гэхдээ байдал хүссэнээр бус байдаг гэдгийг хэн ч тоохгүй, тооцоолохгүй байгаа нь харамсалтай. Мөнгө олохоор БНСУ-ыг зорьж 3 сар ажиллаад ирье гэж бодож шийдэх гэж буй хүмүүсийг дахин сайн бодоосой хэмээн доорхийг буулгалаа. Та бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

Солонгос дахь Монголчуудын нэгэн фасе хуудаснаа “…Гурван сарынханд дугаараа өгсөн хүмүүс утсаа аваад ярьж бай л даа. Өчигдөр тосно гэсэн хүн нь утсаа авахгүй. Хаачихаа мэдэхгүй таг хэлгүй гэр бүлийн хоёрыг Инчон дээрээс авчирлаа ш дээ. Тэгсэн Түндэмүн дээр ирээд бас хаачихаа мэдэхгүй. Нэг байртай ажил олоод өгөөч гэнээ. Би чинь өөрөө ажилгүй цохиж яваа хүн тэгээд аргаа олдоо гээд орхилоо ш дээ. …ийм утас дугаар авч өгөөд үлдээсэн шүү. Сансарт гэр нь байдаг … гэсэн нэртэй гэр бүлийн хоёр байна лээ шүү. Авах хүн нь олж аваарай. Тэгээд тэр утсыг минь буцааж өгөөрэй…” гэж бичжээ.

 

Түндэмүн дээр нэг хүүхэн ярих нь “Танайд хэд байна. Манайд одоо дөрөв болчихоод байна”.

Найз хүүхэн нь “Манайх гайгүй ээ. Нөхрийн дүү бас нэг дүүтэйгээ ирсэн”.

 

Хажууд нь нэг хижээл хүүхэн дөхөж ирж утсаар чангаар ярьж байна. “…Ёбусэ юу?… өө чи юу. Нөгөө Солонгос ажуумааг гэж бодлоо ш дээ. Нөгөө хүмүүсийг чинь ажилд оруулчихсан шүү тийн…”

Энэ яриаг сонсож суусан хоёр хүүхний нэг нь өнөөх авгайд дөхөн очиж “уучлаарай эгчээ, та ажил олж өгдөг юм уу” гэхэд өнөөх авгай уриалгахан “Өө тийн. Энэ гурван сарынхныг ажилтай болгох гэж ёстой үйлээ үзэж байна. Та нар хэдүүлээ ирсэн юм бэ”

Хүүхэн -Би бишээ манайд хоёр хүн ирсэн байгаа. Ажил хайгаад л байгаа.

Авгай -Өө хөөрхий. Ажилгүй удвал тэгээд баларна даа. 100-ын хаалттай ш дээ. Хаана байгаан дуудаад ир. Одоо яриадхья.

Хүүхэн -Яг хаана ямар ажилд орох юм?

Авгай -Ямар олон үгтэй юм бэ. Ногоон дээр очно. Байрлаад амар ш дээ. 100 мянгатай нь одоо аваад ир. Хоёр хүн гуйхад авах байх, оруулаад өгье…

Монгол хоолны газар хоёр залуу ярьж байна.

 

-Чи хэд хоног ажиллав. 4 хоног талбайд мөлхөөд, ёстой аймаар хүнд юм аа. Хамаг бие түлэгдээд ирсэн. Тэгсэн дөрөв хоногийн мөнгө өгөхгүй гэж байна.

-Дөрөв хоногийн мөнгө нь хэдэн төгрөг болох уу?

-Өдрийн 60 гэхээр чинь 240 мянган вонн байхгүй юу. Нөгөө хаалт өгч зуучлуулсан хүндээ хэлсэн чинь ажил хийж чадахгүй хаяж ирчихээд яаж мөнгө авахын гээд байх юм. Чи яасан?

-Өө би нэг үйлдвэрт очоод. Ёстой алуурын ажилд явчихаж. Өглөө долоон цагаас орой 21 цаг хүртэл нэг шугаман дээр зогсоно. Нэг секунд зогсвол өнөө дүүпүү нь уначихна. Нэг дүүпүү унагаавал нэг өдрийн цалин хасдаг. Ёстой барахгүй юм байна. Биеийн хүчний ажил бол хамаа алга. Юу  ч хамаагүй хийе гэж бодоод байна. …Мөнгө ч байхгүй боллоо. Энэ шигданы эгчээс зээлээр хэдэн хуушуур идэж байна.

-Хоёулаа адилхан л баларч яваа юм байна. Сэтгэлээ засаад нэг юм уучих уу. Чи зээлчих…

Метроны гарц дээр хоёр залуу зогсч таарлаа. “Ахаа эндээс хөдөө явдаг автобусны зогсоол хол уу” гэж байна.

“Хаачих нь вэ” гэвэл. “Хөдөө ажилд явж байна. Эндээс хөдөөний автобусанд суугаад … газар буугаарай гэсэн. Тэндээс эзэн тосч аваад ажил дээр аваачина гэсэн” гэх юм.

 

-Тэр эзнийхээ утсыг мэдэх үү?

-Мэдэхгүй ш дээ .

-Тэгээд яаж олох юм. Хаалтны мөнгөө өгчихсөн үү?

-Тийн.

-Хэн суулгаж өгсөн юм?

-Нэг эгч.

-Саравчтай малгайтай цагаан подволктой авгай байна уу?

-Тийн. Та бас таньдаг юм уу…

Өнөөх Түндэмүн төвийн гадаа мөн л хоёр Монгол залуу ярьж байна.

-Өдөрт 60-аар бодоход сард сая 800 мянган вонн. Гурван сард 5 сая гаран вон хийнэ гээд ирсэн ажил олдохгүй байна ш дээ. Хөөе энд мах ямар үнэтэй вэ.

-12000-15000 вонн байхаа.

-Аймаар үнэтэй юм аа тэ? Хуушуур нэг нь 1500 вонн гэж байна уу.

-Тийн. Мах авах нь уу?

-Байгаа айлдаа зөндөө удчихлаа. Ядаж ганц кг мах авч очьё доо.

Нэг залуу ярьж байна. Бид нар тавуулаа ирсэн. Нэг айлд шпротлоод байж байна. Ажил олдохоор ээлжилж гарч байгаа ш дээ ккк. Нэг нь долоо хоногт нэг л гарч байна. Би өчигдөр нэг нураалтад гарч таарсан. Өнөөдөр харин нөгөөдөх маань гарсан чинь азтай Иисаа таарчихлаа ш дээ. Хийж мэдэхгүй баахан “шиба”-гаараа дуудуулсан гэсэн ккк.

Ирээд завсаргүй найман жил болсон гэх хүүхэн бухимдуу утсаар ярьж байна.

…Ажил хийнэ гэж ирсэн юм уу, амрах гэж ирсэн юм уу. Өөр ажил алга. Солонгост чинь бороо орохгүй ган болоод ногоо цагааны үнэ өсөөд, ханиад гараад үйлдвэр газрууд нь хүнээ цомхотгоод бид нар ч өөрсдөө ажил олж чадахгүй байхад… Хэлгүй хүнийг чинь яаж өндөр цалинтай ажилд оруулах юм. Олдсоныг нь хийхээс өөр яах юм. Хэцүү бол буц гэж хэлсэн ш дээ…

 

Миний утсанд хотоос дуудлага ирлээ.

-… Байна уу. Яасан эгч?

-Нөгөө хоёр хүүгээ чам руу явууллаа шүү. Ажил олоод өгөөрэй. 20 гарсан залуучуудад хийх ажил байгаа л байлгүй.

-Хөөе байж бай. Явуулаад дэмийдээ, энд ажил олдохгүй …хэцүү…би чинь явуулын хүн ш дээ.

-Өчигдөр нисчихсэн шүү дээ. Авч явсан хүн нь сая чиний байгаа газарт хүргээд өгчихлөө гэж байна. Тэндээ байдаггүй, тэнээд явдаг юм уу чи чинь…

Би яаран нөгөө “хаалттай” ажил зуучилдаг авгайг олохоор Түндэмүн чиглэлээ…

…Үргэлжлэл байхгүй. Сөүлд ажил олдохгүй байна шүү. “Гурван сарынхаан”

 

П.Баяр/Сөүл хот 2015.07.04/


URL:

Сэтгэгдэл бичих