МАН-ын сайдууд сайн ажилласан гэв

ad9f8659ccf277ec5224713541be518b_LУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар БХБ-ын сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү нарыг огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хороогоор БХБ-ын сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой хэмээн төсөл санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, АН-ын бүлгийн дарга МАН-аас томилогдсон 6 сайд муу ажилласан гэж ярьдаг. Манай намын сайдууд муу ажилласан бол тэднийг удирдаж байгаа Ерөнхий сайд бүр муу байна гэсэн үг. Энэ Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл юм биш үү хэмээн асуув. Уг асуултад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Засгийн газар шийдвэр гаргахдаа УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарын үгийг үндэслээгүй. Засгийн газар МАН-ын зургаан сайдыг сайн ажилласан гэж дүгнэж байгаа гэв.

Мөн УИХ-ын гишүүн А.Тлейхан, АН-ын бүлэг болон Гүйцэтгэх зөвлөл хамтран ажиллах гэрээг хангалтгүй гэж үзсэн тул МАН-ын 6 сайдыг огцруулах үндэслэл болсон байна. Гэрээ гэдэг бол хоёр талын эрх ашигт нийцсэн байх ётой. Гэрээлэгч талууд хамтарч суугаад үр дүнг нь дүгнэдэг. Гэтэл АН дангаараа гэрээний хэрэгжилтийг дүгнэж, шийдвэр гаргах нь хэр зохимжтой вэ. Анх гэрээ байгуулахад ажилласан хоёр намын ажлын хэсэг хамтран хуралдаад, дүгнэлт гаргаж болоогүй юм уу гэв.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын өргөн барьсан тогтоолын төслийг Үндсэн хууль, Засгийн газрын хуулийн заалтыг үндэслэн оруулж ирсэн. Цаашдаа сонгууль бүрийн төгсгөлд аль нэг нам олонх болох магадлал улам бүр цөөрөх хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, Эвслийн Засгийн газар байгуулах нөхцөл байдал үүснэ. Тиймээс зөв жишиг тогтоох нь зүйтэй хэмээн хариуллаа.

Ийнхүү БХБ-ын сайд, Зам, тээврийн сайдыг огцруулах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал


URL:

Сэтгэгдэл бичих