Өвгөн лорд сирийн дүрвэгсдийг Монголд илгээнэ л гэнэ

Их Британийн Лордын танхимын лорд, Хөдөлмөрийн намын гишүүн, эдийн засагч, өдгөө 76 нас сүүдэр зооглож яваа нэгэн Монголын тухай үг дуугараад авсан нь даяаршсан ертөнцөд хэдийнэ хөл тавиад удаж байгаа монголчуудын сонорт хэдийнэ хүрчээ.

Лорд Менад Десай хэмээх тэр өвгөн энэ цаг үед Европын холбооны улсуудын шүдний өвчин болоод байгаа Ойрхи Дорнодын дүрвэгсдийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ ах настай амандаа сахалтайгаа гайхуулж нэгэн мэргэн санаа хэлсэн юмсанж.

Тэр юу вэ гэвэл Европоор нэг үерийн ус мэт хаман орж ирсэн дүрвэгсдийг Төв Ази руу, тухайлбал Монгол, Туркменстан, Тажикстан зэрэг орнууд руу байршуулах саналыг гаргажээ.

Өөрөө Энэтхэгийн цагаач гэр бүлээс гаралтай, нэртэй их сургуулиудын доктор профессор цолтой мань өвгөн Төв Азид хүн ам багатай ийм хэдэн улс байдгийг мэдэх хэрнээ бүгдийг нь исламын шашинтай хэмээн эндүүрчээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Европын холбооноос ойрын өдрүүдэд НҮБ-тэй ярилцаж зөвшилцөн Ойрхи Дорнодын дүрвэгсдийг Төв Азийн улсуудад байршуулах төлөвлөгөөг ажил хэрэг болгох хэрэгтэй. Дүрвэгсдийн асуудлаас Европ ангижрах хамгийн зөв гарц энэ л болно. Яаравчлах хэрэгтэй. Төв Азид Туркменистан, Тажикистан, Монгол зэрэг хүн амын нягтрал багатай улсууд байдаг юм. Тэндхийн хүн амын нягтрал Европын нягтралын зууны нэгтэй тэнцдэг. Бас эдгээр орнууд нь хуучин Зөвлөлтийн харьяанд байсан боловч Сирийн дүрвэгсэдтэй соёл, шашны хувьд ижил төстэй бөгөөд хүн амын ихэнх нь исламын шашинтнууд” хэмээн лорд Дисай цэцэрхжээ.

Есдүгээр сарын 16-нд Британийн Лордын танхимд лорд Менад Дисайгийн өнөөдөр Европт тулгараад байгаа дүрвэгсдийн хямралыг хэрхэн шийдэх саналаа тайлбарласан нь энэ.

лордЛорд Десайгийн мэдэмхийрсэн Туркменстан улс бол удирдагч Гурбангулы Бердымухамедовын удирдлага дор гадны улсаас барагтай л бол дүрвэгч, цагаачдыг оруулдаггүй хатуу чанга хаалттай улс.

Мөн Төв Азид ид хүчирхэгжиж, хөгжил дэвшил нь цагаар хурдсаж байгаа Казахтсан улсад гадны цагаач иргэд бараг л Нурсултан Назарбаевын гарын үсгээр л хил давдаг гэлцдэг.

Хэдийгээр Казакстан улсын хүн амын дийлэнх нь исламын шашинтан боловч Ойрхи Дорнодоос шүтлэг нэгтнүүдээ үерийн ус мэт урсгаад байх дургүй нь тодорхой. Хөгжил дэвшлээ сүйтгэх гээгүй л бол шүү дээ.

Бусад стан орнуудын хувьд өөрсдөө Зөвлөлтийн үеэс улбаатай дүрвэгсдийн асуудалтай орнууд. Үүнд Сталины үед хийгдэж байсан Крымийн татар, чечень, түрэгүүд зэрэг албадан нүүлгэлтийн олон асуудал эдгээр орнуудад өнөөг хүртэл салж өгдөггүй шүдний өвчин болсоор ирсэн.

Тиймээс Энэтхэг гаралтай, доктор, лордын гаргасан санаа тийм ч мэргэн биш болохыг Их Британийн улстөрчид эрх биш гадарлаж байгаа байхаа.

Эцэст нь Монгол Улсын хувьд хэлэхэд Азийн цээжинд хамгийн түрүүнд ардчилсан хувьсгал хийсэн эрх чөлөөт орон.

Хэдийгээр НҮБ болон бусад олон улсын нийгэмлэгүүдэд идэвхтэй гишүүнчлэгдэж гадаад бодлогоо чөлөөтэй явуулдаг боловч дээр дурдсан дүрвэгсдийн асуудалд хаалттай, хатуу зогсож чадахаар бүрэн эрхт улс билээ.

Ер нь өрнөдийнхний тарьсан балгаас үүдэлтэй хямралын золиос болж яваа дүрвэгсдийг агуулах байр савыг хүн ам цөөтэй ч бай, уудам нутаг дэвсгэртэй ч бай Төв Азид ч байна уу хаа ч байсан ямар ч улс бэлдэх албагүй гэдгийг том гүрний зарим нэг улстөрчид ухамсарладаггүй бололтой.

Н.Төгс

www.bataar.mn


URL:

Нэр: Ih medegch Огноо: 21 September 2015

Baliar ovgon

Сэтгэгдэл бичих