Бид аминчхан бодлоор маргааштай уралдсаар байна

“Ээж ээ, хичээлдээ яваад ирье” гээд инээмсэглээд гарсан хүү гэртээ эргэж ирсэнгүй. Бяцхан хүү хариуцлагагүй нэгний балгаас гэртээ ирэх замдаа амиа алджээ. Ийм харамсалтай хэрэг сүүлийн үед нийслэл хотод гарах боллоо.

Саяхан хүртэл бага насны хүүхэд явган хүний гарцаар гарч яваад харамсалтайгаар амиа алдсан. Тоглож наадах гэнэн томоогүй насандаа хүүхдүүд гэмтэж бэртэж, амиа алдаж байгаа нь хэний буруу вэ. Энэ асуултыг та өөрөөсөө асуугаад үзээрэй.

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийг асран хамгаалагчгүй явуулсан сурган хүмүүжүүлэгч нарыг торгож, тэдэнд хариуцлага тооцдог болсон. Энэ нь хүүхдэд учирч болох эрсдэлээс сэргийлж байгаа нь үнэн. Гэхдээ эцэг, эхийн хараа хяналт чухал байгааг ч дурдах хэрэгтэй.

Бас замаар гарч байгаа хүүхдийг зогсоод гаргачих хүлээцтэй жолооч өдрийн од шиг болжээ. Энэ бүхнээс дүгнэхэд бидэнд хүүхдээ гэх сэтгэл дутаад байна. Өнөөдрөө гэсэн аминчхан бодлоор маргааштай уралдсаар зүрх сэтгэлгүй болчихжээ, бид.


URL:

Сэтгэгдэл бичих