Орон орны хадам, бэрийн харьцаа

хадам

Нөхрийнхөө ээжтэй учраа ололцох асуудал нь аль ч орны эмэгтэйчүүдэд нийтлэг учирдаг бэрхшээл бололтой. Гэхдээ зарим газар энэ асуудлыг соёлтойгоор шийдэж сурчээ.

Энэтхэг

Орон орны хадам, бэрийн харьцаа

Хадам, бэрийн зөрчил туйлдаа хүрсэн газар бол Энэтхэг юм. Нөхөрт гарч буй бүсгүй бүр энэ цагаас эхлэн хадам ээждээ ая тал засаж, хэлсэн үгийг нь хууль мэт дагах ёстой хэмээн ойлгодог. Харин хадам ээжүүд энэ хараат байдлыг овжин ашиглаж дарамталдаг байна. Сүүлдээ бүр дэлхийд ганцхан байдаг хадам ээжүүдийн шоронг нээхэд хүрчээ. Юу гэвэл энэтхэг хадмууд эхний ээлжинд инж нэхэж бэрээ дарамталдаг аж. Уг нь сүйн бэлэг, инжний асуудлыг хуулиар хориглосон ч хууль бол хууль, уламжлал бол уламжлал гэж тэд үздэг байна. Жил бүр 5000-7000 залуу эхнэрүүд ийм үйлдлийн золиос болдог гэнэ. Инж төлөөгүйгээс болж амиа алдсан бүсгүйчүүд маш олон. Тэдний ард хадам ээж байх нь элбэг. Харин сүүлийн үед бүсгүйчүүд эрхээ хамгаалан тэмцэх болжээ. Харин хадам ээжүүд үүнийг эсэргүүцэж өөрсдийн Холбоог байгуулсан байна. Иймэрхүү маягаар ирээдүйн хадамтайгаа дайсагнах үзэл охидод бүр багаас нь төлөвших болсон аж.


Солонгос

Орон орны хадам, бэрийн харьцаа

Солонгост айлын ууган хүү гэртээ үлдэж эцэг эхээ харж ханддаг заншил эртнээс тогтжээ. Залуу эхнэр нөхрөө даган ирэх нь ойлгомжтой. Бусад хүүхдүүд нь тусдаа амьдарч болно. Иймээс ууган хөвгүүдийн эхнэрүүд л хамгийн хэцүү асуудалтай тулгардаг байв. Ер нь Солонгост хадам бэрийн харьцааны зөрчил маш хурц илэрдэг гэнэ. 2010 онд явуулсан судалгаагаар солонгос эмэгтэйчүүдийн 13,4% нь ууган хүүтэй, 58% нь бага хүүтэй гэр бүл болохыг зөвшөөрч, харин айлын ганц хүүтэй гэрлэхийг хэн ч хүсээгүй гэсэн дүгнэлт гарчээ. Залуу хос бие даан амьдрах эрмэлзлэлтэй байхад хадам эх цагтаа өөрөө номхон дуулгавартай байсан шигээ бэрээ мөн тийм байлгахыг хүсдэг. Гэтэл ялангуяа барууны хүмүүжилтэй гэр бүлээс гаралтай бүсгүйчүүд бие даасан байдлаа хамгаалж, зарц боол мэт байхыг хүсдэггүйгээс зөрчил үүсдэг байна.


Мексик

Орон орны хадам, бэрийн харьцаа

Харин Мексикт гэр бүлийн эмэгтэйчүүд, түүн дотор хадам бэр хоёр ч туйлын дотно харьцаатай байдаг ажээ. Тэд хамаг нандин нууцаа хуваалцдаг сайн найзууд болох нь жирийн үзэгдэл. Хадам эх голдуу ахуйн чанартай асуудлаа шийдэхэд нь залуучуудад тусалж, маргаж муудах үед нь зохицуулах үүрэгтэй байдаг.


Тажикстан

Орон орны хадам, бэрийн харьцаа

Энд охидыг багаас нь хүлцэнгүй номхон байдалд сургадаг. Гэрлэсний дараа хадам бэрийн харьцаа хэрхэн тогтохоос айл гэрийн уур амьсгал шалтгаална. Залуу хос голдуу хадмын гэрт амьдарч, бэр гэрийн бүх ажлыг хийдэг бол хадам ээж зөвхөн зааж зааварлах л үүрэгтэй. Бүсгүй хэнд ч гомдол мэдүүлэх аргагүй, нөхөр голдуу ээжийнхээ талд орно. Харин сүүлийн үед хадам ээжтэйгээ таарахгүй шалтгаанаар эмэгтэйчүүд салах хүсэлт гаргах нь ихэссэн гэнэ.


Итали

Орон орны хадам, бэрийн харьцаа

Итали эрчүүд ээжийгээ хэрхэн дээдэлдэг талаар үлгэр домогт хүртэл орсон байдаг. Иймээс хуримын дараа ээж нь тэдний амьдралд идэвхтэйгээр оролцдогт гайхаад байх юмгүй. Тусдаа байсан ч хамаагүй, бэрдээ хэрхэн хувцаслах, нүүр амаа будах, дэлгүүрээс юу авахыг хүртэл нэгд нэгдгүй заахыг эрхэмлэнэ. Түүний хурц хараанаас ангид юм гэж огт үгүй, хүү бэр хоёртоо юу хэрэгтэйг тэр сайн мэднэ. Харин дорнынхноос ялгаатай нь зарцлах гээд байхгүй юм даа. Бэр зөвлөлгөөг нь үл ойшоож гэмээнэ хадмын хилэнгээс мултарч чадахгүй. Иймээс овжин сэргэлэн итали бүсгүйчүүд хадмынхаа нүдийг хэрхэн хуурч аргалахаа тун сайн мэддэг гэнэ. Хичнээн маргаад ч итали хадмыг давж гарна гэж байхгүй тул тэр нь ч зөв бололтой.


Норвег

Орон орны хадам, бэрийн харьцаа

Норвегт залуучууд эртнээс бие даан амьдарч эхэлдэг. Иймд гэр бүлийн бүх гишүүд тэгш эрхтэй. Норвег бэр хадмаасаа зэмлэл ч, зөвлөлгөө ч сонсохын зовлонгүй. Өөрөө хүсээгүй л бол шүү дээ. Залуучууд аливаа асуудлыг өөрсдөө шийдэх гэж оролдоно. Болохгүй бол мэргэжлийн сэтгэл зүйч дээр очно. Бэр хадмуудтайгаа уулзах нь ховор, гэр бүлийн томхон баяр ёслол дээр л цугларна. Иймд үргэлж төвийг сахисан, найрсаг уур амьсгал тогтсон байдаг.


Соломоны арлууд

Орон орны хадам, бэрийн харьцаа

Энд хадам бэр хоёр голдуу нэг гэрт амьдарна. Гэвч хэрүүл маргаан гардаггүй. Учир нь тун энгийн: нутгийн заншлаар хадам бэр хоёр нэг дээвэр дор ажил хийх, тэр ч бүү хэл нэг ажлыг хамтран хийхийг хориглодог аж. Ийм хөдөлмөрийн хуваарь нь гэр бүл амар амгалан байх нөхцлийг бүрдүүлдэг байна. Тус тусдаа өөр өөрийн ажлыг хийхээс биш, минийх чинийх гэж өнгөлзөх юмгүй маш зөв шийдэл ажээ.

эх сурвалж: http://viva.mn/


URL:

Сэтгэгдэл бичих