Уурхайчид маргааш нийтийг хамарсан жагсаал хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс Хятадын “TT JV KO” гэх компанид тус компанийн 203 уурхайчныг шилжүүлэх болсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д ажилтнуудаа шилжүүлэхгүй байх шаардлагыг хүргүүлсэн ч хүлээн аваагүй тул УИХ-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргасан аж. Мөн тэд “уурхайчид, үйлдвэрчний эвлэлд урьдчилан мэдэгдэж, тохиролцолгүйгээр ажилчдыг шилжүүлэх тушаал гаргасан бөгөөд биднийг эсэргүүцэх үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар уурхайчидтай тохиролцсон хэмээн худал мэдээлэл тараасан” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэлсэн юм.

Мөн тэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс гаргасан шийдвэр хууль зөрчсөн төдийгүй компанийн үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцсон гэдгийг онцолсон юм.

Тиймээс ҮЭ-ээс дээрх нэр бүхий төрийн түшээдийг шүүхэд өгч, хариуцлага тооцохыг бусад УИХ-ын гишүүдэд уриалж буйгаа мэдэгдлээ. Тэд уг шаардлагыг УИХ-д хүргүүлэхээс гадна маргааш 12.30 цагт нийтийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулахаар болжээ.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих