Архангайн залуус “Намрын спорт өдөрлөг”-өө амжилттай зохион байгууллаа

Арын сайхан хангай нутгийн залуус өнгөрөгч амралтын өдрүүдэд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж ялагчдаа тодруулсан байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын санаачлан зохион байгуулсан эл спорт өдөрлөгт Архангай аймгийн 19 сумын төлөөлөл болсон 500 гаруй залуус хамрагдсан томоохон арга хэмжээ болжээ.

Энэ үеэр спорт өдөрлөгийг санаачлан зохион байгуулагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Архангай аймгийн Улаанбаатар хотод суралцаж байгаа оюутан залуусын “Намрын спортын өдөрлөг” болж байна. Энэ өдөрлөгт нийт 50 гаруй багийн 500 гаруй залуус сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж байна.

Сүүлийн үед Архангай аймгийн залуусын баг тамирчид улсын аваргад ямар ч төрлөөр дээгүүр өрсөлддөг болжээ. Тиймээс миний бие санаачлаад, Архангай аймгийн залуучууд оюутны холбоо хоёр өдөр амжилттай зохион байгуулж байна.

Мөн тэмцээний дундуур азтай үзэгч, азтай тамирчин шалгаруулж “Голден жим” фитнесс клуб, “Абсолют” гадаад хэлний сургалтын төвд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагналаа. Үүгээрээ нэг талаараа спортыг дэмжсэн, нөгөө талаараа оюуныг дэмжсэн ийм сайхан арга хэмжээ болж байна” гэсэн юм. “Намрын спорт өдөрлөг”-ийн сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй тэргүүн байрт “Амрита”, дэд байрт “Хурандаа”, гуравдугаар байрт “Татарууд” баг тус тус орсон байна. Харин сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд “Хүмүүн-2”, “Цэцэрлэг”, “Нөхөрлөл” баг тус тус нэг, хоёр, гуравдугаар байр эзэлж цом, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн болжээ.

Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд “Өгийнуур”, “Хайрхан”, “Хотонт”, эмэгтэй төрөлд “Хүмүүн-1”, “Хайрхан-2”, “Хүмүүн” баг тус тус шалгарсан байна.

Мөн өдөрлөгийн үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат төрсөн нутгийнхаа гар бөмбөг, сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй оюутны шигшээ багийг байнгын бэлтгэл сургуулилттай байлгах зорилгоор бэлтгэлийн танхим, хувцас хэрэглэлийг шийдэж өгөхөөр болсон юм. Ийнхүү Архангай аймгийн оюутан, залуус амралтын хоёр өдрийг спортлог өнгөрөөсөн байна.

С.НЭМЭХ


URL:

Сэтгэгдэл бичих