Шинэ оноос дутахгүй хүлээлттэй 70 мянга

Оюутны сургалтын тэтгэлэг болох 70200 төгрөг болон урамшууллын тэтгэлгийг хэзээ олгох талаар БСШУЯ-ны Сургалтын төрийн сангийн дарга П.Лхагвасүрэнгээс тодруулахад “Манай зүгээс бүх тооцоогоо хийж, Сангийн яам руу явуулсан. Сангийн яамнаас санхүүжилт нь шилжиж ирмэгц банкаар дамжуулан оюутнуудын дансанд хийнэ. Урамшууллын үндэсний тэтгэлгийг оюутнуудынхаа голч дүнтэй уялдуулан бүх нөхцөлийнх нь дагуу санхүүжилтээ тооцсон. Энэ сарын 9-нд эрхээ нээсэн” гэв. Ийнхүү энэ сарын дундуур өгөх байсан тэтгэлэг Сангийн яамнаас санхүүжилт орж ирээгүй учраас хойшлоод байгаа гэх тайлбар өгсөн юм. Үүнтэй зэрэгцэн зарим сургуулийн оюутнуудын үндэсний тэтгэлэг орсон гэх мэдээлэл чих дэлсэв. Тодруулбал, ХААИС-ийн оюутнуудын 70 мянга орсон гэх. Энэ талаар Сургалтын төрийн сангийн даргаас лавлахад “70 мянгыг олгож эхлээгүй. Оны дараа олгоно” гэсэн юм. Харин санхүүжилтийг хэзээ олгох талаар Сангийн яамны Төрийн сангийн газраас тодруулахад “Төсвийн орлого хүндэрсэн учраас эхний ээлжид сургууль цэцэрлэг, багш ажилчдын цалинг өгнө. Ээлж дараалан санхүүжилтээ хийж байна. Оюутны тэтгэлгийн санхүүжилтийг нь олгоогүй байна. Энэ онд олгох эсэх нь ч тодорхойгүй. Бараг он гаргаад олгох байх” гэсэн юм. Ийнхүү оюутнууд багт наадмаас илүүтэйгээр 70 мянгаа хүлээж шинэ онтой золголоо.Эдийн засгийн байдалтай холбоотойгоор энэ оны эхээр Засгийн газрын тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг өсгөж, оюутны үндэсний тэтгэлгийг олгохоор болсон юм. Тодруулбал, бакалаврын ангид сурч буй оюутны голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй, магистрын ангид шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй, докторт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй байж үндэсний тэтгэлэгт хамруулахаар болгосон. Харин урамшууллын тэтгэлгийг 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах оюутны голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистрант, докторантын оюутны голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өсгөсөн юм.

М.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих