Ким Жөн Ирийн мэндэлсний өдрийг тэмдэглэж байна

Умард Солонгост тус улсын гол баяр болох Ким Жөн Ирийн мэндэлсний өдрийг тэмдэглэж байна. “Пхеньяны эсрэг чиглэсэн АНУ-ын дайсагнасан бодлогыг үл хайхран улс орны тусгаар тогтнолыг бэхжүүлсэн Умард Солонгосын удирдагч агсаны гавьяа зүтгэлийг үеэс үед магтан алдаршуулахыг” радио, телевизийн хөтлөгч нар уриалж байна.

Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан солонгосчуудын хувьд ариун уул болох Пэктусаны бэлд Америкийн империалистуудын эсрэг тэмцэлд ялахыг уриалсан уриа лоозон бүхий улс орны удирдлагад “үнэнчээ илтгэсэн жагсаал цуглаан” болж байна. Түүхийн албан ёсны бичгээс үзвэл, энд оршдог партизануудын нууц хуаранд 74 жилийн өмнө Ким Жөн Ир мэндэлжээ.

Умард Солонгос даяар кино наадам, гэрэл зургийн үзэсгэлэн, концерт, циркийн тоглолт зэрэг олон тооны янз бүрийн арга хэмжээ эхэлсэн байна. Умард Солонгост байрладаг гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнуудыг тус улсад “бүх цэцгийн хаан” гэж нэрлэдэг Ким Жөн Ирийн нэрээр нэрлэсэн цэцгийн үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьжээ. Хятад, Испани, АНУ болон гадаадын бусад оронд оршин суудаг солонгосчууд баяр ёслолын арга хэмжээнд оролцохоор Умард Солонгост иржээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих