Мүүний шашинтай Христийн шашин ямарч хамааралгүйг тайлбарлав

Монголын Эвангелийн эвсэл, Монголын пастер ахлагчдын холбооноос Мүүний шашинтай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв.

Монголын Эвангелийн эвслийн ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн тэргүүн Б.Батбаяр “Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Христийн шашны талаар буруу зөрүү ойлголт гарч байгааг залруулж, мөн хэд хэдэн зүйлийг хэлэхийг хүссэн юм.

1-дүгээрт Монгол Улсын зохих хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй Монголын Эвангелийн эвслийн гишүүн чуулганууд болон Монголын пастер ахлагчдын холбооны гишүүд, нийт Христэд итгэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудалд тайлбар хийхийг хүсч байна.

2-дугаарт, Олон нийтэд Мүүний шашныг Христийн шашинтай хамаатуулж мэдээлж байгаа нь ташаа буруу ойлголт юм.

3-дугаарт, Олон нийтийн дунд цухалдалт, талцлыг өдөөгөөд байгаад харамсаж байна.

Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болгоомжгүй буруу ташаа мэдээллүүд гаргаж байгаа учраас албан ёсоор хэлэхэд Мүүн буюу Мүүнизм нь Христийн шашны нэг хэсэг биш учраас холбож тайлбарлаж болохгүй юмаа.

Ард иргэддээ хандаж шашны гаж урсгал гэж юу юм бэ, гаж урсгалыг хэрхэн таньж болох талаар мэдээлэл өгье. Гаж урсгал болон Христийн шашны хооронд бурхныг ойлгох ойлголтын маш их ялгаа байдаг. Тухайн хүний итгэл үнэмшил нь цусаа хандивлахгүй байх, сонгууль өгөхийг хориглож, нийгмийн эсрэг турхирч, юу идэж уухыг зааж байвал гаж урсгал гэж ойлгож, ялгаж болно. Эдгээр ойлголтууд нь өөрөө Библийн үндсэн зарчмын эсрэг зүйлс юм” хэмээн ярив. Харин Монголын пастер ахлагчдын холбооны дэд тэргүүн Л.Баясгалан “Нэг зураг үзүүлье. Саяхнаас уг зургийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа телевизүүд маш их ашиглаж, Мүүний шашны талаар мэдээлэл цацаж байна. Христэд итгэгчид арванхоёрдугаар сарын 25-н буюу Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг. Монголын Христэд итгэгчид мөн энэ өдрийн өглөө хүндэтгэлийн зоог барьж, улс орон, гэр бүлийнхнийхээ төлөө залбирал үйлддэг. Энэ зургийг гурван жилийн өмнөх ийм хүндэтгэлийн зоогийн үеэр авсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Мүүний гаж шашны талаар мэдээлэл цацахдаа энэ зургийг ашиглаад байна. Энд би онцгойлон нэг зүлийг хэлмээр байна. Зураг дээр гарсан саарал хослолтой нүдний шилтэй хүн Христэд итгэгч биш.

Тухайн үед бид Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны асуудал хариуцсан албанд хүсэлт тавьж, бидний арга хэмжээнд оролцохыг урьсан. Уг урилгын дагуу ирсэн хүн юм. Бусад хүмүүс нь буюу хоёр пастер, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар Христэд итгэгчийн хувиар энэ үйл ажиллагаанд оролцсон. Эдгээр хүмүүс Мүүнтэй ямар ч холбоо байхгүй. Мөн түүнчлэн УИХ-ын нэгэн гишүүн Монголд Христийн 6000 гаруй чуулган бий гэж ташаа зүйл ярьж байна лээ. Ийм их тоо байхгүй. Албан ёсоор бүртгэлтэй бүртгэгдээгүй 400-500 гаруй чуулган бий” хэмээн тайлбарлалаа.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих