Таван хувийн зээлд тавьж буй найдвар

3-3-4_700x700

Иргэдийн дунд хүчтэй мэтгэлцээн өрнөж, хүлээлт үүсгээд удаж байгаа  нэг сэдэв бол ипотекийн зээлийн хүүг бууруулах явдал. Сүүлийн үеийн улс төрийн халуун  үйл явдлаас ч илүү анхаарал татаж байна гэж хэлж болно. УИХ-ын дарга З.Энхболд ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох бүрэн боломжтой хэмээн олон нийтэд зарласнаас хойш иргэд чих тавин хүлээж буй. Таван хувь болох шалтгааныг  инфляци буурсан, барилгын материалын орц бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг нь дотооддоо буюу хямд үнээр авдаг болсонтой холбон тайлбарлаж байгаа. Тэгвэл ипотекийн зээлийн хүүг бууруулж, иргэдийн хүлээлтийг тайлах асуудлыг цагаан сараас өмнө удлаа гэхэд гуравдугаар сард багтаан шийдвэрлэнэ хэмээсэн амлалт ямар шатандаа гацаад буйг энэ цаг үед олон нийт хамгийн их сонирхож байна. Албаны хүмүүс ч нааштай хариу өгч байгаа юм. Өнгөрсөн сард ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ   “Ипотекийн зээлийн хүү таван хувь болно. Тэрийг баттай хэлье. Монгол улс мөнгөгүй л гээд байна. Үгүй, мөнгөтэй байгаа. Халамж, хүүхдийн мөнгө зэрэгт тараасан мөнгөө Монголбанк эргээд хөрсөн дээрээ авчирч чадсан. Харин хөрөнгө, мөнгөө дэмий зүйлд битгий зарцуулаасай л гэж Монголбанк болгоомжлоод байгаа юм. Түүнээс Монгол Улсын хөрөнгийн сан хөмрөг хоосорсон юм байхгүй. Мөн найман хувийн зээлийг таван хувь болговол байрны үнэ нэмэгдэнэ гэж яриад байна. Өмнө нь найман хувь болгоход байрны үнэ өссөн ч эргээд буурсан шүү дээ. Тэгэхээр таван хувь болговол үнэ буурна” гэсэн.

Мөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэвлэлд “Гуравдугаар сард зээлийн хүүг таван хувь болгох асуудлыг цэгцлэхээр ажиллаж байгаа. Бусад төрлийн зээлийн хүүг  мөн энэ үеэр бууруулах ажлыг эрчимжүүлнэ” гэсэн тайлбарыг өгчээ. Зээлийн хүү буурвал найман хувийн хүүтэй зээлдэгчид таван  хувь руу шилжих боломжтой гэсэн.

Тэгвэл иргэдийн гомдол саналд үндэслэн Өргөдлийн байнгын хороо, Монголбанкны холбоотой хамтран орон сууц, тэтгэвэр, малчны зээлийн асуудлаар Тө­рийн ордонд өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр Өр­гөдлийн байн­­гын хорооны дарга Ж.Батзандан “Өнөөдрийн байдлаар 77000 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Цаашид ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулахад шаардлагатай 16 журам, гэрээнд өөрчлөлт оруулсан. Засгийн газар энэ сард багтаан таван хувь болгоно гэж амласан. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг сонсмоор байна. Ер нь хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Олон улсад банкны ашиг 10 хувь байхад манай улсад 3-4 дахин их байна. Өнөөдөр манай улсад өр, зээлгүй аж ахуйн нэгж, албан байгууллага, хувь хүн алга.Тиймээс зээлийн хүүг багасгах нэн шаардлагатай байгаа. Зээлийн хүүг төрийн бодлогоор зохицуулах боломж байна. Таван хувийн хүүтэй зээл олгох эрхзүйн орчин бүрдсэн. Хэрэгжээд эхэлбэл зах зээл дээр 20 мянган орон сууц бэлэн байгаа учраас энэ асуудлыг хурдан шийдвэрлэхийг холбогдох хүмүүсээс хүсч байна” гэлээ. Хэлэлцүүлгийн үеэр банкны төлөөллүүд ипотекийн зээлийг бууруулах асуудлыг судалж, хууль эрхзүйн орчинг тодорхой болгох санал хэлж байв. Тиймээс иргэдийн таван хувийн ипотекийн зээлд тавьж буй найдвар талаар нэг болохгүй бололтой. Албаныхны хэлж буйгаар энэ сардаа багтаж хэрэг­жүү­­лэхгүй бол ирэх сард шийдэх боломжтой аж.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих