Х.Баттулга, А.Гансүх нар сэжигтнээр татагдсанаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх нарыг шалгах үйл явц нотлох баримт бүрдүүлэх, хавтаст хэргийг хянах, мөнгөн дансны шилжүүлгүүдийг батлах үе шатандаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Улсын их хурлын даргын зөвлөх А.Гансүх нар “бидэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй зөрчил байхгүй”, “хувь хүн, албан тушаалын нэр хүндэд бүдүүлгээр халдсан” гэх мэт үндэслэлээр Монголын үндэсний хамгийн том чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-оос 1 тэрбум төгрөг, “Үндэсний шуудан” сонингоос 870 сая төгрөгийг нэхэмжилсэн билээ. Харин бид нотлох баримт, эх сурвалжийн үндсэн дээр энэхүү хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн гэдгээ үүгээр баталж байна.

Нийт 483 сая ам.долларын энэхүү төслийн 200 сая ам.долларыг Чингис бондоос санхүүжүүлэн “Самсунг Си Ти”-д олгосон юм. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын хэргийг нэгтгэн мөнгө угаах, албан тушаал хэтрүүлэн ашиглах, улсад онц ноцтой хохирол учруулсан үндэслэлээр шалгаж байгаа билээ. Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын энэхүү хавтаст хэргийн дугаар 201501000154 гэдгийг эх сурвалжаас авлаа.

Зураг тайлбар: Бидэнд ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татсан тогтоол олдсонгүй. Цагдаагийн байгууллага мэдээллээ чандлан нууцалж байна. Харин АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн сэжигтнээр татсан, түүнийг нь хүлээн зөвшөөрсөн нэр бүхий эрхмүүдийн гарын үсэг бүхий бичиг баримт олдлоо.

ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгож, мөнгө угаасан хэргийг тусгайлан шалгаж буй бол АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын хөрс хуулалтын ажлыг батлагдсан зураг төсөлгүйгээр 2015 оны 11-р сард шууд эхлүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр мөрдөх ажиллагааг үргэлжлүүлж байна. “Кей Эйч Эн Ар” ХХК, “Транском” ХХК-иуд тус бүрдээ 4.8 тэрбум төгрөгийн хөрс хуулалтын ажил гүйцэтгэн улсаас мөнгөө авахаар шүүхэд хандсан байдаг. Улмаар “Кей Эйч Эн Ар” ХХК 4.8 тэрбум төгрөг, гэрээний алданги 2.4 тэрбум төгрөг нийт 7.2 тэрбум төгрөгийг 2016 онд улсаас авахаар болоод байгаа юм. Агентлагуудыг нэгтгэх, дэд сайд, төрийн албан хаагчдыг цомхотгох замаар 1.8 тэрбум төгрөгийн төсөв хэмнээд буй Монгол Улсын засгийн газарт энэ мэдээ туйлын хүнд цохилт болж байна.

25-р суваг ТВ-ийн “Ам нээвэл…” ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо УИХ-ын гишүүн Х.Баттулга “Сэжигтнээр татагдсан зүйл байхгүй”, “Сайн дураараа очиж мэдүүлэг өгсөн”, “Улс хохирсон мөнгөн дүн буурсаар байгаа”, “Б.Батзаяаг буруугүй тул батлан даалтанд гаргаад байна”, “Миний зөвлөх Ч.Ганбат огт буруугүй” гэх мэтээр олон нийтэд мэдээлсэн. Харин АТГ-т мэдүүлэг өгөхдөө зарлан дуудах хуудас авч хугацаа дуусахаас өмнө арайхийн амжсаныг харж болохоор байна. Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх 2015 оны 12-р сарын 24-ний 10 цаг 15 минутанд, УИХ-ын гишүүн Х.Баттулга шөнийн 02 цаг 12 минутанд АТГ-т ирж мэдүүлэг өгчээ. Хэрвээ зарлан дуудах хуудасны хугацаа дууссан бол тэднийг албадан саатуулж, мэдүүлэг авах байсныг ЦЕГ, АТГ-ын эх сурвалж хэллээ.

ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд Улсын их хурлын даргын зөвлөх А.Гансүхэд өөрсдийн биеэр зарлан дуудах хуудас хүргэн өгсөн бөгөөд “Japan town”-ы 1 давхарыг тэр чигээр нь эзлэх түүний гэрт эхнэр нь байжээ. Амьдралын ихэнхи хугацаагаа төрд ажиллаж өнгөрөөсөн, татвар багахан төлдөг 22 компанитай түүнд энэ мэт хөрөнгөө хаанаас цуглуулсныг нийтлэлч Баабар нэгэнтээ хөндсөн байдаг.

Зураг тайлбар: Олон нийтийн сүлжээнд иргэн Ц.Бат, Л.Даваапил нарыг асуулт асуусны төлөө нэр төр гутаасан хэмээн шүүхэд өгч 90 хоног хорих, төрд ажиллах эрхийг хасуулсан А.Гансүхийг нийтлэлч Баабар “Японы хөрөнгө оруулагчийн хөрөнгийг дээрэмдсэн” гэж цоллож байсан юм.

Б.Батзаяагийн шүүх хурал яагаад хойшилсоор байна вэ?

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа 2016 оны нэгдүгээр сарын 29-нд суллагдсан. Түүнийг баривчлан саатуулах хугацаа нэгдүгээр сарын 30-нд дуусгавар болох байсан тул цагдаа болон прокурорын зүгээс нэгдүгээр сарын 28-нд дахин 60 хоног сунгах санал шүүхэд гаргахад шүүгч хурал зарлалгүй хойшлуулсаар ажлын цаг дуусган, мөн ажлын өдрүүдийг ч өнгөрүүлсэн байдаг. Ингэснээр Б.Батзаяа саатуулах хугацаа нь дуусгавар болон суллагдсанаас биш, батлан даалтад гараагүй юм байна. 2016 оны хоёрдугаар сарын 3-нд түүнийг баривчлан саатуулах шүүх хурлыг явуулах шаардлагыг цагдаа, прокурорын байгууллагаас гаргасан ч хуралд оролцогч гурван шүүгчийн нэг нь тодорхойгүй шалтгаанаар ирэлгүй өнөөдөртэй золгоод байна.

Солонгосын хоёр, Монголын нэг иргэнийг нэмж баривчилжээ

ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн энэ хугацаанд зүгээр суусангүй. “Самсунг Си Ти” компанийн туслан гүйцэтгэгч компаниуд руу шалгалт оруулан 2016 оны хоёрдугаар сарын 1-ний шөнө БНСУ-ын хоёр, Монголын нэг иргэнийг нэмж баривчилжээ. “Самсунг Си Ти” компанийн туслан гүйцэтгэгчид гүүр, малын гарц барих бетон зуурмаг нийлүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсаныг баримтын хүрээнд тогтоосон гэнэ. “Самсунг Си Ти” компанийн хэрэгжүүлж буй төсөл, бусад арга хэмжээний мөнгө туслан гүйцэтгэгч компаниудаар дамжин “Их Майдар”, “Нүүрс шингэрүүлэх” зэрэг төсөлд хандив нэрээр шилжсэн байна.

ТӨХ-ны экс дарга Д.Цогтбаатар цагдаад гомдол гаргалаа

УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх 2016 оны нэгдүгээр сарын 6-нд Төрийн ордонд мэдээлэл хийхдээ, 2014 онд энэ асуудлаар АТГ-т өөрийн хүсэлтээр шалгуулж хэрэгт холбогдолгүй болохоо нотолсон хэмээн албан бичиг үзүүлж байв. Гэвч тэрхүү албан бичиг нь Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогын бичиг баримт, мөн Засгийн газрын эрх шилжүүлэх тогтоол байсан юм. Харин Эдийн засгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчдын одоо шалгаж буй гол бичиг баримт бол Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын гарын үсэг бүхий “Самсунг Си Ти” компанид эрх шилжүүлэх тухай 91 дүгээр тушаал. Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар “Энэхүү албан бичиг дээрх гарын үсэг минийх мөн боловч албан бичиг нь ТӨХ-ны дугааргүйн дээр хуулбар нь ТӨХ-ны архивт байхгүй байгаа тул бодлогын бичиг баримт биш. Би ийм бичигт гарын үсэг зурсан гэдгээ огт санахгүй байна” хэмээн мэдүүлэг өгчээ. Ингэснээр хуурамч бичиг баримт үйлдэн төмөр замын бүтээн байгуулалтыг өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн байх магадлал өндөр болж иржээ.

 У.Норов


URL:

Сэтгэгдэл бичих