Н.Энхбаяр Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг тавьж явуулахгүй

3657Одоогоос 4 жилийн өмнө МАН-ыг голж, МАХН-д элсэж байсан Д.Тэрбишдавга, Ч.Улаан нар хэдхэн хоногийн өмнө төрхөмдөө буцсан. “МАХН-ыг ядарч байхад нь бус задарч байхад нь орхилоо” хэмээн хаалгаа шидэлсэн тэднийг МАН-ынхан хадаг, сүү болон угтаж, тус бүрт нь тойрог өгөхөөр амласан бололтой юм.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр зарим нэг нөхрөөрөө дамжуулан тэдэнд хандан хатуухан хэдэн үг чулуудаад амжсан. Н.Удвал ахайтан “Айлын авгайтай хоноглоод авааль эхнэр дээрээ ичингүйрэн очиж байгаа завхуул эр шиг тэр хоёр маань буцаад явлаа” гэж ирээд л МАХН-ыг айлын нөхрийн толгой эргүүлдэг авгайтай зүйрлэчихсэн.

Тэгвэл Н.Энхбаяр Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт хандан өнөөдөр мэдэгдэл хийлээ. Мэдээж, Н.Энхбаяр өөрөө биш л дээ. МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням гэгч Н.Энхбаярын шийдвэрийг олон нийтэд танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Ч.Улаан Д.Тэрбишдагва нар МАХН, Шударга ёс эвслийн бүлгээс гарч буйгаа мэдэгдээд 10 шахам хоносон ч МАХН-ын гишүүнчлэлээс албан ёсоор чөлөөлөгдөөгүй гэнэ. МАХН-ынхны үзэж байгаагаар намын дүрмийн 7-р зүйлийн 2-т МАХН-ын гишүүнээс гарах хүсэлтийг харьяалагдах намын анхан шатны байгууллагад бичгээр мэдэгдсэнээр намын гишүүний бүртгэлээс хасагдсанд тооцно гэсэн заалт бий аж. Нөгөөтэйгүүр, Д.Тэрбишдагва Ч.Улаан нар МАХН-ын бага чуулганаар сонгогдсон гишүүд. Тиймээс намын бага чуулганаар тэднийг бага чуулганы гишүүнээс чөлөөлөх хүртэл МАХН-ын бага чуулганы гишүүн хэвээрээ, Д.Тэрбишдагва намын дэд дарга хэвээр байна гэсэн үг юм байна. Ингэснээр УИХ-ын гишүүн Ч.Улаан Д.Тэрбишдагва нар намын гишүүнээсээ гарахыг намын анхны шатны байгууллагаараа шийдвэрлүүлэх, намын сонгуульт ажлаа ээлжит бага чуулганаар чөлөөлүүлж байж дараагийн намд элсэх асуудал нь нээлттэй болох юм байна.

Тэгэхээр Н.Энхбаяр Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг “тойрох хуудас”-аа зуруулаагүй тохиолдолд тавьж явуулахгүй нь ээ. Эзний дургүй хүрсэн үед тойрхыг нь зурж өгөхгүй хэр их удаж болдгийг тэрбээр энэ удаад ч нэг харуулаад өгөх биз ээ. “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчийн үлгэрээр Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар нам ч үгүй, тойрог ч үгүй хоцорч байгаа юм биш биз.

 

У.Жанцан

Цензургүй.мн


URL:

Нэр: Mongol Огноо: 12 May 2016

2 tenemel arslan

Нэр: Anonymous Огноо: 18 May 2016

enhkbayr neg tailbar helne bgaa namiihaaa gishuudiig garaad bgaa talaar tegehgui bol namiin ner hund unalaa

Сэтгэгдэл бичих