Одоогийн дуучид зүгээр л гэнгэнэж, мөөрсөн амьтад шиг санагддаг

- Насны эцэст жинхэнэ хайртайгаа учирлаа -

Монголд хөнгөн хөгжим, эстрад урлагийн суурийг тавьж жинхэнэ од болон гялалзагсад бол 1970-1990-ээд онд уран бцтээлээ туурвиж явсан «Баянмонгол» чуулга, «Соёл- Эрдэнэ» хамтлагийнхан. Гэвч он цаг улиран өнгөрсөөр тэр үеийн сэтгэлд хоногшсон дуунуудыг амилуулсан уран бүтээлчдийн ихэнх нь тэнгэрийн оронд оджээ. Үеийн үед дуулагдсаар буй тэдгээр дууг өнөөдөр ч бидэнд хүргэж яваа МУСТА Ж.Уранчимэгийг энэ удаа «Уран бүтээлч» буландаа урилаа.

-Таныг ихэнх хүн «Баян¬монгол »-ын Урнаа гэх юм билээ. Тэгэхээр «Баян¬монгол» -той зөвхөн уран бүтээл ч биш амьдрал тань холбогджээ гэж ойлголоо?
-Би дөрөвдүгээр ангиасаа «Монголын пионерын ордон»-ы дууны дугуйланд явж эхэлсэн. Жаахан хүүхэд хэрнээ хичээлийн хажуугаар автобусанд суугаад явдаг байлаа шүү дээ. Тэгж явж байгаад Төмөр замын «Ган зам» чуулгад гоцлол дуучнаар орсон. Тухайн үед манай «Ган зам» их алдартай байлаа.

Сүүлд «Хурд» хамтлагийнхан, «Харанга» хамтлагийн дуучин Ц.Энхманлай зэрэг олон алдартан төрсөн. Би урлагийн үзлэг, бүх ард түмний наадам гээд олон тэмцээнд оролцдог байсан. Надад алт, мөнгө, хүрэл гээд зүүж үзээгүй медаль байхгүй. Үүндээ ч урамшаад урлагийн хүн тэр дундаа дуучин болох юмсан гэж хүсч, мөрөөддөг болсон.

Тэр үед одоогийн залуусын хэллэгээр «шүтдэг» дуучин бол МУГЖ Ц.Төмөрбаатар, «Баянмонгол »-ын анхны дуучин Оюунчимэг, «Соёл-Эрдэнэ»-ийн Нандинцэцэг нар байлаа шүү дээ. Шугамын радиог чихэн дээрээ тавьчихаад дуулаад явдаг хүүхэд байсан. Би «Баянмонгол» чуулгын дуучин болох юмсан гэж мөрөөдөж байснаас биш төсөөлж байгаагүй.

Амьдрал үнэхээр гайхамшигтай л гэж би хэлнэ. Яагаад гэхээр миний мөрөөдөл биелсэн. Би чуулгадаа ирээд, олон сайхан дууг амьдруулсан. Ард түмний хайртай дуучин болж чадсан.

-Тэр үеийн эстрадын дуучдын ихэнх нь тэнгэрийн оронд очсон. Мөр зэрэгцэн уран бүтээл хийж явсан нөхдөө дурсахад сэтгэл тань хөндүүрлээд хэцүү байдаг байх?
-Тийм ээ. Хэцүү байлгүй яах вэ. Үнэхээр чадварлаг дуулдаг олон сайхан нөхрөө тэнгэрийн оронд үдлээ шүү дээ.Тэр үеийн дуучин цөөхөн үлдсэн нь үнэн. Худалч хүнд дуучин Х.Төмөрбаатар бид хоёр л байна.

-Нийгмийн шилжилтийн үед олон уран бүтээлч чуулга, театраасаа гарч, сэтгэлээр их унасан санагдана?
-Үнэнийг хэлэхэд манай улс зах зээлд ороход бид маш хүнд цохилтод орсон. Сэтгэл зүйн хувьд шүү дээ. Олон сайхан дуучин дуулахаа больсон, үнэхээр харамсмаар.

-Таныг ч гэсэн нэг үе архинд орчихсон, амьдрал нь гундуухан явна гэж сонсогдож байлаа?
-Ганц л зүйлийг хэлмээр байна. Урлагт зүтгэсэн он жилүүддээ би архи гэдэг зүйлийг цээрлэж, аль болох холуур тойрч ирсэн. Яах вэ хурим найранд очиж дуулахдаа ганц хоёр хундага татдаг байснаа нуухгүй.

Энэ чинь байдаг л зүйл, монгол хүний ёс шүү дээ. Ганц, хоёр хундага уулаа гээд архичин болчихгүй биз дээ. Гэхдээ урлаг өөрөө агуу л даа. Өнөөдөр би уйгагүй хөдөлмөрлөж, эрэл хайгуул хийснээрээ, урлагт үнэнч үлдсэнээрээ өдий зэрэгтэй яваа. Тэр хэмжээгээр ард түмэнд хүндлэгдээд явж байна. Т

ухайн үед надад сонголт байгаагүй. Дуулахаас өөр замгүй байсан. Яагаад гэхээр би бусадтай адилхан наймаа хийх ч юм уу, ямар нэгэн ажил хийж чадахгүй. Иймээс нэг үе хэсэг уран бүтээлчидтэйгээ нийлж, хөдөө орон нутгаар тоглолт хийж байж л амьдралынхаа эх үүсвэрийг олдог байлаа.

-Танд нийгмийн ороо бусгаа байдал огт нөлөөлөөгүй гэвэл худлаа байх. Гэхдээ л та хэдий олны танил дуучин ч гэлээ хүн шүү дээ. Уйлна, дуулна гээд амьдралын ээдрээг тайлахаар зүтгэж яваа эмэгтэйн зовлон, жаргал их биз?
-Надад айхтар гундаад байсан зүйл бараг байгаагүй. Мэдээж хүний амьдрал дандаа шулуун, дардан байна гэж байхгүй л дээ. Үхмээр санагдах үе байгаагүй биш байсан. Анхныхаа ханийг бөөрний дутагдлаар алдахад амьдрал утгагүй болж, үхмээр санагдсан.

Ид залуу, хийж бүтээх 28-хан насандаа хоёрын хоёр нялх амьтан тэврээд үлдэнэ гэдэг хэцүү. Гэвч хүн гэдэг амьтан чинь зовлон даадаг юм билээ. Би урлагт 33 жил зүтгэж байна. Өөрөөр хэлбэл 33 жил дууллаа гэсэн үг. Энэ бол бага хугацаа биш шүү. Үхмээр санагдсан ч үлдэх хоёр үр минь, ард түмэн бодогдоод болоогүй. Тиймээс би шүдээ зуугаад амьдарсан. Зовлон болгоныг даван туулсан. Ердөө ганц л зүйл намайг тайтгаруулж, амьдруулсан. Энэ бол урлагийн тайз. Тайзан дээр гарах бүртээ би хамаг зовлон, гунигаа гээдэг юм.

-Тэр их зовлонг дааснаараа одоо аз жаргалтай байна гэж үү?
-Тэгэлгүй яах вэ. Одоо л миний амьдрал аз жаргалаар дүүрэн байна. 50 гарчихсан эмэгтэй хүн жаргаж болно биз дээ. Зовсны эцэст жаргана гэдэг үг үнэхээр үнэн. Үр хүүхэд маань ч өсч том болцгоосон, сайхан амьдарч байна. Насныхаа эцэст жинхэнэ хайртайгаа учирлаа. Одоо л би аз жаргалтай, амар амгалан амьдарч эхэлж байна.

-Таныг үе мултарсан дүү залуутай ханиллаа гээд л байсан?
-Тиим ээ, энэ үнэн. Христэд итгэснээр миний амьдрал эрс өөрчлөгдсөн. Анх 2003 онд би эзэнд итгэсэн. Залуу хүнтэй гэр бүл болсноо би бурхны надад өгсөн бэлэг гэж боддог. Бид ханилаад долоон жил болж байна, сүмд танилцсан. Манай нөхөр надтай адилхан урлагийн хүн. Жүжигчин мэргэжилтэй, бас дуулдаг. П.Хатанбаатар гэдэг юм. Хүүхдүүд маань том болоод тусдаа гарчихсан. Насны эцэст цайгаа хувааж уух ханьтай байгаадаа эзэндээ баярладаг.

-Бурхнаас бэлэг өгсөн ч төр засгаас та бүхнийг үнэлж чадаагүй юм шиг санагддаг шүү?
-Энэ үнэн л дээ. Миний хувьд гавъяатын тодорхойлолтоо гурван ч удаа Боловсролын
газарт хүргүүлсэн. Хариу ганц ч ирээгүй Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Очиж асууж ч байсангүй. Гэхдээ өнөөдөр би гавъяат аваагүй ч ард түмний дунд гавъяат шүү дээ./инээв/

-Гурав тодорхойлоход нэг ч хариу ирээгүй хэрэг үү. Ямар учиртай юм бол?
-Бодвол би араас нь хөөцөлдөж, мөнгө өгч байж гавъяат авах байсан юм байлгүй.Үгүй ээ, яах юм бэ, энэ чинь утгагүй асуудал шүү дээ.

-Гэхдээ ямар ч чадваргүй залуу дуучид олшроод, энгэрээ цоолуулчихсан л байх юм даа?
-Одоогийн дуучид бүгд л ам барьж, фонограммтай дуулдаг болсонд үнэнийг хэлэхэд жаахан харамсдаг. Тэгээд болоогүй ганц дуу дуулсан болоод л өөрсдийгөө «од» гээд бодчихдог. Дээхнэ үед бол юун ам барих, бид мэддэг ч үгүй байсан. Жинхэнэ хоолойныхоо чадлаар, цар хүрээгээрээ хоолоо олж иддэг байлаа.

Ингэлээ гээд бидэнд муудсан зүйл огт байхгүй. Харин ч амьдаараа дуулах тусам хоолойны чадвар, өнгө, нугалаа сайжирдаг. Нэг ёсны дасгал, сургуулилт болж өгдөг гэх үү дээ.

Харин сүүлийн үеийн дуучид бүгд болж өгвөл ам барих гээд байдаг болчихож. Утга учиргүй дуу дуулдаг залуусыг би дуучин гэж хэлэхгүй, боддог ч үгүй. Зүгээр л нэг гэнгэнэж, мөөрсөн амьтад шиг санагддаг юм.

Батбаярын Төрбат
сурвалжлагч

ugluunii sonin


URL:

Сэтгэгдэл бичих