Г.Бясман: Х.Баттулгын хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан

1Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясман нар өнөөдөр  оны эхний долоон сард хийсэн ажлынхаа тайланг танилцуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд олны анхааралд орсон хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

А.Гансүх, Х.Баттулга нарыг  хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясман “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан нь үнэн. А.Гансүх одоогоор эх орондоо байгаа. Харин УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан” гэх мэдээллийг өгсөн юм.

А.Гансүх, Х.Баттулга нарын хэргийн тухайд сануулахад, Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн оноос эхлэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, тус ажлын гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёл болон УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан Ч.Гансүх нарыг шалгаж буй. Одоогоор тус ажлын гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёлыг саатуулаад байгаа юм. Түүнчлэн “Либерал партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат нарын гурван хүнийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа ч Лондонд байгаа гэхээс өөр мэдээлэлгүй байгаа. Түүнийг хууль, хяналтын байгууллагынхан албадан авчрах болсноо мэдэгдсэн ч одоогоор ахиц гараагүй байна.

УИХ-ын экс дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Гансүх, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 263.2-т зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна.

-Н.Энхбаярт холбогдох хэрэг прокурорт шилжээгүй-

МАХН-ын удирдлагуудтай холбоотой авлига, хээл хахуулийн хэрэг хоёр он дамнаж, олны анхаарлыг татаад буй. Тэгвэл МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамбад холбогдох 50 мянган ам.долларын хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдсан хэвээр байгаа аж. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэрэг прокурорт шилжиж ирээгүйбайгаа юм байна.

Мөн С.Зориг агсны гэргий Б.Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэдээллийг УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат өглөө.

Ц.Соёл-Эрдэнэ

 


URL:

Сэтгэгдэл бичих