ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ САЛБАРЫН АСУУДЛУУДАА ТУСГУУЛЛАА

14457443_1097935470243275_3896721928616941365_nМиний бие үндэсний хэл, соёл, байгаль орчин, ус, бэлчээр нутаг хамгаалах, үндэсний үйлдвэр хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, амжиргааг дээшлүүлэхэд талаарх дараах 5 чиглэлээр 10 гаруй санал гаргаж, эдгээрээс 8 санал холбогдох Байнгын хороо, УИХ-ын чуулганаар дэмжигдэн хөтөлбөрт тусгагдлаа.
1. Үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн түүхэн кино, тайз дэлгэц, утга зохиолын томоохон хэмжээний мэргэжлийн түвшний бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, монгол өв соёлын дархлааг бий болгох хүрээнд монгол хэл, бичгийн соёлыг хадгалах, хамгаалах, судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, ном, бүтээл туурвих, соён гэгээрүүлэх асуудлыг дэмжих талаар нэмж тусгууллаа. Сүүлийн үед монгол хэл, бичгийн соёлын асуудал орхигдож байгаад мэргэжлийн хүний хувьд эмзэглэж явсан юм.
2. “Бэлчээр хамгаалах тухай” хуулийг батлуулахаар орууллаа. Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах талаарх зорилтыг өргөжүүлж, хамгаалах асуудлыг голлон авч үзэх, бэлчээр ашиглагчид буюу малчдын оролцоог нэмэгдүүлэх талаар өөрчлөлт оруулсан. Бэлчээрийн 70 гаруй хувь доройтсон нөхцөлд түүнийг хамгаалах асуудал чухлаар тавигдаж байна. Бэлчээрийг ашиглагчид нь хамгаалдаг, хариуцдаг, сэргээн сайжруулдаг хариуцлагатай тогтолцоонд шилжих ёстой. Монгол орны гол баялаг бол бэлчээр, бэлчээрийн мал аж ахуй. Бэлчээрийг эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар зохицуулагдах боломжтой бол түүнийг хамгаалахад чиглэсэн нарийвчилсан зохицуулалтыг зайлшгүй Бэлчээр хамгаалах тухай хуулиар хийх шаардлагатай юм. Хөдөө орон нутагт ажиллах үеэр малчид маань энэ талаар анхаарч ажиллах саналыг их гаргадаг.
3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх, инновацийг нэвтрүүлэх чиглэлд “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй холбогдох бусад арга хэмжээнүүд хэрэгжүүлж болохоор өргөжүүлэн тусгасан.
4. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх заалт нэмж тусгуулсан. Учир нь ажилгүйдлийг бууруулж, орлого нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад өрхийн үйлдвэрлэл чухал боловч энэ нь жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөтөлбөрүүдтэй хамтад нь авч үзсэнээс, ач холбогдол буурдаг тул тусгайлан дэмжих шаардлагатай байна.
5. Иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар үнэ цэнэтэй болгох асуудлыг тодорхой заалт болгон тусгууллаа. Энэ асуудал МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан бөгөөд миний дэвшүүлсэн саналын онцлог нь энэ асуудлыг улс төржилтийн хэрэгсэл болгохгүйгээр хуульд нийцүүлэн иргэдэд өгөөжтэй, үнэ цэнэтэй болгох асуудлыг тавьсанд байгаа юм.
Эдгээр асуудлуудыг Засгийн газрын ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөрт тусгуулж чадсандаа баяртай байна.
Харин уул уурхайгаас ангид бүс байгуулах, экологийн бүс нутгийн үнэлгээ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар гаргасан санал маань дэмжигдээгүй ч цаашид мэргэжлийн хүмүүс анхаарч, зайлшгүй гаргаж тавих асуудал гэж үзэж байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь ирэх 4 жил Монгол улс ямар замаар хөгжихийг хамгийн тодорхой харуулсан баримт бичиг тул чухал ач холбогдол өгч ажилласан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт улс оронд тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, өрийн дарамтаас гарах, улмаар үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд онцгойлон анхаарч олон чухал арга хэмжээг төлөвлөсөн байна.
Ер нь ард иргэдийн санаа бодол, нийгэмд тулгамдсан асуудлууд нилээд сайн туссан чамбай мөрийн хөтөлбөр болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих