Ц.Зориг ерөнхий шүүгч болохын тулд Ерөнхийлөгчийг шахамдуулж байна уу

zorig_0202020

-Монголын Хуульчдийн холбоо Ц.Зориг Дээд шүүхийн ерөнхий шүүгчид өөрийгөө нэр дэвшүүлсэн нь Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн нөхцөл байдлыг үүсгэхээр байна гэж үзжээ-

Манай сонин өмнө нь “Ерөнхийлөгч өө, Үндсэн хууль зөрчсөн шүүгч Ц.Зоригийг томилох уу” гарчигтай нийтлэлийг хүргэж байсан. Тэгвэл энэ удаа Ц.Зориг өөрийгөө хууль зөрчин байж Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшүүлж буйг Монголын Хуульчдын Холбоо хүлээн зөвшөөрч Дээд шүүхэд хүсэлт гаргажээ. Тэд Дээд шүүхийн одоогийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг дахин ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан шийдвэрээ эргэж харах, хууль зөрчсөн асуудлыг тайлбарлуулахыг хүссэн нь энэ.
Учир нь Ц.Зоригийн өөрийгөө ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын Дээд шүүх нийт 25 шүүгчээс 16 шүүгчийн ирцийг бүрдүүлж, өөрийн хүрээний 14 шүүгчийн саналаар Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийг зөрчжээ. Тодруулбал хэн нэгэн өрсөлдөгчгүйгээр өөрийгөө нэр дэвшүүлж, нөгөөдүүл нь ч түүнийг нь хэлэлцэн хүлээн авсан байна. Улмаар Улсын Дээд Шүүх Хуульчдын холбоонд Ц.Зоригийн талаар дүгнэлт гаргуулахаар 2016 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр 4/3175 тоот албан бичгийг хүргүүлсэн байна. Тус холбоо дээрх асуудлыг хэлэлцүүлэхээр 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хурал зарлаад байгаа юм.
Гэхдээ Улсын Дээд шүүхэд урьд нь ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацааг эдэлж дууссан Ц.Зоригийг дахин томилуулахаар ирүүлсэн албан бичиг нь Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн нөхцөл байдлыг үүсгэхээр байна гээд дараах үндэслэлийг заан Улсын Дээд Шүүхэд тайлбар хүссэн албан бичгийг ч буцаан хүргүүлжээ.

Үүнд:
1. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаатайгаар нэг удаа томилох тухайд.
Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно”, Шүүгчийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын Дээд Шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно” гэж заасан нь Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа зургаан жилийн хугацаатай томилох бөгөөд улируулан томилохгүй байхаар ойлгогдож байна.
Гэтэл Улсын Дээд Шүүхээс ирүүлсэн нэр дэвшигч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 234 дүгээр зарлигаар Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдож, 2016 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж дууссан байна.
Бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа улируулан томилж болно гэж Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тодорхой заасан, харин Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг улируулан томилох тухай асуудал хязгаарлагдсан талаар тэмдэглэжээ.
2. Улируулан сонгон, томилох тухайд
2012 онд батлагдаж, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс даган мөрдөж буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан “… нэг удаа …” гэсэн зохицуулалт нь 2010 онд томилогдсон Ерөнхий шүүгчийн хувьд хамаарахгүй гэж үзэх боломжгүй байна. Учир нь энэ заалтын хэрэгжих хугацааг хуулиар тусгайлан зохицуулаагүй, мөн 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, буцаан томилох тухай Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаагүй, энэ утгаараа 2012 онд батлагдсан хуулийн хүрээнд 2010 онд томилогдсон шүүгчийн эрх зүйн байдал дордоогүй гэж ойлгогдохоор байна.
Мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг уг албан тушаалд нь улируулан томилох, дахин томилох гэсэн зохицуулалт Монгол Улсын Хуульд байхгүй байна. Үндсэн хуульд улируулан сонгох, томилох боломжтой төрийн өндөр албан тушаалтны эрхийг тусгайлан зохицуулж заасан байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа улируулан сонгож болно”, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болно” гэж тус тус тодорхой зохицуулжээ.
Эдгээр асуудал нь зөвхөн Улсын Дээд Шүүхийн дотоод асуудлаас гадна Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хуульчид цаашид зөв хэрэглэх, харгалзан үзэхэд дөхөм үзүүлэхийг онцлох нь зүйтэй.
Нэр дэвшигчийн талаар Монголын Хуульчдын холбоо дүгнэлт гаргахын тулд Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвөлгөөний тогтоол болон албан тоотыг гаргах болсон хууль зүйн үндэслэлийг тодруулах хэрэгтэй байна.
Иймд хууль зүйн үндэслэлийг тодруулж, 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөрт багтаан ирүүлэхийг хүсье гэсэн байжээ.
Дээрх албан бичиг болон Улсын Дээд Шүүхээс явуулсан гэх албан бичгийг харьцуулан үзэхэд Үндсэн хуулийн субьект болсон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын эрх хуулийн хүрээнд байх асуудлыг Үндсэн хуулиар иш үндсийг нь тогтоож, Шүүхийн тухай хуулиар амьдралд хэрэгжүүлсэн, Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн багц хуулийн үзэл санааг Улсын Дээд Шүүх алдагдуулсан гэж үзэхэд хүргэхээр ойлгомжгүй байдал үүссэн байх бөгөөд хэрэв Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуулийн үзэл баримтлалыг үл ойшоон зарлиг гарган Ц.Зоригийг дахин томилсон тохиолдолд Үндсэн хуулийн маргаан үүсэх нөхцөл байдал байгааг анхаараасай.
Үндсэн хууль бол хуулийн хуулт төдийгүй аливаа албан тушаалтны эрх мэдлийг хязгаарлан, тэнцүүлсэн, эрх мэдлийг хэт нэг гарт төвлөрүүлхээс урьдчилан сэргийлсэн зохицуулалтыг агуулсан гэдгийг Шүүхийн багц хууль амьдралд хэрэгжүүлсэн юм. Гэтэл үүнийг ийнхүү хууль бусаар Улсын Дээд Шүүхийн тодорхой хэсэг бүлэг болсон шүүгчид эсэргүүцсэн нь Ерөнхийлөгчийг шахамдуулсан зүйл болжээ. Түүгээр ч зогсохгүй Ц.Зориг энэ хууль бус үйл ажиллагаандаа Монголын хуульчдын холбоог татан оролцуулж байна гэхэд ч хилсдэхгүй. Учир нь нэгэнт өөрөө Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийг зөрчсөн нь илэрхий байхад дүгнэлт гаргуулахаар тус холбоонд хандсан байгаа юм.

Улсын Дээд Шүүхийн захиргааны танхимын тэргүүн дээд шүүхийг төлөөлөх эрхгүй, Шүүхийн тухай хууль буюу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч буюу ерөнхий шүүгчийн эзгүйд ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Дээд Шүүхийг төлөөлөхөөр заасан байдаг. Гэтэл Улсын дээд шүүхийн захиргааны танхимын тэргүүн Батсуурь нь эрх мэдлээ хэтрүүлж Монголын хуульчдийн холбоонд Ц.Зоригийг дэмжсэн ерөнхий шүүгчид тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулахаар албан бичиг явуулсан байгаа юм. Энэ нь мөн л хуулиа зөрчсөн байдал. Тодруулбал Улсын дээд шүүх нь Үндсэн хууль буюу холбогдох салбар хуулиа зөрчиж байгаа нь шүүх дампуурсаныг илтгэж байгаагаас өөрцгүй мэт. Дээд шүүхийн ерөнхий шүүгч болох санаархал ийн хуулийг уландаа гишгэж байгаа нөхцөлд Монгол Улсад хуулийн засаглал гэж байгаа эсэх, хуульт ёс гэж үлдсэн эсэх нь анхаарал татахаас аргагүйд хүргэж байна.

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих