Архинаас нь салгахыг Архичин Монголын Ард түмэн хүсч байна

Энд нэг хэлэх үнэн байна. Архи нь байсан цагт монгол хүн уухгүй байна гэж хэзээд ч байдаггүй  юм. Тэд биеэ даагаад дуртай юмнаасаа татгалзаж, дээр нь сонголт хийж сураагүй. Хэдийгээр архи уух нь эрүүл мэндэд муу гэж мэддэг боловч “За энэ хогоор яах вэ” гээд тойроод явж байсан түүх үгүй. Бас дахиад нэг үнэнийг хэлэхэд архи нэг л амссан бол монгол хүнд тааруулж ууна гэсэн ойлголт гэж хэзээд ч төрж байгаагүй юм. “Үхсэн, түрүүний жоохон юм одоо бараг гарчихлаа ш дээ. Хурдан дараагийнх нь архийг олъё. Сэтгээч ээ. Түргэлээч ээ”  гээд л гүйгээд байдаг. Монголчуудын тухай ганц үнэнийг эцэст нь дуулгахад согтуу монгол эр тавьтартай байсан түүх бараг байдаггүй билээ. Бид согтохлоороо энэ бүрзгэрхэн бас эмзэгхэн  амьдралаа бүрмөсөн хөмөрч орхидог. Эрүүл болсон хойноо толгойгоо шаан түмэнтэй харамсавч бүх юм өнгөрсөн байдаг.

Бид ийм л ард түмэн. Одоо бидний  хоёр хүний нэг нь  архичин хэмээх алдар гуншинтай. Өглөө босоод хийдэг үндсэн ажил нь архи олж уух.

“Сайн уу? сайн, юу байна? юмгүй, юу хийж байна? юу хийхэв, архиа уугаад л явж байна”. “Таван зуун цаас өгчих, ганц юмны гуя болгох гэсэн юм” …Ихэнх  харцуулын ярьдаг яриа ийм л хэмжээнд эргэлддэг. Тэд бас “Ганц кг гурилын мөнгө олддоггүй байж ганц шил архины мөнгө хаанаас ч олддог” гэж ярих дуртай. Өнөөдөр тэр ууж байна. Надаас ганц юмны тал гуйлаа. Байвал өгчихье, яагаад гэвэл маргааш намайг ууж байхад хэн нэг нь мөн ингэж бодоод тал шил юмны мөнгө өгнө гэсэн  философи энд үйлчилдэг.

Нэгэнт уухаа больдоггүй, уухлаараа тасартал уудаг, уусан хойноо тавьтаргүй монголчуудын амьдрал тамд байгаа мэт харгис байх нь зүйн хэрэг биз дээ. Дэлхийн хамгийн халуун цэг Ирак, Афганистанд нэг шөнийн дотор нэг гэрийн найман хүнийг гэртэй нь цуг устгачихжээ гэж дуулддаг уу? Тэгвэл Монголд энэ бол ердөө цочирдох мэдээ биш болсон. Хөгшин залуу хүүхэд үүхэдгүй цугларч архидаж байгаад нэг шоронгийн шаар тасрахаараа цөмийг нь алаад гэрийг нь галдаад өөрөө бас угаартаж унаад цуг шатчихсан. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй. Хэрэв хариуцлага яривал гэртээ архидаж байгаад бие биенийгээ алаад шатчихсан хулгайч нарыг би яах болж байна гэж хороон дарга, хэсгийн төлөөлөгч нар нь барьж иднэ биз. Үнэндээ ч бараг тийм. Манай дарга нар ийм мэдээг ямар ч цочирдолгүй хүлээж аваад сурчихчээ.

Монголын нийгэм архичдын нийгэм болоод удлаа. Ийм нийгэмд юу ч хийгээд нэмэргүй. Ямар ч шударга ёс ардчилал эрх чөлөө гэж яриад ямар хэрэг байна вэ?  Ийм нийгэмд ардчилал тэгш эрх, шударга ёс энэ тэрийг яриад хэрэгжүүлэх гэж оролдвол   харин ч  гай болдог. Дээрх эрхэм зүйлс хүний нийгэмд байдаг болохоос архичдын нийгэмд харш зүйл юм. Албан ёсны судалгаагааар манай хүн амын 51.2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг зуршилтай нэг хүнд жилд 33 литр архи  ноогдож байгаа ажээ. Дээр хэлсэн хоёр хүний нэг нь архаг архичин гэдгийн учир энэ юм. Олон улсын хэмжээнд нэг хүнд ноогдох архи жилд найман литрээс хэтэрсэн тохиолдолд аюулын харанга дэлддэг жишигтэй юм байна. Байдал ийм болсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн газраас анхаарч үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ойрын хугацаанд  Монгол дахь архидалтын байдлыг хэлэлцэх гэж байгаа нь цагаа олсон хэрэг боллоо. Энэ тухай зүгээр хэлэлцээд орхих биш, энэ хүнд байдлаас гарах гарцаа олцгооё хэмээн үзэж байгаа биз ээ.

Монголд архидалт ингэтэл хавтгайрч байгаа энэ байдал нь олон жил үргэлжилж байгаа, архидалтаас үүдсэн гэмт хэрэг үүнээс нь үүдсэн хүн амины хэрэг хэрээс хэтэрч байгаа энэ цаг үед тэгээд дээрээс нь хорлож байгаа юм шиг хоёрын хооронд хорь гучин мянган төгрөг зүгээр байхад нь архины чинь мөнгөнд нэмэр гэж төрөөс өгөөд байх болж  байгаа энэ цаг үед төр архин дээр хатуу бодлого гаргах цаг болсон.  Үүний тулд яах ёстой вэ. Монгол Улсад архи согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдаалж борлуулах, ууж хэрэглэхийг хуулиар хориглох хэрэгтэй байна.  Ердөө л ийм хууль хэрэгтэй.  Үүнийг зөрчигсдөд эрүүгийн хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна. Энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг төр олон нийтийн олон байгууллагуудыг байгуулж төрөөс санхүүжүүлэх хэрэгтэй. Энэ бүхний үр дүнд яах вэ? Эхлээд архигүй болно. Архи нь байхгүй байхад архичин байна гэж байх уу?

Дуугаар эхэлж уйлаанаар төгсдөг архидалт байхгүй болно. Хундага тулгалтаар эхэлж нударга зөрүүлэлтээр төгсдөг архидалт зогсоно. Гоёлын даашинзтай бүсгүй осгож үхэхээ болино. Архи хорихоор далд наймаа шаг хөгждөг гэсэн яриа байдаг. Хөгжөөд хөгжөөд ил зарснаас мянга дахин багасах нь дамжиггүй бус уу.  Элдэв үнэртэн ууж үхдэг юм гэсэн тэнэг яриа байдаг. Тэгнэ  л биз дээ. Тийм болтлоо архинд орчихсон юм ер нь хэзээ хэнд хэрэгтэй юм бэ. Архи байхгүй болохоорэхэндээ жаахан уйтгартай байж магадгүй, гэвч жаахан удаж байгаад хүмүүс ажил хийгээд эхэлнэ. Ядахдаа хашаа хороогоо хадаж гэр орноо янзлаад эхэлнэ. Олон, олон жил дайн тулаанд яваад эзгүй байсан эрчүүд эргээд ирж байгаа мэт. Ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг, янхандалт бөөдөлт бүгд байхгүй болно. Ядуу учраас архи ууж байна гээд байдаг юм. Үгүй  шүү, архичин учраас ядуу байгаа юм. Архигүй нийгэмд ардчилал эрх чөлөө энэ тэрээ ярьж болно доо. Ажилгүй учраас архи ууж байна гэсэн яриа байдаг юм. Үгүй дээ, архи уугаад байгаа учраас л өөр ажил хийхгүй  байгаа юм шүү дээ. Архидалт гэдэг асар том хорлонт ажил. Архигүй болохоор хүн архидахаас өөр ажлыг хийгээд эхэлдэг юм. Яагаад гэвэл хүн ерөөсөө зүгээр суудаггүй онцлогтойгоор бүтээгдсэн байгалийн аугаа их бүтээл билээ.

Хуурай хууль АНУ-д туршсан, асар их хор нөлөөтэй гэж яригсад бий. Энэн шиг худлаа юм байхгүй. Ийм яриаг архи уудаггүйчүүд голдуу гаргадаг. Монголд архи уудаггүй цөөхөн хүн бий. Та нар ажиглаарай. Тэр хэд бүгд Монголын бүх өөдтэй өнгөтэйг нь өөрийн болгоод авчихсан байдаг юм ш тээ. Тэд архи уудаггүй учраас л баян бас эрүүл байгаа юм. Харин ард түмэн архичин байх нь тэдэнд амар байдаг. Архи нь асуудалгүй олдож л байвал тэдэнд өөр юу хэрэгтэй гэж. Архины хуурай хуулийг архичингууд яасан их дэмжих бол. “Биднийг энэ хар хорноос салгаад өгөөч ээ. Төр засаг гэж юм байна уу?” гэж тэд орилолдож байдаг юм. Жирийн олон ардчиллын сайхныг мэдрэхээсээ илүү ташуурын амтыг мэдэрэхийг хүсч байдгийг угсаа муутай манай ноёд яаж ч мэдэх билээ дээ. Энэ социализмын хараал архин далайгаас гарч чадвал монголчууд бидэнд хөгжил гэдэг чинь юухан байх вэ дээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих