Сэргэж дуусдаггүй хийморийн балаг

148886398958be42f52a219Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Бурхан халдун ууланд түүний булш бий хэмээн монголчуудын эрхэмлэн шүтдэг уул. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон бөгөөд 1992 онд 12 мянган км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан байдаг. Харин 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан халдун уулыг төрийн тахилгат уул болгосон билээ. Ийнхүү эрчүүд Бурхан халдуныг сүсэглэн биширч, хийморио сэргээхээр зорьдог болсон нь энэ.

Жил бүрийн сар шинийн дараа хийморио сэргээнэ гээд Бурхан халдун уулыг зорьдог эрчүүдийн тоо энэ жил бүр ихсэв. Арга ч үгүй биз. Дагваа аварга, Алтантүрүү хоёр Бурхан халдун ууланд хонож, нэвтрүүлэг хийсэн нь эрчүүдийг тийш нь хөтлөх сэдлийг нь өгчихсөн юм хойно. Ингээд л эрчүүд найз нөхдөөрөө, ажлынхнаараа, олуулаа, ганц хоёроороо гээд л хувийн бэлтгэлээ базааж аваад Хэнтий аймгийг зорьсон юм. Гэтэл эрчүүд яав. Хийморио сэргээх нэрийдлээр Бурхан халдуныг буртаглаж, байгальд хогоо хаяж, бохирдуулж байна. Түүнийгээ юман чинээ тоолгүй байгаль дэлхийгээ бохирдуулчихаад хаяад явж байгаа эрчүүдийн хийморь нь хаанаа байна вэ. Яасан ч сэргэж дуусдаггүй хийморь вэ дээ.

Эмэгтэй хүний сүүдэр ч тусах эрхгүй энэ уулыг эрчүүд “өмчилчихсөн”. Харамсалтай нь тэд уулыг сүсэглэн биширч, хайрлах бус бохирдуулж, хогоо хаяад зогсохгүй тэдний асаасан гал, арц, зулнаас болж гал гарсан хэрэг гарчээ. Гурав, дөрвөн мод шатаж байхад хэсэг залуус байгаль хамгаалагч нартай нийлж гал түймрийг яаралтай унтраасан байна. Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Гал түймрийг яаралтай унтрааж чадаагүй бол байгаль дэлхийг сүйтгэх их аюул үүсэх байлаа.

Сэргэж дуусдаггүй хийморийн балаг үүгээр дуусахгүй нь бололтой. Эрчүүд минь хийморио сэргээх гэж тахилгатай уулыг зорьж байгаа л бол байгаль эх дэлхийгээ хайрлаж, хамгаалж байгаач! Чадахгүй бол хийморь сэргээнэ гэж нэгийгээ дуурайж хэлбэртэж байхын оронд тахилгат уулыг зорихгүй байх хэрэгтэй шүү дээ. Зөвхөн Бурхан халдун уул гэлтгүй Шилийн Богд, Хийморийн овоог хүртэл ямар болгож орхидгийг бид гэрэл зурагнаас бэлхнээ харж болно. Ийм л баймааргүй байна. Бурхан халдун ууланд хятад хүн гарлаа гээд нийлж аваад зодож, бичлэг хийж, өөрсдийгөө жинхэнэ эр хүн мэтээр ойлгосон эрчүүдийн хийморь гээч нь Бурхан халдунд очсоноороо сэргэж, очоогүйгээрээ сэргэдэггүй эд ч бас биш юм гэдгийг ойлгох ухаан ихэнх эрчүүд бий гэдэгт найдаж байна.

Сэргэж дуусдаггүй хийморийн балаг үүгээр дуусах болтугай.

Ц.Энх

http://www.caaknews.mn/n/c7d8072c


URL:

Сэтгэгдэл бичих