Ж.Батзандан: Сонгууль хэтэрхий ойртсон учраас улстөрчид эрүүл ухаанаа алдчихаад байна

- Эрүүл ухаанаа алдсан улстөрчид сайн хууль баталж чадна гэдэгт би итгэхгүй -

Ж.Батзандан гэх энэ эрхмийг Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнөөр нь илүүтэй мэднэ, Монголчууд. Гандан бууршгүй тэмцэгч хэмээгдэж явсан түүнд Монголчууд хайртай байсан.

Харин 2008 оны долдугаар сарын нэгний үймээнийг санаачлагч, зохион байгуулагч гэгдэж бараг л цаазын ял сонсох дөхснийхөө дараахан АН-д гишүүнээр элссэн нь олон хүний итгэлийг нурааж орхисон. Гэхдээ түүнийг гадаадад байдаг Монголчууд биднээс өмнө таньдаг байсан юм билээ.

Онлайнаар нийтлэл бичдэг байсан түүний талаар цахим хуудсаар нөхөрлөдөг андууд нь “Заагий шударга ажиллагаатай эрх зүйт төрийг байгуулахын чухлыг, эс тэгвээс бид 90 оны эхэнд хийсэн Ардчилсан хувьсгалын олон үнэт зүйлээ алдаж болохыг сануулсан, МАХН яагаад 2000 оны сонгуулиар төрийг дангаар удирдах хэмжээнд томорч ирснийг тайлбарлан анхааруулсан, тийм нөхцөл үүсэхэд хүргэсэн Ардчилсан намын алдаа эндэгдлийг ч хайр найргүй шүүмжидэг.

Тэрбээр нийгэмд бугшаад буй элдэв болж бүтэхгүй зүйлийг угшил гарал хийгээд бүрдээд буй тогтолцоотой нь холбон тайлбарлаж зоригтой дуугарч чаддаг. “хэмээн бичиглэснийг 2008 онд уншиж байснаа санаж байна, үймээний хэргээр хоригдож байх үед нь шүү дээ. Ингээд Ж.Батзандантай уулзаж, ярилцсанаа хүргэе.

-Сүүлийн үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал олны анхаарлын төвд байна. Үнэхээр нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол болохоо байчихаад байна уу. Мөн МоАХ-ны зүгээс Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Хэлэлцүүлэг гэдэг бол шийдвэр гаргалтын хамгийн чухал хэсэг. Хэлэлцүүлэг, бодлого, шийдвэр гаргалт гэсэн гурван үе шаттайгаар бие хүмүүс өөрчлөгддөг юм. Миний хувьд МоАХ-ноос Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор хэлэлцүүлэг зохион байгуулж буйд их талархалтай хандаж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлтэй холбоотойгоор олон санал санаачлага гарсан байна.

Судалгаанаас харахад иргэдийн 50 гаруй хувь нь Үндсэн хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж узсэн байна. Өдгөө хэрэглэгдэж буй Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 онд баталсан. Өмнө нь 1961 оны Үндсэн хуулиараа л явж байсан шүү дээ, бид.

Үндсэндээ бид 1924, 1940, 1961, 1992 оны гэсэн дөрвөн Үндсэн хуультай. Ер нь бол 1992 оны Үндсэн хууль өөрийнхөө зорилгыг биелүүлж чадсан уу, үгүй юу гэдгээс хамаарч Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэх асуудал гарч ирчихээд байгаа юм. Үндсэн хуулийн 2.16 гэж та бүхэн мэднэ. Монгол Улсын хүний үндсэн эрхийн тухай зүйл заалтууд маш тодорхой байдаг шүү дээ, тэнд.

Мэдээж Үндсэн хуулийн маань гол зорилго, зорилт Монгол оронд иргэний хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах явдал. Гэвч хүний эрхийн хэрэгжилт талаас нь сүүлийн 20 жилийн хөгжлийн хандлагыг дүгнэж үзэхээр Монгол оронд ядуурал газар авч, хүний эрхийн зөрчлүүд буурсангүй. Ялангуяа үндсэн эрхийн зөрчлүүд…

Тэгэхээр Үндсэн хууль маань тавьсан зорилго, зорилтодоо хараахан хүрч чадахгүй байна гэсэн үг. Үндсэн хуулийн зохицуулалт тэр чиглэл рүүгээ сайн болж чадахгүй байна гэж бид дүгнэж байгаа.

Ялангуяа нийтийн эрх ашгийн асуудал маш их орхигдсон. Сүүлийн 20 жилд хувийн эрх ашиг, хувийн өмчийг хамгаалах чиглэлд нэлээд олон ажил хийгдсэн боловч яг нийтийн эрх ашигт тулаад ирэхээр олон нийтийн эрх ашгийн асуудал маш их орхигдсон байна. Тиймээс Үндсэн хуульд олон нийтийн эрх ашгийг хамгаалах заалтуудыг түлхүү оруулж өгье гээд байгаа юм.

Жишээ нь УИХ, Засгийн газар, захиргааны байгууллагууд нийтийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр Үндсэн хуулийн Цэцэдханддаг, нийтийн эрх ашгийг хамгаалахаар захиргааны шүүхэд ханддаг тогтолцоог оруулж өгөхгүй бол өнгөрсөн 20 жилийн түүхээс харахад бидний нийтлэг эрх ашиг, олон нийтийн эрх ашиг дэндүү хол орхигдсон байна.

Энийг өөрчлөх чиглэлээр Үндсэн хуульд томоохон өөрчлөлт, шинэчлэлт ороосой гэж хүсч байна, хувь хүнийхээ хувьд. Нөгөө талаас өнгөрсөн 20 жилийн туулсан замналаа эргээд харахад бид орон нутгаа хөгжүүлэх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж их ярьсан ч нарийвчлан зохицуулж өгөөгүйгээс орон нутгийн эдийн засгийн эрх мэдэл, эдийн засгийн эрх чөлөө маш их хумигдаж. Үүнээс болоод орон нутгийн хөгжил саарсан байна.

Тиймээс бид орон нутгийн эдийн засгийн бие даасан эрх мэдлийг баталгаажуулах чиглэлд Үндсэн хуульд маш тодорхой заалтууд оруулах ёстой. Гурав дахь хүсч байгаа заалт бол улстөрийн хариуцлагын асуудлуудыг нэмэгдүүлэх явдал.

УИХ-ын гишүүн хууль зөрчсөн тохиолдолд УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тэр тогтолцоог, мөн Засгийн газар болон Засгийн газрын гишүүд Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд шууд хариуцлага тооцдог, иргэний хариуцлагад татдаг Засгийн газрын гишүүнээс татдаг тэр тогтолцоог тодорхой оруулж өгмөөр байгаа. Дөрөв дэх заалт бол шүүхийн тогтолцоо болон шүүхийн эрх мэдэлтэй холбоотой.

-Тодруулбал?
-Үндсэн хуулийн Цэц, Дээд шүүх болон шүүхийн эрх мэдлийн байгууллагууд улстөрөөс ангид байх ёстой. Улстөрийн намуудаас хараат бус байх ёстой ч харамсалтай нь Үндсэн хууль болон хуулийн зарим тодорхойгүй цоорхой, хийдлээс болоод шүүх улстөрийн шинжтэй шийдвэр гаргадаг болчихлоо. Үүнийг болиулъя.

Тухайлбал, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр улстөрийн боловсролтой хүн байж болно гэсэн заалтыг авч хаях ёстой. Улстөрийн боловсрол гэдэг бол нарийн мэргэжил, боловсрол биш. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хуульч байх ёстой, тэртусмаа Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн хуульч.

Шүүх дээр ч тэр… Өмнө нь улстөрийн ажил хийж байсан хүмүүсийг томилж огт болохгүй. Прокурор ч ялгаагүй. Германы Үндсэн хуульд сүүлийн 5-10 жил улстөрийн алба хашаагүй хүнийг шүүх, прокурор дээр томилно шээд заачихсан байдаг. Гэтэл манайд улстөрч нөхөд л шүүхч, прокурор, Үндсэн хуулийн Цэцэд томилогддог.

Энэ байдал нь эргээд манай улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлд саад болоод байгаа юм. Ийм асуудлуудыг Үндсэн хуулийн шинэчлэлийн дагуу нарийн тодорхой зохицуулж өгөх ёстой.

-Сонгууль дөхсөн ч сонгуулийн хууль батлагдаагүй л байна. хуулиараа 11 дүгээр сарын 31-нээс өмнө батлагдах ёстой. Хэрвээ ирэх сонгуулиар ашиглах бол тэр шүү дээ. Гэтэл сүүлийн үед парламентад суудалтай намууд тоон дээр маргаад гацаж орхилоо. Энэхүү үйл явцыг хэрхэн харж байна вэ, ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
-Сонгуулийн хуулийн явц тодруулбал, сонгуулийн хууль системийг боловёронгуй болгох асуудал маш удаашралтай байна. Уг нь бол зайлшгүй хийх ёстой шинэчлэл шүү дээ.

Өөрөөр хэлбэл зайлшгүй хийгдэх ёстой шинэчлэлүүдийн нэг гэж ойлгож болно. Харамсалтай нь манай улстөрчид сонгуулийн хуульд сонгогчдын эрхийг хамгаалах талаас нь хандахаасаа илүүтэйгээр өөрсдийнхөө болон намынхаа эрхийн талаас харж, явцуу эрх ашгийн үүднээс асуудалд хандаад байна л даа.

Өнөөдөр сонгууль хэтэрхий ойртчихоод байгаа учраас улстөрчид эрүүл ухаан алдчихаад байна гэж би харж байна. Эрүүл ухаанаа алдсан хүмүүс сонгогчдын эрхийг хангасан, сонгуулийн шинэ системийг шингээсэн сайн хууль баталж чадна гэдэгт би л хувьдаа итгэхгүй байгаа.

Гэхдээ мэдээж тодорхой дэвшлүүд гарч байна. Санал тооллогыг автоматаар машинаар тоолж, автоматжуулах асуудал шийдэгдчихлээ. Мөн орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг хамтад нь хийх асуудал хуульчлагдчихлаа.

Энэ бол яах аргагүй том дэвшил. Одоо сонгуулийн системээ боловсронгуй болгож, пропорциональ элементийг илүүтэй оруулах чиглэлд хэдэн алхам хийчихвэл тодорхой хэмжээнд амжилт гарах байх гэж найдаж байна. Нөгөө талаас сонгуулийн хяналт, ажиглагчдын эрхийг нэмэгдүүлэхээс гадна сонгуулийн маргаан гарсан тохиолдолд түүнийг хянан шийдвэрлэх тогтолцоог боловеронгуй болгох гээд хэд хэдэн чухал асуудал байгаа.

Түүнээс биш маргалдаад байгаа тэр тоо бол чухал биш. Шуудхан хэлчихэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, багасгах нь чухал биш гурав, дөрөвдүгээр асуудал. Харин системийн асуудал бол яах аргагүй нэгдүгээр асуудал шүү.

-Түүнээс гадна сонгууль дөхөөд гуравдагч хүчний нэгдэх, эвсэх үйл явц нэгээхэн хүчтэй өрнөж байна. Энэхүү намуудын нэгдэл Монголын улстөрд өөрчлөлт авчирч чадах болов уу?
-Улстөрийн эвсэл байгуулагдах үйл явц бол аль ч улс оронд сонгуулийн өмнө болдог л зүйл. Сонгуулийн дараа тэр эвсэл нь тардагсан уу, бутардагсан уу, үүрд мөнх хамтдаа байна уу гэдэг нь тусдаа асуудал шүү дээ. Ямар ч байсан сонгууль дөхөж байгаа учраас улстөрийн эвсэл нэгдлүүд шинээр байгуулагдах нь зүй ёсны хэрэг. Хууль зүйн орчин талаасаа яривал Монгол бол олон намын системтэй улс гээд заачихсан.

Олон намын систем гэдэг сонгуульд хоёр нам биш, дор хаяж гурваас дээш нам оролцдог байна гэсэн үг. Төрийн эрхийг хоёр нам ээлжлэн барих биш, гурав буюу түүнээс дээш намууд ээлжлэн барьж, харилцан хяналт тогтооно л гэсэн үг шүү дээ. Харамсалтай нь манай улс сүүлийн үед хоёр намын системтэй болчихоод байна. Тэр хоёр нам нь нийлдэг нэгддэг, хуйвалддаг систем бий болчихлоо. Үүнийг өөрчлөх л ёстой.

З.Урсгал
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих