Баяр наадмын өдрүүдэд өрхийн эмнэлэг ажиллана

10373

Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 10-16-нд хооронд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

2017 оны долоодугаар сарын 10-17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/93 тоот тушаал гарсан байна. Мөн энэ өдрүүдэд “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт ажиллах хариуцлагатай жижүүрүүдийг томиллоо.

Түүнчлэн “Баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/90 тоот тушаалаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих