А.Баатархуяг: Эцсийн шат хүртэл давж заалдана

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх “Намайг гүтгэсэн” гэх үндэслэлээр сэтгүүлч А.Баатархуягийг шүүхэд өгсөн. Саяхан хэргийг шүүж А.Баатархуяг түүний эхнэр Г.Уянга нарт 12 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм. Уг асуудлаар А.Баатархуягтай ярилцлаа.

-Л.Гансүх сайдыг гүтгэсэн хэргээр шүүхээс танд торгууль ногдууллаа. Энэ шийдвэрийг юу гэж үзэж байна?

-Шүүхийн шийдвэр байтугай Монгол Улсад болж байгаа олон зүйлтэй санал нийлэхээ байгаад удаж байна. Энэ “баагийнууд”-ыг чинь авлигын хэрэг шалга гэсэн юм. Гэтэл анхнаасаа сэтгүүлчдийг буруутгадаг систем руу орж шийдвэрийг эсрэг талд гаргачихлаа. Би энэ хугацаанд хэд хэдэн асуудлыг тавьж байсан. Энэ байрных нь үнийг анзаараач ээ. Хоёрдугаарт ланжгар авлигын хэрэг яваад байна. Ийм, ийм асуудал гараад байх юм шалга гэж. Мөн Оюу толгойн гэрээг байгуулж, Ухаа худаг, Гашуун сухайтын чиглэлд зам тавих эрх өгсний дараа “Энержи ресурс”-д хамаардаг MCS компанийн дэд захирлаас нь Байгаль орчны сайд байр авдаг нь ямар учиртай юм. Энэ логик талдаа нэг асуудал дагуулаад байгаа юм биш үү гэдгийг ч сөхсөн. Гэтэл тэр байр чинь 165 сая төгрөгийн үнэтэй гэдэг руу аваачиж хийгээд биднийг тайлбар тавихад нотлох баримтгүй юм байна гэж гүрийсээр шүүхийн шийдвэрийг гаргаж байгаа юм.

Зах зээлийн нийгэмд аливаа зүйл хэт хямд юм уу хэт үнэтэй байвал ардаа асуудал дагуулдаг.

Тэр жишгээр Л.Гансүх сайд байрныхаа төлбөрт 120 сая төгрөг бэлнээр өгчихөөд гурван сайтын нэр 45 саяар үнэлээд өгчихье гэснийг юу гэж ойлгох вэ гэдгийг гол болох ёстой. Ийм л асуудал тавьж байсан. Гэтэл шүүхийнхэн эрх бүхий байгууллага үүнийг тогтоосон гэж “хусдаг юм”. Тэгэхээр нь би хэлсэн та нарын улс төр, эдийн засгийн боловсрол чинь хааччихсан юм гэж. Түүнчлэн Л.Гансүхийн өмгөөлөгч гээд нэг нөхөр яваад байсан. “Олонхи нь сүйрэхээ мэдээд хахаж үхтлээ цусалж байна” гэсэн өгүүлбэрээр манай сайдыг доромжилсон гээд. Тэгэхэд нь би мөн л хэлсэн “Олонхи гэдэг чинь УИХ-ын тухай хуульд байна. Парламентын 39-өөс дээш суудлыг авсан улс төрийн байгууллагыг олонхи гэдэг юм. Тэгээд тэр Л.Гансүх чинь олонхи мөн үү” гэж. Гэтэл “Үгүй манай сайдыг л доромжилсон” гээд надтай үзэж эхэлсэн дээ. Яах вэ сая нэг шог жүжиг шиг л юм болоод өнгөрлөө. Шүүх хурлын дараа ч би тэдэнд хэлэх үгээ хэлсэн, “Битгий ийм коммунист зантай бай. Наад хуулийн мэдлэгээ дээшлүүл. Би та нараас арай дээр мэдлэгтэй юм байна. Гэхдээ та нар “гөрдөх”-дөө сайн юм даа. Давж заалдана” гэж хэлээд л гарсан.

-Та Л.Гансүх сайдыг сая ам.долларын байртай гэснээс өөр юу гэж бичсэн юм?

-Миний нийтлэлд ийм хоёр өгүүлбэр байгаа. “Олонхи нь сүйрлээ мэдээд хахаж үхтлээ цусалж байна” гэсэн нэг өгүүлбэр. Үүнийг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад алга болсон юм, уг нь. Хуулиндаа гурван сар л байдаг юм билээ. Гэтэл тэд саяын шүүх хурлаар энэ асуудлыг мөн татаж оруулж ирж байна лээ. Түүнээс гадна “АН-ын Л.Гансүх, МАХН-ын (хуучин) Ё.Отгонбаяр нар сая ам.долларын байранд айлсав” гэсэн бас нэг өгүүлбэр байгаа юм. Яахав хоёулаа MCS-ийн байранд байдаг. Тиймээс айлсаад гэж хэлж байгаа юм. Үүнийгээ ч би тайлбарласан. “Ё.Отгонбаяр сайдын байрыг үзсэн үү. Л.Гансүх сайдын байр лав 165 сая төгрөгөөс дээш үнэтэй. Нийлээд нэг сая ам.долларын өртөгтэй болж байгаа юм биш үү” гэж. Тэгээд ч хоёулаа тэр байранд байгаа нь үнэн. Гэтэл Л.Гансүх нь гүтгүүлсэн гээд Ё.Отгонбаяр нь тэгж үзэхгүй байна шүү дээ. Тэр байтугай олонхи гэдэгт Ё.Отгонбаяр сайдад илүү хамаатай байх. Эсвэл АН-ынхан хамтарсныгаа олонхи болчихлоо гэж үзээд байгаа юм уу. Тиймээс илүү их хамааралтай Ё.Отгонбаяр гүтгүүлсэн гэж үзээгүй байхад гүтгэлгийн хэрэг биш л байгаа биз дээ. Ингэж тайлбарлаад байхад шийдвэр гаргаж шийтгэл оногдуулна гэсэн. “Яахав торгоод өнгөрье. Гэхдээ аймаар бага мөнгөөр торгоно” гэж байгаа юм даа.

-Шүүхийн шийдвэр нэгэнт “12 сая төгрөгөөр торгоно” гээд гарчихлаа. Тэгэхээр энэ торгуулийг төлөх үү?

-Давж заалдана. Юу гэж тэрэнд “май” гээд 12 сая төгрөг өгч байдаг юм. Тийм юм байхгүй ш дээ. Тэд албан ёсоор асуудлыг тавихдаа авлигын хэрэгт намайг гүтгэсэн л гэсэн. Тэгэхээр тэр авлигыг нь шалгах ёстой биз дээ. Оюу толгойн гэрээ, Ухаа худагийн зам, байшингийн үнэ нь ямар учиртай юм гэдгийг шалгах хэрэгтэй. Тэр байр зарсан хүнийг нь авчраад асуу. Ямар учраас өгсөн гэх мэтээр. Түүнээс биш манай сайдыг доромжилсон гээд байж болохгүй, Уг нь би хэлсэн л дээ. “Наад байрны чинь үнэ 165 сая төгрөг юм бол батлаад надад тэр үнээрээ зарчих” гэж. Бодитоор нь үнэлээд өгөх юм бол бид тав” арван төгрөгөө нийлүүлээд авж л таарна. Ганцхан Л.Гансүх л надад тэр байраа 165 сая төгрөгөөр өгчихөг, авлига  аваагүйнхээ баталгаа болгоод. Тэгвэл хамаагүй би уучлал гуйж болж байна. Хэрвээ тэр нөхөр “Үгүй ээ. Энэ 500 сая төгрөгийн үнэтэй. 165 сая төгрөгөөр юу гэж зарж байдаг юм” гэвэл цаана нь асуудал байгаа биз. Дор хаяж татвараас бултсан хэрэг үүснэ. Хамгийн харамсалтай нь манай энэ хууль хяналт, прокурорын байгууллагад яг ямар    боловсролтой хүмүүс ажиллаад байгаа юм гэдэг асуудал үүсээд байна. Суурь боловсролгүй ийм хүмүүс хэнийг ч аваачаад яаж ч магадгүй байхгүй юу. Нөгөө Дотоодыг хамгаалахын ногоон малгайтнууд шиг хүмүүс одоо ч байна. Тэгэхээр бүгдийг нь цэвэрлэхгүй бол болохоо больчихож гэсэн ойлголт сая төрлөө. Асуудлыг тайлбарлахад ойлгохгүй байна лээ. Тэд одоо эдийн засаг, улс төрийн асуудал дээр дахиад хагас жилийн хичээл үзэх ёстой. Тэрнийх нь дараа юм яривал ойлгож магадгүй.

-Тэр хүн ийм хэргийг шийдэх гэж байр саваа зарах уу?

-Зүгээр нэг хэрэг гэж үзэж болохгүй. Уянга бид хоёрын хувьд босгосон амьдрал, нэр төрийн асуудал яригдаж байна. Тэр байтугай түүний ч нэр төрийн асуудал шүү дээ.

-Хэргийг заавал ингэж даамжруулалгүй уучлалт гуйгаад өнгөрч болоогүй юм уу. Л.Гансүх сайд хэлэхдээ хэрвээ тэр хоёрыг уучлалт гуйвал өргөдлөө татаж авахад бэлэн байна гэж байсан?

-Яасан гэж уучлалт гуйх вэ. Ер нь сэтгүүлчид бид нэг байр сууриндаа байх ёстой. Тэгэхгүй “Намайг уучилчихаач дээ Гансүх ээ. Чи бид хоёр хамт ажиллаж байсан ш дээ. Хөгшин нь чамайг “Худлаа хусчихажээ. Уучлаарай” гэх юм бол бид яах гэж юм бичиж байсан юм. Зүгээр л шалчганаад л явж байх хэрэгтэй шүү дээ. Уг нь гадуур ингэж яриад байгаа юм. Хоёр гурван гэрээний дараа эрх ашгийн зөрчилтэй байгууллагаасаа хямдхан байр авлаа гэж. Түүнийг нь авлигын хэрэг байж магадгүй. Эх орноо зараад байгаа юм биш үү гээд бичиж нийтлээд дэлгэхэд тэрийг нэг байшингийн асуудал болгож хувиргаад, нотлох баримтгүй болгож цавчаад хүнд ял оноож байна. Энэ нь найзан дундаа асуудал яавч биш. Тийм болохоор бид уучлалт гуйхгүй. Түүнээс гадна Л.Гансүх сайд гүтгүүлсэн нь үнэн юм бол ямар нэгэн хохирол амссан байх ёстой. Сайдын суудлаасаа буусан эсвэл рейтинг нь унасан гэх мэт. Гэтэл тэгж хохирол амссан ямар ч тохиолдол байхгүй байгаа юм.

-Энэ хугацаанд Л.Гансүх сайдын зүгээс ямар араншин гаргаж байв?

-Ял өг. Ийм л зүйлийн хойноос хөөцөлдөж байсан. Энэ хоёрыг бариад хориод өгөөч гэсэн. Хамгийн сүүлд л гэхэд Уянгаа төрчихсөн байна. Наадахыгаа бариад хорь л доо гэсэн бичиг хүртэл явуулж байгаа байхгүй. Би тэрнээс хойш Л.Гансүхийг ёстой “чёрт”, хумсын чинээ ч үнэлэхээ байсан. Юу гэсэн үг юм. Хүн төрөөд нэг сар болж байна. Тэрнийг хорь гэдэг нь.

-Тэр бичгийг та өөрийн нүдээр харсан байх нь ээ?

-Харалгүй яадаг юм. Харсан болоод л ярьж байна.

-Нэг хэсэг хамт ажиллаж байсан хүмүүс. Асуудал үүссэнээс хойш уулзаж, ярилцав уу. Юу гэж байх юм?

-Ерөөсөө таараагүй.

-Л.Гансүх сайд саяхан нэг ярилцлага өгөхдөө та хоёрыг их мөнгө олдог юм шиг байна лээ гэж хэлсэн байна лээ?

-Наадахь чинь их ноцтой асуудал. Сайт руу орж ярилцлагатай нь холбогдуулж бичсэн сэтгэгдлийг нь харахад энэ хоёр шантааж хийж мөнгө олдог гэсэн байна лээ. Хэрэв тийм юм бол өөрийг нь хүн гүтгэсэн хэргээр жинхэнэ шүүхэд өгнө. Төрийн өндөр албан тушаалтан гээд дуртайгаа ярьж байдаг. Бид амаа үдүүлчихээд сууж байж болохгүй биз дээ. Тийм нийгэм биш. Ер нь бид ингэж тэмцээд байгаа нь нийгэмд бий болсон энэ тогтолцоо нь ямар новшийн юм бэ гэдгийг харуулах том дохио гэж үзэж байгаа. Тэрнээс биш бид хоёр айж, ичээд байх юм алга. Ер нь нийгмийн бүх шатанд ийм зүйлийг нь илрүүлнэ. Ийм муу идээ бээрийг нь шахаж гаргаад эрх баригчдын үнэн нүүр царайг нь илчлэх хэрэгтэй.

Л.МӨНХТӨР


URL:

Сэтгэгдэл бичих