В.Путин 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдэв

527-1512609470p1c0n8gfcc11v61nam1e4a36u163a3НИЖНИЙ НОВГОРОД. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ  Доод Новогород хотод болсон ГАЗ авто машин үйлдвэрийн ахмадууд болон ажилчидтай уулзах үеэрээ мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

В.Путин гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх тухайгаа мэдэгдэхэд тус үйлдвэрийн ажилчид алга нижигнүүлэн ташсан байна.
“Сонгуульд оролцох тухай байр суурийг минь халуун дотноор хүлээж авсанд баярлалаа. Эрхэлсэн ажилдаа үнэнчээр зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй та бүхэнд талархаж байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн В.Путин хэлжээ.
Өмнө нь тэрбээр “Оросын сайн дурын ажилтан 2017” шагнал гардуулах ёслол дээр ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэх тухай асуултад хариулахдаа “Ямар ч хүний хувьд энэ бол маш хариуцлагатай шийдвэр. Зөвхөн ард  иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулж, улс орноо илүү хүчирхэг болгох хүсэл эрмэлзэлтэйгээс гадна хүмүүсийн итгэлийг хүлээсэн хүн л ийм шийдвэр гаргах хэрэгтэй” гэж байсан юм. Мөн тэрбээр уг ёслолын ажиллагаанд оролцогчдоос “Үүнтэй холбоотойгоор надад нэг асуулт байна. Хэрвээ би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэр гаргавал та болон таны ойр дотныхон миний шийдвэрийг дэмжих үү?” гэж асуухад танхимд байсан хүмүүс нэгэн дуугаар “дэмжинэ” хэмээн хариулж байжээ.
В.Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны 5 дугаар сарын 7-нд дуусах юм. Ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд тэрбээр төрийн тэргүүний албыг зургаан  жил /2018-2024/ хаших юм.
Э. Аянзаяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.