«Хоёр толгой»-н хооронд эргэлдсээр ховор металлаас олох ашгаа тооцоогүй юм байна шүү дээ

Манайхан сүүлийн үед юун алт, зэс, яасан нүүрс, цаана чинь газрын тос, уран, ховор элемент гэх нь олширч. Уг нь ч Монголд газрын гүнээс гарч болох бүх төрлийн баялаг байдаг аж. Гэхдээ идэх хоолондоо эзэн сууж чадаж байгаа эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Өглөө ажилдаа ирмэгцээ олон улсын сайтуудаас Монголтой холбоотой мэдээлэл хайхад голдуу гадны компаниуд манайд ашигт малтмалын лиценз эзэмших болсон, хайгуулын төсөл хэрэгжүүлэх гэж буй, шинэ орд илрүүлсэн гэж гарсан байдаг.

Өдгөө манай улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани төдий л олонгүй. Ялангуяа, олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж, технологи үйлдвэрлэгч орнууд нийлүүлэгч олохоор мэрийж буй энэ үед Монгол Улс газрын ховор металлын нөөцтэй гэдгээ саяхан олж мэдсэн нь тун тусгүй. Тэр дундаа гадныхны тусламжтайгаар ийм баялагтай, энэ нь өдгөө од болоод байгааг ойлгож авсан. Тэгсэн атлаа түүнийгээ минийх гэж бардам зарлан, олборлож ашиглах бодлогоо тодорхойлчихоогүй л явна.
Ховор металл үнэхээр ховор тохиолдох эрдэнэ үү?
Ховор элемент гэгч энэхүү “амин чухал” металлуудыг 1794 онд Финландын химич Юхан Гадолин анх илрүүлжээ. Гэтэл “ховор” гэх нэртэй эдгээр элементийн дэлхий дээрх нийт нөөц хар тугалгаас 10, молибденээс 50, гянт болдоос 165 дахин их байдаг аж.
Дэлбэлэх тэслэх бодис, радиоэлектроник, машины тоног төхөөрөмж, гэр ахуйн барааны үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл, металлург гээд олон салбарт газрын ховор элементийг хэрэглэдэг. Ерөөс бидний машин, гар утас, зурагт зэрэгт дээрх 17 элементээс ямар нэг хэмжээгээр байж л байгаа. Сүүлийн жилүүдэд өндөр технологи буюу ухаалаг гар утас, гибрид автомашин, LCD дэлгэцтэй зурагтын үйлдвэрлэл эрс нэмэгдэж буй нь ховор элементүүдийн эрэлтийг хурдтай өсгөж байна.
Гагцхүү чамгүй нөөцтэй атлаа ховор гэж нэршүүлсэн элементүүд “улам ховордох” болсон шалтгаан нь Хятадын нийлүүлэлтийн бодлого. Тус улс дэлхийн ховор металлын нийлүүлэлтийн 90 хувийг мэдэлдээ авч, үндсэндээ шилдэг технологийн үйлдвэрлэлийн тархийг атгасан  Япон, Өмнөд Солонгос хэдийгээр технологиороо тэргүүлэгчид хэмээн сайрхдаг ч Хятадуудыг нийлүүлэлтээ хумиснаас хойш яахаа мэдэхгүй сандарч байгаа. Хятад улс энэ онд газрын ховор элементийн экспортын татварыг 11 хувиар нэмж, нийлүүлэлтээ 80 хувиар багасгасан.
Олон улсын эрдэмтдийн тооцооноос үзэхэд дэлхий даяар жилд 124 мянган тонн газрын ховор элемент хэрэглэдэг аж. Гэтэл энэ тоо ирэх жилд 180 мянган тоннд хүрч, 2014 онд 200 мянган тонн болно гэсэн. Ийм эгзэгтэй үед Хятадууд газрын ховор элементийн экспортоо багасгаж буй нь импортлогчдыг түгшээж байна. Тиймээс АНУ-ын Төрийн департаментаас газрын ховор элементийн хайгуул, олборлолт хийж буй компаниуддаа дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. Харин нөөцгүй орнууд нөөцтэй рүүгээ өнгөлзөхөөс өөр аргагүй болж байгаа юм.
Олон улсын овоо хараа Монгол руу
ХБНГУ-ын Таваарын агентлагийн тэргүүн У.Штенбах “Монгол, Африк, Грийнландыг нөөцөө ашиглаж эхэлтэл нь хүлээвэл дор хаяж 5-10 жилээр хугацаа алдаж магадгүй. Эдгээр орны дэд бүтцийн асуудлыг л шийдвэрлэхэд нэлээд хэдэн жил зарцуулна” гэснийг www. industrystock.com-д онцолсныг манайх мэдээлж байсан. Тэдний хувьд өнөөдрийн хэрэгцээгээ тэргүүнд тавьж байгаа ч цаашдын хувь заяагаа хэрхэх вэ гэдгээ шийдэж ядаж л байгаа. Тиймээс Африк руу биш манайд нэн түрүүнд хандах нь ойлгомжтой. Учир нь манай улс 31 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй гэх урьдчилсан дүгнэлт бий. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 17 хувь юм. Шинжээчдийн мэдээлснээр, Монгол Улсад газрын ховор элементийн томоохон таван орд, 246 орчим илэрц одоогоор тогтоогдсон. Гэтэл үнэндээ эдгээр тооцоог олон улсын судлаачид гаргаснаас биш манайхан албан ёсоор газрын ховор элементийн нарийвчилсан хайгуул хийгээгүй л байгаа.
1990 оноос өмнө Монгол, Оросын хамтарсан баг шинжлэх ухааны зорилгоор газрын ховор элементийн судалгаа хийж Ховд, Увс, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн зарим хэсэгт нөөц байгааг тогтоосон. Гэхдээ хэмжээг нь гаргаагүй. Юутай ч газрын ховор элементийн нийт тархац Монгол Улсын чамгүй олон нутагт бий нь тодорхой.
Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Рео” компани 2005-2009 онд Лугийн гол ордод 3.6 сая ам.доллар зарцуулсан гэж “Eurasia capital” компанийн шижээчид судалгааны тайландаа дурьджээ. Тэд урьд нь Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Халзанбүргэдэй ордод хайгуул хийж байсан бөгөөд нийт 6.6 орчим сая тонн газрын ховор элемент байх магадлалтай гэх тойм судалгаа байдаг аж. Эдгээрээс Мушгиа худагт манайхан нэлээд найдлага тавьж буй. Өмнөговь аймгийн Мандалговь суманд орших энэхүү ордыг 1974 онд Орос, Монголын геологичид судалж байжээ. Тухайн үед Мушгиа худгийн ордыг 400 мянган тоннын нөөцтэй хэмээн үзэж байсан бол АНУ-ын Геологийн судалгааны газар энэ үзүүлэлтийг 5.9 сая тонн байх магадлалтай хэмээн онцолсон юм. Одоогоор “Монгол газар” компани энэ ордод нарийвчилсан хайгуул хийж буй аж.
Газрын ховор элементийг эрж хайх олборлоход нарийн ажиллагаатай, өндөр үнэтэй технологи ашигладаг учир зардал их шаарддаг байна. Тиймдээ ч Японы “Sumitomo” корпорацийнхан өмнө нь ирж сонирхож байсан боловч тодорхой шийдэлд хүрэлгүй төслийн хугацаа нь дууссан. Хятадууд мөн судалгаа хийх зорилготой манайд ирж, дээж аваад явсан тухай мэргэжилтнүүд ярьдаг. Түүнчлэн Монголд газрын  ховор элементийн хайгуул, ашиглалт, борлуулалт зэрэгтэй холбоотой эрх зүйн орчин бүрдээгүй учраас эдийн засгийн эргэлтэнд оролгүй өнөөг хүрсэн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Гэхдээ Монголоос газрын ховор металл олборлохоор ажиллаж буй “Green technology solution” БНСУ-д бүтээгдэхүүнийхээ дээжийг хүргээд удаагүй байна. Тэр үед тус компанийн гүйцэтгэх захирал Жон Ширер “Монголоос олборлосон анхны ховор элементийг Солонгост хүргэлээ. Одоо дээжээс шинжилгээ авах ба хариу нааштай гарна гэдэгт найдаж байна. Үүнээс бидний ажлын үр дүн хамаарах бөгөөд цаашид олборлолтыг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм” гэж байсан. Одоогоор энэ шинжилгээний хариуг албан ёсоор ирүүлээгүй ч “Green technology solution” манайхаас газрын ховор элемент олборлох нь тодорхой болсон. Гэхдээ манайх яг энэ ашигт малтмалд тухайлсан татвар, хуулийн зохицуулалтгүй учраас ашиг хүртэх зарчим нь бас л бүрхэг байгаа.
Өөрөөр хэлбэл, бид ховор элементээс олох ашгаа өдийг хүртэл бүрэн тооцоогүй аж. Олон улсын түүхий эдийн биржид өчигдрийн байдлаар манай улсад хамгийн элбэг байдаг лантанийн ацетат кг нь 7-12 мянган ам.доллар байлаа. Харин манайх туршилтын журмаар олборлож буй гэх нэрээр багагүй хэмжээний ховор элементийг гадагш гаргасаар байгаа.
Г.Амартүвшин

URL:

Сэтгэгдэл бичих