МҮБХ: Допингийн эсрэг Үндэсний төв шударга ажиллаж чадахгүй байна

6

МҮБХ-ноос Шадар сайд Ө.Энхтүвшинд хандаж хүсэлт гаргалаа. Учир нь “Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо”-ны Бөхийн Салбар Хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст МҮБХ-ноос төлөөлөл оролцуулаагүй, харин хүчингүй тамга тэмдэг ашиглаж хууль зөрчиж буй УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй үгсэн хуйвалдаж түүнтэй хамаарал бүхий Р.Даваацэрэн, Б.Цогтбаатар, С.Гантөр нарыг Баяр наадмыг зохион байгуулах комисст оруулсан гэжээ.

Хүсэлтдээ:

“Р.Даваацэрэн, Б.Цогтбаатар, С.Гантөр нар нь Баяр Наадмын Хороонд олон жил ажиллахдаа наадмын будлиан, найраа, допинг, яс үндсээр ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, туйлд нь хүргэсэн этгээдүүд юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн баяр наадамд Монгол улсын арслан О нь ам авах үедээ 3 хуруугаа гозойлгон/ 300 сая төгрөгөөр унаж өгөх/ найраа хийж байхад Р.Нямдоржийн төрсөн дүү Р.Даваацэрэн нь үүнийг зохион байгуулж байсан нь наадамчин олонд ил болсон.

2016 оны наадмын 8 даваанд өрсөлдөгч бөхөө давсан улсын арслан П.Бүрэнтөгсийг илт буруу шийдвэр гарган дахин барилдуулсан, 2017 оны өрсөлдөгч бөхөө давсан Санжаадамба унасанд тооцож баяр наадмыг будлиантуулсан гол зохион байгуулагчид нь дархан аварга Б.Бат-Эрдэнийн ойр дотны С.Гантөр, Д.Цогтбаатар  нар юм” хэмээн дурьджээ.

Түүнчлэн “Допингийн Эсрэг Төв” гэх байгууллагыг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн мэдлийн Аварга Дээд Сургуулийн захирал, багш, ажилтнууд нь гэр бүлээрээ удирдаж, Монгол бөхчүүдийг талцуулан хувааж, өөрийн  эзэнд таалагдахгүй байгаа бөхчүүдийг допингчин болгож, хувь заяа, хөдөлмөр, нэр төрөөр нь тоглох аюултай хэрэгсэл болсон байна.

Допингийн эсрэг төвийн удирдлага, багш, ажилчид, албан хаагчид нь нэг нэгнээсээ, нэг дээд сургуулиас, нэг дархан аваргаас хамааралтай, хөндлөнгийн хяналтгүй ажиллаж олон бөхчүүдийн шинжилгээний хариуг өөрчилж, хариугаар нь шантаажилж их хэмжээний төгрөг нэхдэг, мөнгө төлсөн нэгний хариуг нь устгадаг, эзнийхээ даалгавраар, тодорхой зорилготойгоор яс үндсээр нь ялгаварлан гадуурхаж хуурамч хариу гаргаж хэвлэлээр нэр төрийг нь гутаадаг байдал нь энэ хэрээс хэтэрч байгаа тул асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэлт гаргаад байна” гэжээ.

ХҮСЭЛТ /Бүрэн эрхээрээ/

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо 

 


URL:

Сэтгэгдэл бичих