Морь унасан толгойгүй чөтгөрийн аймшигт түүх

33edce1bb58451c0greatМайн Ридийн «Морь унасан толгойгүй хүн» зохиолыг хориос дээш насныхан ихэнх нь уншсан гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз ээ.
Энэ бол алуурчид хөнөөгдсөн эрийг Моррис мустангер олж аваад моринд нь ачиж яваад алдсанаас үүдсэн эмгэнэлт явдал. Ямар ч ид шид гэх зүйл байхгүй. Харин морь унасан толгойгүй чөтгөр Монголд маань байдаг гэвэл адал явдалд шунагч зоригт уншигч та үнэмших үү?

Энэ явдал хэрхэн яаж бий болсныг ойлгуулахын тулд асуудлыг бүр эхнээс нь өгүүлбээс зохилтой мэт санагдана.
Нэгэн мянга есөн зуун гучаад оны дунд үе улс Монголд маань ноёрхолоо тогтоосон улааны бууны нохой болсон ногоон малгайтнууд аль ухаантай гэгддэг сор болсон хүмүүсийн цусаар гараа угааж байсан цаг. Тиймээс ч ёс бус энэ хэрцгийллээс Өмнөговийн голдуу хүмүүс урагшаа Өвөрмонгол руу хил даван дайжиж байсныг бид уг нүүдлийг зогсоохоор сэтгэл зүрхээрээ тэмцэж яваад Тугийн цохион дээрээс түлхүүлж хороогдсон Түвдэнгийн Борын баатарлаг жишээн дээрээс сайн мэднэ.
Тэр үеэр Улаанбаатараас тухайн үедээ Дотоод яаманд «Шүд» Сайжаа хэмээн алдаршиж байсан ногоон малгайтан эсэргүүг илрүүлж дараах явдлыг хурдасгах зорилгоор төвийн төлөөлөгч болж Өмнөговь аймагт очжээ.

Тэрбээр морь сэлгэн унаж хил дагуу зогсоо зайгүй давхиулан олон арван хүнийг эсэргүү болгон баривчилж байснаас бус нүүдэл суудлыг зогсоох талаар ганц ч үг ганхийлгэсэнгүй. Тэрбээр долоо хоногийн дотор 80аад эсэргүүг илрүүлж Улаанбаатар руу ачуулахдаа дийлэнхийнх нь шүдийг яйруулаад явуулж байсан гэдэг. Ер нь ч тэрбээр эсэргүүг байцаахдаа шүдийг нь яйртал цохидог «хоббитой» байсан учраас өрөөсөн дугуй нараасаа «Шүд» гэдэг хоч хүртэн түүндээ бардаж явдаг мулгуу нэгэн байжээ. Ямар сайндаа л ДЯЯаас «Шүд» Сайжаад очсон захидалд «Чиний тамгатай /шүдгүй/ эсэргүүг олноор нь хүлээн авч баярлалаа» гэсэн үгсийг дэргэдэх хүмүүстээ чангаар уншиж өгөхөд цаадуул нь зүрх алдан харц бууруулж байсан юм гэнэ лээ.

Түүний сар гарны дотор хийсэн нүгэлд уурсаж хилэгнэсэн ард түмэн эгзэгтэй газар тааралдвал хөнөөчих санаатай отож байж. Тэгээд ч Өвөрмонголын Сайрын хүрээнээс тодруулаад байсан Дарнатын хувилгаан Лувсанпэрэнлэй Чоймаа гэгч ид шидтэй ламыг халхын хилээс дотогш залагдан ном уншиж явахад нь баривчилсан аж. Цаг алдвал сүсэгтнүүдэд сайхь хувилгааныг алдах «аюул» тулгарсан учраас эсэргүүцэл үзүүлсэн гэх шалтгаанаар хээр авачин хороожээ. «Шүд» Сайжаа хувилгааныг хороохын өмнө шүдийг нь цөм цохих гээд хөдөлгөж ч чадаагүй гэдэг. Бүр сүүлдээ буудаад алчихсан хойноо нагаан бууныхаа бөгсөөр ганц, хоёр шүдийг нь хуга цохиод бах таваа хангахад нь дэргэдэх ногоон малгайтнууд нь айсандаа бөмбөгнөтөл чичирч байсан гэдэг. Лувсанпэрэнлэйчоймаа хувилгаан буудуулахынхаа өмнөхөн «Олон хүний цусаар гараа угаасан яргачин чиний хар толгой өнхөрч тамд унах болно» гэж Өвөрмонгол аялгуугаар өгүүлсэн нь ердөө л маргааш нь биеллээ олжээ.

Маргааш орой нь тэрбээр яагаад ч юм орь ганцаараа Хачигтын хөндий гэгддэг олон эсэргүүг буудаж хороосон газрын ойролцоо халамцуу явж байгаад хэн нэгэнд хар толгойгоо сэлмээр тас цавчуулж үхжээ. Түүнийг хороосон хүмүүс /эзэн олдоогүй/ толгойг нь тасдаж аваад лам нарын цогцсыг булсан жалганы доод хэсэгт газарт булж орхисон аж. Харин цогцсыг нь яг л «Морь унасан толгойгүй хүн» зохиол дээр гардагчлан суугаагаар нь ганзагаар нь даруулж хөнөөжээ. Гэвч морь унасан толгойгүй хүн газрын гаваар орсон мэт алга болжээ. Энэ явдал цөөн хүний дотор яригдсан авч гадагшаа тархсангүй. Дотоод яамны шилдэг төлөөлөгч «Шүд» хэмээх Сайжаа алга болсон учраас түүнийг эрэн олох томоохон «десант» төвөөс буужээ. Тэд нутгийн ногоон малгайтан болоод бууны нөхдөөр газарчлуулан олон хүнийг хилсдүүлэн баривчилсаар яваад Хачигтын хөндийд очих эз нь сохор тохиолдлоор таарав.

Энэ нь тус группынхан хэд хэдэн эсэргүүг газар дээр нь буудахаар Хачигтын хөндийд очсон явдал юм. Нутгийнхнаас нуугдаад хар шөнөөр очсон нь аймшигт явдал болохын цондон байлаа.
Буу панхийгээд гэм зэмгүй хөөрхий хар лам нар үхэтхийн унахтай зэрэгцээд хаа нэгтэйгээс морь янцгаах чимээ гаран хар цох мэт чийчааны гэрэлд хар морь унасан хамгаалахын хувцастай /Дотоодыг хамгаалахын китель/ гар нь сарвалзсан хүн орж ирэв. Хачирхалтай нь тэр хүний мөрөн дээр толгой байхгүй нь машины гэрэлд тодхон харагдаж байв. Нэгэн бууны нохой гэнэтхэн:
Энэ чинь хамгаалахын Сайжаа гуай байна шүү дээ гэж орилох нь тэр. Үүнтэй зэрэгцээд хар морь ч цоройн унгалдаж, толгойгүй бие гараа сарвалзуулан хэн нэгнийг даллах аж. Айж хирдхийсэн ногоон малгайтнууд зэрэг зэрэг гал нээхэд мөнөөхөн морь унасан цогцос өөдөөс нь дүүлэн ирэхэд тэнд байгсад цөмөөр ухаан алдан унажээ.

Өглөө болсон хойно ганц хоёрхон хүн амьд үлдсэн байсан бөгөөд дөрвөн хүний толгой тасарч алга болсон байв. Ямар ч цус урсаагүй хэрнээ толгойнууд нь алга болсон нь хачирхалтай. Амьд үлдсэн этгээдүүд элий балайдуу болсон ч байдлыг үнэнээр нь өчөөд шашны суртал нэвтрүүлэг хийсэн гэдэг шалтгаанаар хэлмэгдэн цаазлагджээ. Түүнээс хойш орой үдшийн цагаар энэ хавиар явсан хүн мал толгойгоо алдах нь хэвийн үзэгдэл болсноос бараг өт хорхой ч зүглэхээ больжээ. Энэ асуудлыг тухайн үедээ хав дарлаа. Харин Өвөрмонголын лам нар 1945 оны чөлөөлөх дайны үеэр гэгээн цагаан өдрөөр очиж «Шүд» Сайжаагийн гавлын ясыг ухан гаргаж тэнд нь хаяснаар морь унасан толгойгүй чөтгөр төрлөө олсон уу яасан ор сураггүй алга болжээ. Сүүлд БНМАУ, БНХАУын хилийг албан ёсоор тогтооход уг аймшигт явдлын гэрч болсон Хачигтын хөндий Хятадын нутагт багтсан аж. Тиймээс энэ явдал Өмнөговийн хилийн сумдын зарим нэгэн хөгшчүүлийн дунд домог яриа мэт болж үлдсэн нь энэ. Хэрэвзээ Өвөрмонголын лам нар морь унасан толгойгүй чөтгөрт хохимойг нь олж өгөөгүй бол гавлынхаа ясыг эргээр хэдэн ч хүний толгойг авах байсан юм билээ гэж бодохоос хүйтэн хөлс чийхрах шиг санагддаг юм.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих