Хятадуудын булаацалдсан Салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал-3

1542005525_olloo_mn_1542004450_1

1.3 сая ам. долларын хэрэгт Г.Жаргалан,  н.Мөнх-Очир нарыг саатуулан шалгаж байна-

Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт ГИХГ-ын  дэд дарга асан Б.Цолммонг саатуулан шалгаж байгаа билээ. Түүний дундын зуучлагч байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон гэдгийг эх сурвалж онцолж байна лээ.   Ш.Мөнгөншагай гэх залуугаас авсан мөнгөө  өөрийн ойрын хамаатан (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярт  дамжуулан өгсөн гэх  үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм.  Энэ талаар албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээр ГИХГ-ын  дэд дарга асан Б.Цолммон холбогдсон хэрэгтэйгээ холбоотойгоор “Ш.Мөнгөншагайтай миний бие эртний  танил.  Надтай уулзаад хятадууд миний гарын үсгийг хуурамчаар зураад Салхитын мөнгөний орд газрыг хууль бусаар авчихлаа. Энэ хэрэгт хэдэн өмгөөлөгч авч ажиллуулж байгаа. Өмгөөлөгч нарын хийж байгаа зүйлс нь миний сэтгэлд таалагдахгүй байна.  Өмгөөлөгч нар хоёр талд үйлчлээд байж магадгүй юм шиг хардлага төрөөд байна. Хятадуудтай нийлээд  миний эсрэг ажиллаж байгаа гэх зүйлийг танил маань хэллээ. Чи хуульч хүн байна надад тус дэм бол. Хуулийн  зөвлөх үйлчилгээ үзүүлэх  хэрэгтэй байна” хэмээн надаас хуульчийн хувьд тусламж хүссэн. Ингээд би зөвшөөрч хуулийн зөвөлгөө өгч байсан юм. Надад хуульчийн зөвлөхөөр ажлуулаад 40 сая төгрөг өгсөн. Энэ мөнгө миний хуулийн зөвөлгөө өгсний цалин юм. Ш.Мөнгөншагайд би хуулийн зөвөлгөө үзүүлснийхээ төлөө хэдэн төгрөг өгөх ёстой гэж ямар нэгэн мөнгөн дүн  хэлээгүй. Тэр өөрөө л 40 сая төгрөг өгсөн.  Өөр нэг тодруулж  хэлмээр зүйл нь Ш.Мөнгөншагай бид хоёрын дунд хэн нэгэнд авлига өгөх асуудал огт  яригдаагүй.  Миний ойрын хамаатан Д.Адилбаяр эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа. Мөн гэр бүлийн байдал ч тогтворгүй байсан. Үүнээс үүдэлтэйгээр үеэл дүүдээ 35 сая төгрөг өгсөн. Үүнийг  мушгин гуйвуулж, авлигын хэрэгт холбоод байгаад харамсаж байна. Хуулийн байгууллага үнэний талд үйлчлэх ёстой.  Цагдаагийн томоохон албан тушаалтны заавраар хэт нэг талыг барьсан ажиллагаа хийгдэж, олон хүнийг хэлмэгдүүлээд байна шүү дээ” гэх утга бүхий мэдүүлгийг өгсөн гэнэ. Эрүүгийн цагдаагийн газраар ахлуулсан  ажлын хэсгийн мөрдөн байцаагчид 35 сая төгрөгтэй холбоотой асуудлаар Ш. Мөнгөншагай,  Г.Жаргалан,  ГИХГ-ын  дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн  цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир  (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ гэх хүмүүсийг саатуулан шалгаж байгаа билээ.  Дээрх хэрэгтэй холбоотойгоор нэг ч хятад хоригдоогүй, шалгагдаагүй байгаа. Уг нь хятадуудын хууль бус үйлдлээс энэ бүх хэрэг мандсан  гэдгийг эх сурвалж онцолж байв.  

 Шүүгч, цагдаагийн  нэр нөлөө бүхий удирдлага Хятадуудыг хамгаалдаг гэнэ

Салхитын мөнгөний орд газрыг авахын тулд залилангийн гэмт хэрэг үйлдэж байна  хэмээн Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргасан Си Си Эм Икс” компанийн  удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин  гэгч олон өмгөөлөгч хөлсөлжээ.  Энэ талаар цагдаа нарын өгч буй мэдээллээр БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгчийн дотны найз, безнесийн хамтрагч  нь нутаг нэгтэн Я  гэх нэртэй хүн байдаг ажээ. Манай улсад  нэлээд нэр хүндтэйд тооцогдох  хувийн эмнэлгийн эзэн БНХАУ-ын иргэн  Я  гэх  эмч Салхитын мөнгөний ард газрын нууц ноёнтон болоод байгаа гэх  мэдээлэл ч бидэнд ирсэн юм.  БНХАУ-ын иргэн Я гэгч нь авлигын хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж,   шүүхээс ял сонсож байсан нэгэн юм байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид их хэмжээний авлига өгсөн хэргээр шалгагдаж  байжээ.  Түүний эмнэлэгээр УИХ-ын гишүүд болон сайд, дарга нар, хууль хяналтын байгууллагынхан болоод тэдний  гэр бүлийнхэн үйлчлүүлдэг байна. Эмнэлэгээрээ дамжуулан олон танилтай болсон гэдгийг эх сурвалж хэлж байсан юм. Я  нь Улсын дээд шүүхийн шүүгчээр олон жил ажиллаж байсан нэгэн эмэгтэйн ойр дотны  танил болсон гэх. Шүүгч эмэгтэйгээр дамжуулан Монголын цагдаагийн нэр нөлөө бүхий удирдлагатай холбогдож ойр дотны найз болсон байна. Үүнээс үүдэлтэйгээр “Си Си Эм Икс” компанийн   захирал БНХАУ-ын иргэн Жин Жиа Миний ар талыг цагдааг удирдаж байсан эрхэм бүрэн хариуцах болжээ. Үүнээс үүдэлтэйгээр  манай хууль хяналтын байгууллагын нэр бүхий хурандаагаас эхлээд ШШҮХ-гийн алба хаагчид шалгагдаад байгаа гэнэ.

 1.3 сая ам. долларыг илрүүлсэн түүх

АТГ-аас Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргийг шалгах явцад 1.3 сая ам доллар олдсон.  1.3 сая ам долларыг  монголын нэр бүхий албан тушаалтанд уул уурхайн лиценз худалдаж авахын тулд өгөх гэж байсан. Дээрх хэрэг Салхитын мөнгөний орд газрын хэрэгтэй огт холбоогүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл 1.3 сая ам долларын хэрэгт  Г. Жаргалан, түүний ойрын хамаатан н.Мөнх-Очир нарыг саатуулан шалгаж байгаа гэнэ. Салхитын мөнгөний орд газартай холбоотойгоор Г.Жаргаланг шалгаж байжээ. Гэтэл Г.Жаргалан, ойрын хамаатан н.Мөнх-Очир нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Баянгол зочид буудлын дэргэдэх “220к резиденс” байрыг түрээслэж байсныг  тогтоожээ. Ингээд Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр тус байранд үзлэг хийх үед 1.3 сая ам доллар гарч ирсэн юм байна.  Тавантолгойн нүүрсний уурхайн  хажууд байх нүүрсний  орд газрыг хууль бусаар авах зорилготойгоор 1.3 сая ам долларыг хадгалж байсан. Г.Жаргалан, ойрын хамаатан н.Мөнх-Очир нар хятадуудаас тэр мөнгийг нь авч, уул уурхайн лиценз олгодог агентлагийн даргад дамжуулан өгөх гэж байсан нь тодорхой болсон байна. Тэд УИХ-ын хоёр гишүүнтэй энэ асуудлаар холбогдсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр илрээд байгаа гэнэ. Улаанбаатар хотын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Болдбаатар энэ хэрэгт нэр холбогдох болсон шалтгаан нь Г.Жаргалангийн хамаатан гэх мэдээлэл байна. Салхитын мөнгөний ордоос эхлэлтэй Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг зуурайлгаж зурсан, зураагүй гэх маргаан явсаар 35 сая төгрөгний авлигын хэрэг болон хувирч, мөн энэ хэрэг дахин салаалж, 1.3 сая ам доллар бусдад авлига өгөх гэж байхад нь  илрүүлсэн хэрэг болжээ. Монголын хууль хяналтынхныг хөлдөө чирсэн хятадуудын маргаан  хэзээ эцэс төгсгөл болох нь тодорхойгүй байна. Монголын нэр нөлөө бүхий Улсын дээд шүүхэд ажиллаж байсан эмэгтэй,  монголын цагдааг  удирдаж явсан хүний  хамгаалж, хаацайлж,  арыг нь дааж байгаа хятадууд эсрэг талынхныгаа ялан  дийлж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байсан юм.

Г.Батзориг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.