Б.Батдэлгэр: ЖДҮ-г дэмжихээр 216 зээл олгосон ч ГУРАВ нь л жинхэнэ эзэндээ очсон байна

15441413655c09ba358b005

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн тухай “Асуудал ба шийдэл” хэлэлцүүлгийг АТГ-аас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сангийн яам, ХХААХҮ-ийн яамны албаны хүмүүс оролцож ЖДҮ хөгжүүлэх гарцын талаар саналаа хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэртэй ярилцсан юм.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудал ба шийдэл хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн гол зорилго, ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Энэ хэлэлцүүлгийг Авилгатай тэмцэх газар зохион байгуулж байна. Үүнийг бол хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр цагаа олсон ажил болж байна. Бусад төрийн бус болон төрийн байгууллагуудын хувьд бол хожимдож хийж байгаа ажил гэж харж байна. Эртнээс энэ талаар анхаарсан бол одоогийн энэ ЖДҮ-ийн санг тойрсон хууль бус үйлдлүүд гарахгүй байх магадлалтай байсан.

2020 онд ЖДҮ-ийн төсөл шалгаруулалт хүртээмжтэй жинхэнэ эзнээ олсон шударга байлгахын төлөө УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн  төсөлд  санал оруулах, хэлэлцүүлгээс зөвлөмж юм уу, ямар нэг шинэлэг санаа гарахад түүнийг нь төр засгийн байгууллагууд төрийн шийдвэр ажил хэрэгтээ авч үзвэл сайн байна. Хууль хяналтын байгууллага, банк, яамдууд оролцож байгаа учраас үр дүн гарах байх гэж найдаж байна.

-УИХ-аар ЖДҮ-ийг хөгжүүлэх хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа шүү дээ. Энэ хууль батлагдвал юу өөрчлөгдөх вэ?

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл олголтыг шударга болгох УИХ-аар өргөн баригдсан ЖДҮ-ийг хөгжүүлэх хуульд ЖДҮ-ийг бичил, жижиг, дунд гэж ангилж байгаа. Бичил нь 500 сая төгрөгийг ЖДҮ хөгжүүлэх сангаас, 500 саяас дээш бол банкаар дамжуулан олгоно гэж байгаа. Үүнийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо дэмжиж байгаа. Гэхдээ арилжааны банкнуудаар дамжуулахаар арилжааны банкууд ЖДҮ эрхлэгчдийг чирэгдүүлдэг. Энэ талаар төрийн аудитын газрын шалгалтын гүйцэтгэлийн тайлан дээр тусгаад өгсөн байдаг. 2009 онд 800 гаруй төслийг шалгуур үзүүлэлтийг хангаж байна гээд арилжааны банк руу явуулахад 70 хувийг нь буцаагаад явуулчихдаг. 2010 онд мөн л 800 гаруй төсөл ЖДҮ-ийн санд дэмжигдээд тэнцлээ гэхээр дахиад арилжааны банкууд 70, 80 хувийг нь буцаачихдаг. Энэ нь арилжааны банкууд эрсдэлээ 100 хувь өөрсдөө хариуцдагтай холбоотой байх. Нөгөө талаасаа бас зориуд ББСБ-г дэмжих бодлого байна уу гэж хардаж байгаа. Ард иргэдийг олон дахин явуулж болохгүй байна гэсэн мөртлөө ББСБ-аас зээл хүсч төсөл өгөхөд өндөр үнэтэй зээл олгодог. Тэгэхээр үүнийг өнөөдөр ярихгүй бол ЖДҮ-ийг дэмжих тухай хууль УИХ-аар анхны хэлэлцүүлэг хийгдээд байгаа. Одоо хоёр дахь хэлэлцүүлгийг хийгээд цаашид батлагдаад явах байх.

-“Баялаг бүтээгчдийн холбоо”-ны зүгээс ямар гарц шийдлийг олж хийж хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байна вэ?

Тухайн жилийн төрийн худалдан авалтын 10 хувийг ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хуваарилна гэж байгаа. Тэгэхээр 2019 онд төрийн худалдан авалт 2.5 их наяд төгрөг байна. Үүний 10 хувь гэхээр 250 тэрбум төгрөгийг ЖДҮ санд орж ирэх болчхоод байна. Үүнээс өмнө ЖДҮ хөгжүүлэх санг шилэн болгох, зээлийг нь хүртээмжтэй болгох, жижиг, дунд, бичил гэдгийг хуваарилах. Өөрөөр хэлбэл тухайн жилд олгох санхүүжилтийн 30 хувийг бичил, 30 хувийг жижиг, 40 хувийг дунд үйлдвэрт олгохгүй бол төсөл банкаар очлоо гэхэд бичил болон жижиг үйлдвэрлэл эрхлэгчид зээл авах магадлал бага. Яагаад гэвэл тэд стандартын дагуу бичиг баримт бүрдүүлж чадахгүй байна. мөн барьцаа хөрөнгөгүй байдаг. Тэрийг хуваарилж өгөх хэрэгтэй.

Хоёрдугаарт, төсөл сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлаад жилд нэг юм уу, хоёр удаа явуулдаг. Жишээлбэл нэгдүгээр сарын нэгнээс 15-нийг хүртэл зарлаад дараагийнхийг нь наадмын дараа юм уу наймдугаар сарын нэгнээс 15-нийг хүртэл сонгон шалгаруулдаг байх. Тэгснийхээ дараа оноо тавиад төслүүдээ жагсаах хэрэгтэй. Өдөр болгон л зээлийн эргэн төлөлтийн  мөнгө буцаж орж байдаг. 10, 11 дүгээр сар гэхэд ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлт гээд 20 гаран тэрбум төгрөг орчихсон байгаа. Дараа жил 48 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хуваарилсан байгаа. Энэ төсөвлөсөн мөнгийг зээлийн эргэн төлөлтөөс орж ирж байгаа мөнгөтэй хамт жагсаалтад байгаа компаниуд авдаг байхаар зохицуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол зээлийн эргэн төлөлтийн хугацаа бол маш бага байдаг. Тэгээд тендер зарласан болоод цаанаасаа захиалгатай байсан төслүүдээ сонгоод авчихдаг тохиолдол байна. 2018 оны тавдугаар сар болоод наймдугаар сард сонгон шалгаруулсан төслүүд яг ийм байсан. Цаанаасаа захиалгатай байсан. Гуравхан хоногийн дотор төсөл авч байна гэж нийтэд зарласан болоод өөрсдөө сайт дээрээ тавьчихаад л болчихсон. Ерөнхийдөө ийм зарчмаар явагдсан байдаг. Ер нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сан удирдах зөвлөлтэй байх ёстой.

-Одоо удирдах зөвлөлгүй гэсэн үг үү?

 Удирдах зөвлөлгүй. Иргэний хуулийн 37 дугаар зүйлд сан бол удирдах зөвлөлтэй байна гэж заасан байдаг. Тэгэхээр удирдах зөвлөлөө 9 хүний бүрэлдэхүүнтэй байлгаад 9 хүнийхээ тавыг ТББ буюу олон нийтийн хяналтаар, дөрвийг нь төрийн байгууллагуудаас оролцоод явбал удирдах зөвлөлийг сонгон шалгаруулах хороо, гүйцэтгэх удирдлагаа сонгоод явахад олон нийтийн хяналт сайжрах, энэ зээлийг хүртээмжтэй хяналт дор олгох байдал аяндаа цэгцрээд ирнэ гэж “Баялаг бүтээгчдийн холбоо” харж байгаа.

-ЖДҮ-ийн хөгжүүлэхэд улсаас хэдэн төгрөг төсөвлөдөг юм бэ. Үүнээс яг жинхэнэ эзэндээ очсон нь хэд байдаг вэ?

Энэ жил улсын төсвөөс 70 тэрбум төгрөг төсөвлөж 2018 оны тавдугаар сарын 18-ны өдрийн сайдын тушаалаар 134  ААН-д 74.1 тэрбум төгрөгийг, наймдугаар сарын 24-ны өдрийн тушаалаар 82 ААН-д 21,4 тэрбум төгрөг нийт 95.5 тэрбум төгрөгийг 216 нэгжид олгосон байгаа. Зээлийн эргэн төлөлт ч орж ирсээр байгаа.

Үүнд “Баялаг бүтээгчдийн холбоо”-ноос нэлээд судалгаа хийгдсэн. Тэгэхэд жинхэнэ ЖДҮ эрхлэгчид, баялаг бүтээгчид зээл авсан уу гэдэг үнэхээр эргэлзээтэй. Яг эзэндээ хүрсэн гуравхан зээл байсан. Тэгэхдээ энэ гурав нь өөрийнхөө хүссэн хэмжээнд зээл авч чадаагүй байсан. 400 саяын хүсэхэд 200 саяыг авдаг, 600 саяыг нэхсэн нь 181 саяыг олгосон тохиолдол байсан. 134 ААН-ын 122 нь засгийн газрын гишүүн болон харилцан хамаарал бүхий байгууллагууд байсан гэдэг нь үнэхээр батлагдаж байна.

-Бас зээлийн шалгуур үзүүлэлтийг их өндөр гэдэг юм билээ. Яг ямар шалгуурыг хангасан байх ёстой юм бэ?

-2017 оны зургаадугаар сарын 14-нд  ХХААХҮ-ийн сайдын А76 тушаалаар батлагдсан журам байдаг. Энэ журманд 13 нэр төрлийн 38 шаардлага байдаг. Энэ 38 шаардлагыг хангасан байх ёстой. Дээрээс нь дөрөвдүгээр сард сонгон шалгаруулалтад ирсэн 1031 төслөөс 498 нь шалгарсан байдаг. Үүний 134 төсөлд зээл олгосон. Бидний санаагаар бол шаардлага хангасан 498 төслийг жагсаачхаад эхний 134 төсөлд нь олгосон бол эргээд зээлийн эргэн төлөлт орж ирэхэд энэ мөнгөнөөс жагсаалтын дарааллаар зээл олгоод явах хэрэгтэй юм. Тэгэхэд заавал дахин зардал чирэгдэл, цаг хугацаа алдаж, наймдугаар сард дахин сонгон шалгаруулалт зарлах ямар ч шаардлага байхгүй шүү дээ.

Х.Соёл-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих