Салхи, шуурганаас 1208 хүнийг эсэн мэнд олжээ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2011 оны үйл ажиллагааны дүнгийн хурал энэ сарын 23-нд болов. ОБЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр дүнгийн хуралд тавьсан илтгэлдээ хамт олон дундаас алдар гавъяаны эзэд олноороо төрөн гарч, ололт амжилтууд нь алдаа дутагдлаасаа хавьгүй их байсныг тэмдэглэн хэлсэн юм.

2011 онд Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, дамжуулах журам”, «Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлуулсан.

Мөн саяхан УИХ-аас Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын цолны нэршлийг дэлхийн жишигт нийцүүлсэн гээд олон амжилтаа тус газрын дарга дурдаж байв.

Түүнчлэн өнгөрөгч гуравдугаар сард Япон Улсад болсон хүчтэй газар хөдлөлт, түүнээс үүдэлтэй цунамид нэрвэгдэгсдэд хандив, тусламж үзүүлэх ажлыг хурдан шуурхай зохион байгуулж, аврах, эрэн хайх ажиллагаанд манай улсын Онцгой байдлын албаны 13 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг анх удаа олон улсын аврах ажиллагаанд оролцсон нь явдал бахдам үйлс болсныг дурдлаа.

Онцгой байдлын асуудал эрхэл­сэн байгууллагын албан хаагчид 2011 онд гамшиг, ослоос нийт 2133 хүний алтан амийг аварч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 20.58 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Тухайлбал, обьектын гал түймрээс 621 хүний амь насыг аварч, салхи шуурганаас 1208 хүнийг эсэн мэнд олжээ. Аадар бороо, үерээс 210, бичил уурхайн нурангиас 19, усны ослоос 75 хүний амь насыг аварчээ.

Дүнгийн хурлын үеэр амжилт гарган ажилласан албан хаагчдыг шагнаж урамшуулах ажиллагаа болсон юм. Зэрэг дэв дээгүүр дээд ахмад цолоор 1, зэрэг дэв дээгүүр тэргүүн ахмад цолоор 1, хугацааны өмнө тэргүүн дэслэгч цолоор 2, шадар дэслэгч цолоор 2, шадар түрүүч цолоор 5 албан хаагч шагнагдлаа. Мөн оны хөдөлмөрийн аварга ажилтнаар 10, ажил мэргэжлийн аваргаар 9 албан хаагч шалгарч, онцлох «Хамгийн хамгийн”-аар дөрвөн албан хаагч тодров.

Н.Туяа

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих