М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр ЭВЛЭРЭЭГҮЙ

31

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэх үг зөвхөн сонгуулийн лоозон төдийхөн гэдгийг харуулсан үйл явдлууд өрнөж  байна. Өнгөрсөн оны сүүлийн өдөр зарим сайт “УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар эвлэрчээ” гэх мэдээг түгээв. Ямар зорилготойгоос нь үл хамаараад энэ мэдээнд баярласан хүмүүс цөөнгүй. Аштай юу даа, төрийн ажил явах нь гэж сайхныг хүссэн. Гэвч энэ мэдээний араас Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдэл гэх сүрхий зүйл гаргав. Тэр нь “Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж ЭВЛЭРСЭН гэх, Ерөнхийлөгч УИХ-ын даргатай 40 минут уулзсан гэх мэдээллүүд Medee.mn Sonin.mn сайтуудаар гарч эхэллээ. Энэ бол ор үндэсгүй ташаа мэдээлэл бөгөөд ямарч уулзалтууд болоогүй болно” хэмээн мэдэгдэв. Өдрийн 16 цагт гарсан мэдээний араас 19 цагт яаран өгсөн энэ тайлбар олон хүний бухимдлыг төрүүлсэн. Яасан жижигхэн сэтгэхүй, яасан увайгүй улстөржилт вэ.

2018 оны сүүлийн сард Монгол төрийн ажил бүрэн зогссон нь үнэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан найман удаа хойшилж, парламентын үйл ажиллагаа бүрэн гацсан. УИХ-ын дэд дарга чуулганы индрээс гишүүдийн нэр хоч, нутаг усаар нь цоллож, цалинг  чинь хасна гэж “айлгаад” ч тусыг олоогүй. Отгон чуулганаа ч хийж чадаагүй хуучин оныг үдсэн.

Тэгвэл 2019 он гарлаа. Хүн бүхэн  ажил, амьдралаа дээшлүүлэх зорилготой шинэ оныг угтаж байна. Тэгвэл Монголын төр яах вэ. Төрийн ажлын гацаа, зогсонги байдал шинэ онд ч үргэлжлэх үү. Магадгүй тийм бололтой. Учир нь М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр эвлэрээгүй. Тэд эвлэрээгүй учраас УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй, хурлаа хаясан хэвээр. Эвлэрсэн гэх мэдээллийг яаран үгүйсгэсэн хүмүүс төрийн ажлыг гацаасан хэвээр байх нь мэдээж биз.

Хоёр хүний улстөржилт, хувийн ашиг сонирхол Монгол төрийн дээр гарсныг энэ мэдэгдэл бэлээхэн харуулна. Магадгүй У.Хүрэлсүх, М.Энхболдтойгоо эвлэрсэн гэхээр бууж өгсөн, доошоо орсон, ялагдсан болчих гээд байгаа бололтой. Тиймдээ ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан гэх мэдээллийг яаран үгүйсгэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёсыг мандуулахаа мэдэгдсэн. Харин одоо тэр шударга ёс нь бохир улстөржилтийнх нь тоосонд дарагдаж, булшлагдахдаа тулаад байна.

Шударга ёсоор халхавчилсан, ард түмний нэр барьсан бохир улстөрөөс олон нийт залхаж байна. УИХ-ыг М.Энхболд нь даргална уу, Засгийн газрыг У.Хүрэлсүх нь толгойлно уу. Энэ ард түмэнд хамаагүй асуудал, хэн нь ч байсан чанарын ялгаа огтоос үгүй учраас. Эрх мэдэл, албан тушаалын хэнхэг туссан хэсэг бүлэг хүмүүс төрийн толгойд гарч, хэсэг бусниулж байгаад буудаг тийм л жаяг. Сонгуулийн хонх цохисон энэ өдрүүд эвдрэлцэх тусам ирэх жилүүдэд гудамжинд гарахын цондон болохыг эрх баригч эрхмүүд мэдэж буй биз.

 

 

М.Болд

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих