Монгол түмний бахархалт эмэгтэйчүүд: Боржигон овогт Сэчинбилэгтийн Ялуунгэрэл

44

НАЙРАЛ ДУУНЫ УДИРДААЧААР ДЭЛХИЙД ТАНИГДСАН ЯЛУУНГЭРЭЛ

(“Монгол түмний бахархалт эмэгтэйчүүд” номонд орж буй цуврал хөрөг-2)

Өвөр Монголын Хянган аймаг, Боржигон овогт Сэчинбилэгтийн Ялуунгэрэл. Аав ээж нь түүнд ийм ялгуун сайхан сонсголонт алдрыг хайрлажээ. Тэрбээр Өвөр Монгол төдийгүй Дундад улсын урлаг соёлын их эрдэмтэн доктор, профессор хүн. Хөгжмийн өндөр боловсролтойн дээр сурч мэдэхийн төлөө цаглашгүй тэмүүлэгч эгэл даруухан энэ эмэгтэйтэй ярилцаж суухад яриа хөөрөө нь тун цэгцтэй, энгийн даруу нэгэн байв. Ялуунгэрэл хатагтай ирээдүй хойч үе, багачууд хүүхдийн хөгжмийн боловсролын төлөө урлагийн бурханы илгээсэн элч гэмээр өөрийгөө ч мартан зольж хэмжээлшгүй ихийг хийж бүтээн, үнэлшгүй өндөр амжилтуудыг үзүүлжээ.

Түүх, соёл урлагаа дээдэлдэг гэр бүлд төрж өссөн Ялуунгэрэл багаасаа дуу хөгжим, урлаг соёлд маш дуртай нэгэн болжээ. Сэхээтэн гэр бүл ийнхүү охиноо сургамжлан хөгжүүлж, Өвөрмонголын соёл урлагийн сургуульд оруулж, Ялуунгэрэл охин ч энэ сургуулиа амжилттай төгсөөд дуу хөгжмийн хамгийн шилдэг нь болж мандсан байна. Төдөлгүй Шанхай хотын дуу хөгжмийн их сургуульд орж төгсөхийн сацуу Хятадын хамгийн дээд зиндааны хөгжмийн сургууль болох Дундад улсын хөгжмийн сургуульд өөрийн мэргэжлээ чадваржуулж, эрдмийн цолоо ахиулжээ. Одоо бол суралцах зүйлс ингээд л болчихмоор… Гэвч Ялуунгэрэлийн цаашид сурч боловсрох гэсэн чин хүсэл зориг савнаасаа хальж бялхах яагаа ч үгүй байлаа. Бурхан бидэнд хэмжээтэй ухаан, хэмжээгүй хүсэл зориг хайрласан. Тиймдээ ч “Өөрийгөө боловсролын өндөрт гарчихлаа гэж итгэсэн хүн дөнгөж доод түвшинд нь байдаг” гэж нэгэн ухаантан айлджээ. Энэ үгийг чухам Ялуунгэрэл бүсгүй олж сонссон эсэхийг бүү мэд. Ямартай ч түүний дэлхийн хэмжээнд боловсрох гэсэн хязгааргүй хүсэл зориг ид дүрэлзэж байлаа. Иймээс тэр хамаг хүч бололцоо, авъяас чадлаа дайчлан байж Америкийн хөгжмийн их сургуулийг зорьжээ. Чингээд эндхийн дуу хөгжмийн тусгай мэргэжлийн солилцоогоор суралцаж, шилдэг багш нараас нь туршлага судалж, нэг жилийн дотор чамлахааргүй ихийг сурсан байна.

Бага залуудаа тэрбээр Шилийн гол аймгийн “Улаан мөчир” хэмээх дуу хөгжмийн чуулгад бүжиглэж, дуулж, хөгжимдөж, хөдөөх сум гацааны малчдад тоглолт хийж, сүүлдээ бүр үүнээсээ залхаад “Энэ Улаан мөчирөөс хэрхэн гарах вэ” гэж бодох болсон нь нэг суурин дээрээ хадагдаж үлдэхийг хүсээгүй, мөн цаашид эрдэм соёлын хязгааргүй тэнгист дураараа сэлж тэмүүлэх гэсэн залуу насны эрмүүн зориг нь ид оргилж байсныг илтгэнэ. Тэгтэл бурхан түүн рүү удирдаач хүний уран гар, уян тархи илгээжээ. Учир нь гэвэл удирдаач хүний эрдэм нь гартаа болон тархиндаа оршдог гэнэм.

Оркестор, дуурь, найрал хөгжим, найрал дуу, цөөхүүл хөгжим зэргийг хөгжмийн зохиолчийн мэдрэмж санааг амилуулан жигд, уран сайхны үзэл бодлыг яруу сайхнаар дэлгэн үзүүлдэг хүн бол удирдаач. Дэлхий дахинд симфони оркестор бүрэлдэн тогтсон тэр цаг үетэй зэрэгцээд удирдаач бий болжээ. Хөгжимчид анх ердөө ганц хоёроороо тоглодог байж. Харин ХIV зуунаас олуулаа хамтарч тоглох шаардлага гарч, мөн хөгжмийн зэмсгийн төрөл ч олширсон тул ая дан нь зөрөлдөөд нэг л болж өгсөнгүй. Тиймээс эхний үед хийлч хүн нумаараа удирдах маягтай тоглуулж үзсэн ч бас л бүтэлтэй юм болсонгүй. Сүүлдээ гуч дөчин хүнтэй оркестор бүрэлдээд ирмэгц нэг хүн хөгжимчдийнхөө өмнө гарч ирээд гартаа цаас хуйлан боож бариад дохих болжээ. Тэгэхдээ удирдаач үзэгчдийн зүг харж зогсоод дохидог байв. Яагаад гэвэл хаад ноёдын өмнө буруу харж зогсохыг цээрлэсэн хэрэг байлаа. Тэгэвч удирдаач хүн хөгжимчид рүүгээ харалгүй буруу харж зогсоод хөгжим удирдана гэдэг нь яаж ч бодсон өрөөсгөл. Ийм тийм асуудлаас болж удирдаач төдөлгүй хөгжимчид рүүгээ хараад дохидог болсон нь хаад ноёдын ихэмсэг байдлыг “Хаан хөгжим” тас цохисон нь тэр байлаа.

Найрууллын маань гол баатар Ялуунгэрэл Шанхайн хөгжмийн их сургуульд дөрвөн жил суралцахдаа удирдаачийн мэргэжил эзэмшсэн нэгэн бөгөөд энэхүү ховорхон мэргэжлээр Өвөрмонголоос шалгарч гарсан анхны хүн нь гэдгээрээ алдартай. Энэ үе бол 1986 он байлаа. Чингээд Хятадын засгийн газрын хүсэлтийн дагуу Өвөрмонголын урлагийн их сургуульд багшаар иржээ. Тэр үед залуу байсан учраас мэргэжлээрээ улам илүү суралцъя, шамдъя гэж бодож байсан тул багшаар ажиллана гэхээс жаахан дургүй байсан ч жилийн дараа л өөрийнхөө ид шидийг харуулж эхэлсэн байна. Тэр нь юу гэвэл Өвөрмонголын залуучуудын найрал дууны бүлгэмийг байгуулсан явдал бөгөөд энэ нь улс орны болоод өөрийнх нь амьдралд маш чухал алхам болжээ. Найрал дуучдыг удирдан дэлхийг тойрох анхны аялал чухам л эндээс эхэлжээ. Тэрбээр багш болчихлоо гээд тайвширч түвдэлгүй дахин дахин шамдан суралцаж, амжилт чадвараа улам ахиулсаар 1995 онд Дундад улсын хамгаас өндөр дэсийн дуу хөгжмийн урлагийн их сургуульд магистрт суралцахаар болсон бөгөөд түүнд нэгэн сайхан багш заяасан нь Москвагийн дуу хөгжмийн их сургууль төгссөн, найрал дууны жолоодогч Лян Лян Күн байлаа. Ялуунгэрэл энэ мундаг багшийг дагаад гурван жилийн хугацаанд их зүйлийг сурч, улмаар мэргэжлийн магистраа амжилттай хамгаалжээ. Тэгээд ч зогссонгүй 2000 онд Бээжинд очиж докторант болж, Дундад улсын дуу хөгжмийн их сургуульд багшилж, найрал дууны удирдаачийн чиглэлээр доктор цол хамгаалсан нь агуу их Хятад гүрэнд энэ мэргэжлээрээ анхдагч нь болсон түүхтэй. Улмаар 2010 онд профессор багш болж докторуудад хичээл зааж эхлэв. Түүний энэ мэт хөдөлмөр зүтгэл эзэндээ олон шагнал авчирчээ. Заримаас нь дурдваас:
-Дэлхийн олон улсын найрал дууны уралдаанд тэргүүн байрын шагнал.
-Линз хотод явагдсан дэлхийн найрал дууны уралдаанд алтан медаль.
-Дундад улсын дэлхийн найрал дууны уралдаанд тэргүүн байрын шагнал гэх мэт.

Түүнчлэн Олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож, ур чадвар мэргэжил авъяасаараа дэлхийн олон улс орноор аялан тоглолт хийжээ. Би бээр түүнээс “Дэлхийн ямар улс орнуудаар явж тоглолт хийсэн бэ?” гэж асуухад “Очсон газруудаа тоочсоноос очоогүй газраа тоочвол арай дөхөмтэй байх болов уу. Би Африкт очиж тоглолт хийж байсангүй, мөн Өмнөд Америкт очоогүй, бас Японд очоогүй. Дэлхийн бусад бүх орноор явж тоглосон” гэж хэлсэн юм. Африк тивийн гучаад орон, Өмнөд Америкийн 14 орон, тэгээд Япон, нийтдээ 45 улс… Дэлхийд 200 гаруй улс бий гэхээр 150 гаруй улс оронд хөл тавьчихжээ. Ийм олон улс орноор жуулчлах маягаар явлаа гэхэд ямар нэгэн явдал чирэгдэлгүй, дарамт шахалтгүй амархан байх. Харин өч төчнөөн хүүхэд удирдаад, очсон улс болгондоо найрал дууны тоглолт хийнэ гэдэг бол амаргүй даваа. Тиймдээ ч Ялуунгэрэл хатагтайд нөхөрт гарч амьдралаа зохиох зав зай ч байсангүй. Хүүхдийн найрал дууны бүлгэм байгуулсныхаа дараа Хөххотоос Бээжинд шилжиж очоод хүүхдүүдэд дуу хөгжим зааж, таван өдөр ажиллачихаад Хөххотын бүлгэм рүүгээ очно, эргээд Бээжин рүү ажилдаа гүйнэ, ийш тийшээ байнга явж, цаг наргүй ажиллана. Ийм завгүй ажлын их ачааллаасаа болоод Хянган аймагт суугаа садан төрлүүдтэйгээ ч тэр болгон харилцаж чадахгүй болжээ. Нэгэн насаа урлагт золино гэдэг л энэ байх.
Өвөрмонголын залуучуудын найрал дууны бүлгэмүүдэд хятад дуу цөөхөн, харин монгол дуу илүү онцлоготой тул монгол дуугаар голлож, заримдаа европ дуу дуулдаг байна. Мөнхүү дууны бүлгэмийн дуучдын ихэнх нь хөдөөнөөс ирсэн, Хятадын соёл сайн мэдэхгүй тул Ялуунгэрэл удирдаач “Үүнийг би л засаж, хийх ёстой” гээд зүтгэчихнэ. Түүний байгуулсан найрал дууны бүлгэм дэлхийд алдартай дуунуудыг дуулна. Мөн монгол дуунууд, Хятадын найрал дуу, бас Европын найрал дуунуудыг дуулж байна. Ялуунгэрэл удирдаач багачуудын найрал дууны бүлгэм байгуулсан шалтгаан нь Монгол хүүхдүүд Өвөрмонголын дуу хөгжмийн их сургуульд монгол соёлд суралцахаас гадна хятад соёл, европ дуу хөгжим соёлыг сурч, өндөр амжилт гаргах зорилготой. “Монгол хүүхдүүдийн соёл урлагийн суурь боловсролыг сайн тавьж, ажил үйлсийн замыг нь аятай сайхнаар засах нь миний зорилт юм” гэж Ялуунгэрэл ярьж сууна.

Одоохондоо Ар Монголоор найрал дуу хийгээгүй байгаа ч тэрбээр “Миний ээж” гэдэг дөрвөн хоолойн дууг, мөн Ардын жүжигчин Н.Жанцанноровын арван хэдэн хоолойгоор дуулдаг амаргүй нэгэн найрал дуу байгааг судалж мэдсэнийг харахад түүнд бас нэгэн зорилго байж мэднэ.
Найрал дууны удирдаач гэдэг нэг ёсондоо жолоодогчийн ажил бөгөөд олон хүнийг нэг хүн шиг зангидаж, олон өнгө аяз салган дуулуулна гэдэг тун ч амаргүй хөдөлмөр. Тэр дундаа хүүхдийн найрал дууг удирдах нь хамгийн ярвигтай ажээ.

Дэлхийд гурван хүнд хэцүү мэргэжлийн нэг нь удирдаач юм гэдэг. Эхнийх нь газрын гүнд ажилладаг уурхайчин. Хоёр дахь нь хүний амь насны төлөө тэмцэж буй мэс заслын эмч. Гурав дахь нь удирдаач… Яагаад тэр билээ? Учир нь удирдаач хүн бол сэтгэл зүйгээр байнгын дарамт, стреес дунд амьдардаг юмсанж. Хөгжимчид бэлэн үү? Дуучид бэлэн үү? Хөгжмийн зэмсэг хөгтэй юу? Дуучны хоолой саадгүй юу? Заримынх нь хоолой сөөчихөөгүй байгаа даа? Тоглолтын бэлтгэл хангагдав уу? Яаж дуугарах бол? гэх мэт түмэн асуудалд ээрэгдэн, сэтгэл нь байнга түгшээстэй, тархи нь минут, секунд тутамд өөрчлөлтийг мэдэрч байдаг байна. Харин дуучин, жүжигчин хүн бол зөвхөн өөрийгөө удирдаад аваад явчихад л хангалттай. Сайн удирдаачийн гол шалгуур нь хөгжимчид болон дуучдаасаа илүүг мэдэж, хөгжмийн бүх дуугаралтыг мэдэрч чаддаг байгаад зогсохгүй олон янзын хоолойн өнгө салгалтыг гярхай чагнаж мэддэг ховорхон авъяас чадвар заяасан байх ёстой. Жирийн хүн юм уншихдаа мөр мөрөөр нь уншдаг бол удирдаач хүн тавиас далан мөр нотыг нэг харалтаар уншдаг юмсанж. Энэ нь дөрвөн хуруу зузаан номыг ганц хоёрхон цагийн дотор уншчихаж байна гэсэн үг.

Найрал дууны хүүхдүүдийн хөгжмийн суурь боловсрол нимгэн, дууны хүч нь сулхан ч дуу сурах нь хурдан, харин том хүний хоолой сайн хэдий ч дуу сурах нь удаан гэх мэтийн бэрхшээлүүд байдаг бололтой. Заримдаа ядарч шантрах үе гарах ч ажилдаа хамаг сэтгэлээ зориулж зүтгэсээр өдөрт арван хэдэн цагаар ажиллаж, ядарсанаа ч мартчихсан байдаг нь Ялуунгэрэл хатагтайн гэм биш зан болжээ. Найрал дууны бүлгэм байгуулж, найрал дууны удирдаачийн хувьд ийм өндөр амжилт гаргасан хүн Дундад улсад ховорхон байдаг юм байна. Өвөрмонголдоо ч тэр, Дундад улсдаа ч тэр найрал дууны чиглэлээр төрсөн анхны доктор бүсгүйтэй ярилцаж суухдаа “Манай Ар Монголд бол энэ хүн урлагийн өндөр дээд цолуудыг аль хэдийнэ хамчихсан байх байж дээ…” гэх бахархал төрж байснаа нуух юун.

Б.ОЙДОВ


URL:

Сэтгэгдэл бичих