Э.Батхишиг: Төр эхлээд ард түмэндээ боломжийг нь олгодог байх ёстой

5

Э.Батхишиг улс төр судлаач багш мэргэжилтэй. Тэрбээр эдүгээ Үнэн ба зөв намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Түүнтэй  Монгол Улсын хөгжлийн бодлого, хувь хүний ёс суртахууны талаар ярилцлаа.

-Өөртэй чинь би Монгол Улсын хөгжлийн сэдвээр ярилцъя гэж төлөвлөсөн юм. Энэ талаархи танай намын бодлогыг сонирхоё?

-Бид Монгол улсыг шинжлэх ухаанд суурилсан  хүчирхэг улс орон байх ёстой  гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол Үнэн ба зөв намын бодлого зорилго. Инженер хүн улс орноо удирдаад аваад явдаг  олон улсын жишиг байна. Бид инженерүүдээ дэмжсэн,  мэргэжлийн хүмүүс нь салбар салбараа удирдаад явахад хөгжил зайлшгүй ирнэ гэж бодож байна.

Өнгөрсөн 28 жилийг эргээд харахад ямаршуухан үр дүнд хүрэв, хөгжлийн аль үе шатандаа явж байна  гэж олон хүн асуудаг. Тэгж хөгжлөө, тийм шатандаа хүрлээ гэхчлэн хэлэх хүн олон байгаа байх.  Харин Үнэн ба зөв намын хувьд энэ 28 жилийн хөгжлийг хангалтгүй гэж үздэг. Яагаад гэвэл энэ 28 жилийн хугацаанд ард түмэн илүү их уур уцаартай боллоо, амьдралын түвшин доройтлоо, Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх алдагдлаа. Тийм учраас энэ бүх зүйлийг засч залруулахын тулд  улс эх оронд хэн хэрэгтэй вэ гэвэл эрдэмтэд, инженерүүд  зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр салбар салбарын олон эрдэмтэн мундагуудыг цуглуулж байх ёстой байранд нь тавьж ажиллуулах хэрэгтэй. Энэ бол Үнэн ба зөв намын зорилго.

-Аль талаас нь харахаас хөгжлийг  дүгнэж цэгнэдэг байх. Тийм болхоор улс орон хөгжиж байна аа гэх хүн ч бас цөөнгүй байх шиг харагддаг…

-Бид хөгжил гэхээр олон янзаар харж  болно. Барилга байгууламж, зам гүүр аль эсвэл томоохон инновацийн төсөл ч гэдэг юм уу. Үнэн ба зөв намын хувьд  дээр хэлсэн шинжлэх ухаанд суурилсан хүчирхэг орон болгоно оо гэж. Улс орноо ийм хэмжээнд аваачна гэдэг нь  энэ улсын иргэн бүр нь аз жаргалтай амьдрах тэр нөхцөл боломжийг бий болгоно гэсэн үг юм.  Аз жаргалтай байна гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр  энэ бол энгийн ойлголт. Тухайлбал, хүүхдүүд нь цэцэрлэг сургуультай, сургууль руугаа явахад явган хүний замтай, авулгүй орчинд амьдардаг байх ёстой. Ямар ч л гэсэн одооных шиг цэцэрлэгт  суглаагаар ордог  байж болохгүй. Энэ нь хөгжлийн түвшин дорой байгааг харуулж байгаа юм.

Аз жаргалтай Улаанбаатар гэж ярьж байна. Харин бидний хувьд иргэн бүр нь аз жаргалтай Монголыг цогцлооё гэж ярьж байгаа юм. Хэрэв иргэн бүрээ аз жаргалтай болгочих юм бол залуучууд нь төгсөөд ажлын байртай, авч байгаа цалин хөлс нь амьдралд нь хангалттай хүрэлцдэг байх гахчлэн шалгуур үзүүлэлтүүд байна гэсэн үг.

-Хөгжилд хүргэх олон хүчин зүйл байдаг байх. Төрийн оновчтой бодлого, хөрөнгө мөнгө, бүтээн байгуулалт, техник технологи  гэхчлэн…

-Хөгжилд  хүрэхэд  таны хэлсэнчлэн олон хүчин зүйлийн нөлөөлөл бий гэдэг нь тодорхой. Гэхдээ хөгжлийн тухай ярихад өөр нэг хүчин зүйлийн тухай дурдахгүй өнгөрч боломгүй. Тэр нь юу вэ гэвэл  иргэн бүрээ ёс суртахуунтай,  хүмүүнлэг үнэнч шударга болгох ёстой. Аливаа нийгэмд хамгийн чухал зүйл болиргэдийнх нь ухамсар, хүмүүжил байдаг.  Бид иргэдээ ёс суртахуунлаг хүмүүжилтэй болговол  Монгол улс хөгжихөд маш амархан гэж бодож байна. Ийм бэлээхэн жишээ байна ш дээ.  Япон, Солонгос гээд орнуудын хөгжлийг аваад үз л дээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ямаршуухан улс орон үлдээд одоо яаж хөгжиж цэцэглээд байгаа билээ. Япон хүн үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ  бүхнийг эх орноо гэх сэтгэлтэй нь холбож өгдөг. Жишээ нь, чи эх орныхоо төлөө сурч байгаа шүү гэхчлэн. Өнгөрсөн жилийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Японы тамирчид  хожигдчихоод цэнгэлдэх хүрээлэнгийн хогийг цэвэрлэчихээд оросуудад хандаж талархлаа илэрхийлээд стадионоос гарч байсныг анзаарсан байх.

Ер нь эх орон ч үзэл гэдэг бол жижигхэн зүйлээс эхэлдэг. Магадгүй, хогоо ил задгай хаяхгүй байхаас эхэлнэ.

-Яахав, иргэдийн эх оронч сэтгэл, ухамсар хүмүүжил маш чухал гэдэг нь үнэн. Гэхдээ төрийн зүгээс иргэдээ хөгжилд хэрхэн хөтлөх ёсётой вэ?

-Төр бол эхлээд ард түмэндээ боломжийг нь олгож өгдөг байх ёстой. Боломжийг нь олгож өгснийхөө дараа хариуцлага нэхдэг байх хэрэгтэй. Төр чамайг ажлын байраар ингэж хангалаа. Харин чи үүний хариуд ийм хууль журмаар ингэж ажиллана гэхчлэнгээр  араас нь хууль ярьдаг, араас нь хариуцлага нэхдэг.  Боломж олгоогүй байж иргэнээ хэзээ ч хуулиар дарамталж болохгүй.  Ийм төр байж болохгүй.

-Боломж гэж яг юуг хэлэх вэ?

-Боломж гэдэг бол иргэн бүртээ шударга ёсыг тогтооход тэгш үйлчлэхийг хэлдэг. Боломж мэдээж олон янз. Хийе бүтээе гэсэн хүн бүрийг дэмжиж, шударга үйл ажиллагаагаараа  амжилтад хүрэх, хангалуун амьдралаа цогцлон бүтээх нөхцлийг нь төр бүрдүүлж өгдөг байх хэрэгтэй. Тэр чинь л боломж шүү дээ. Энэ нь иргэн бүрдээ тэгш шударгаар очдог байх хэрэгтэй.

-Шинжлэх ухаанд суурилсан хүчирхэг Монголын тухай ярилаа. Тэр нөхцлийг  Монголын шинжлэх ухааны өнөөгийн түвшин хангаж чадах уу?

-Монголын мянган мянган залуучууд шинжлэх ухаанд суралцаж байна. Сайтар бэлтгэгдсэн олон мянган эрдэмтэд байна.  Энэ хүмүүс бол Монголын баялаг. Энэ хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ чадамжийг ашиглах зайлшгүй шаардлагатай.  Эдүгээ  Монголчууд оюун ухааны чадавхиараа дэлхийд 5-т үнэлэгдэж байна.  Дэлхийд 10-хан байдаг  элэгний мэс засалчийн нэг нь Монголд байна ш дээ.  Ийм жишээ олныг хэлж болно.  Майкрософт,Apple, Google гэхчлэн дэлхийн хэмжээний том компаниудад олон зуун монгол залуучууд ажиллаж байна. Тэд эх орондоо ирж ажиллая гэхээр ажлын байр, цалин ажиллаж амьдрах орчин нь байдаггүй. Маш зөв зохион байгуулалттайгаар ийм хүмүүсээ дэмжддэггүй. Тэр бүх хүмүүсийг бидэнтэй нийлж нэгдэж ажиллааасай гэж хүсдэг.

- Тэгэхээр хөгжлийг зөвхөн материаллаг талаас нь буюу бүтээн байгуулалт талаас нь харж болохгүй юм байна. Гэхдээ хөгжилд  хувь хүний улс төрийн оролцоог чухалчлах шалтгаан юу вэ. Энэ чинь тэртэй тэргүй их байгаа улстөржилтийг улам өдөөх юм биш үү?

-Материаллаг талаасаа бол Монгол хөгжиж байгаа юм шиг харагддаг, тодорхой хэмжээний юм хийгдэж байгааг үгүйсгэхгүй. Тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Гэхдээ тэр бүхэн чанар шаардлага,  дэлхийн хэмжээний стандартыг хангаж чадаж байна уу гэдэгт асуудал бий. Тухайлбал, нэг зам тавьчихдаг, тэр нь ганцхан зуны бороонд эвдэрчихэж байх жишээний.  Гэтэл байгалийн гамшиг байнга тохиолдож байдаг Япон улс доод зах нь 100-аас 200 жилийн настай зам барьж байна  ш дээ. Манайд нэг гүүр барьчихаад 100 жилийн баталгаа өгчихөөд л явж байна. Тэгэхэээр бид ийм он удаан жил оршин тогтох үнэт баялгийг бүтээмээр байгаа юм.  Хөгжил материаллаг талаасаа ийм.

Харин оюунлаг талын хөгжил гэвэл иргэн бүр  нь зөв оролцоотой байх явдал. Иргэн бүр нь улс төрд оролцдог байх ёстой. Улс төрд оролцоно гэхээр юм бүхнийг шүүмжлээд хэн нэгнийг муухай харагдуулах тухай  асуудал биш л дээ.  Харин иргэн бүр нь улс төр надад хамаатай гэсэн өнцгөөс хардаг байх ёстой гэсэн үг.  Өнөөдөр цэцэрлэгт  хүүхдээ хүргэж өгөх гэсэн түгжрээд асуудалтай байх юм бол энэ улс төр надад хамаатай юм байнаа гэдгийг л иргэн бүр ойлгох учиртай юм. Тийм учраас хөгжил гэдэг бол иргэн бүр нь улс төрийн идэвхи оролцоотой байх, иргэн бүр бүр нь соёлтой, хүмүүжилтэй байх явдал юм.  Бид  бие биеэ хүндэлдэг хайрладаг зөв нийгэм рүү хамтдаа явмаар байна. Одоо бол монголчууд бие биеэ үзэн яддаг болчихоод байна. Гэхдээ үзэн ядах шалтгааныг бүрдүүлээд байгаа олон хүчин зүйл байгаа учраас  ийм болсон байх.

Тийм учраас  бид хүмүүжил боловсролд суурилсан  зан төлвийг бүрдүүлмээр байна.  Ер нь боловсролынхоо салбарт анхаарах цаг болсон. Иргэн бүртээ зөв боловсрол, зөв менежмент, зөв зохион байгуулалт зөв мэдлэгийг олгож чадвал хөгжил бол ойрхон байна. Товчхондоо хөгжил гэдэг бол хүн бүрийн айл бүрийн аз жаргал шүү дээ. Ийм л мэдрэмж. Ямар нэгэн асуудалгүй. Гэтэл одоо залуу гэр бүлүүдийн 70 хувь нь эдийн засгийн асуудлаас болж бие биедээ гоморхдог, эцэстээ салж сарнидаг явдал байна. Ийм байвал Монгол Улс хөгжихгүй байх нэг шалтгаан болсоор байх болно.

-Бид хөгжлийн тухай зөндөөн ярилаа. Харин хөгжил гэж яг юуг хэлэх вэ? 

-Товчхон хариулъя. Аливаа дэвшлийг хоёр хувааж болно. Сөрөг ба эерэг гэж. Аливаа зүйлд эерэг дэвшил бий болоод тэр дэвшлийг ард түмэн хамтдаа хүртээд сайхан амьдарч чадаж байвал түүнийг хөгжил хэмээн томъёолж болно. Хүндээ ч ээлтэй, байгальд ч ээлтэй тэр дэвших үзэгдлийг л хөгжил гэж болно.

-Боловсролын тогтолцооны тухай дээр цухас дурдлаа. Монголын боловсролын тогтолцоог хэрхэн хардаг вэ?

-Монголд өвгөд дээдсээс уламжлагдан ирсэн аугаа түүх соёл бий. Үүнийгээ боловсролынхоо тогтолцоонд зохицуулаад явуулах боломж  бий гэж хардаг. Гэтэл бид одоо тогтсон систем байхгүй л яваад байна. Нэг сайд гарч ирээд нэг янзын систем хөтөлбөр хэрэгжүүлээд явдаг. Кембриж ч гэх  шиг, Оксфордын хөтөлбөр,  Европ стандарт  ч гэх шиг. Энэ мэтчлэн гадны боловсролыг туршаад байх юм бол бид зөв гольдролдоо орж чадахгүй.  Тийм учраас бидэнд өв уламжлал ёс зүй,  ёс суртахуун дээрээ тулгуурласан боловсролын үндэс суурь байх ёстой. Монгол ахуйгаа шингээсэн боловсролын тогтолцоо зайлшгүй чухал. Өөрөөр хэлбэл  монгол ахуйгаа шингээсэн дэлхийн стандартын боловсрол чухал байна.  Ингэхдээ хүмүүжилд суурилсан. Яагаад гэвэл одоо бид дэндүү академик боловсролоор яваад суурь хүмүүжил, эцэг эхийн оролцоонд нь анхаарахгүй байна. Хүүхдийн хүмүүжил эцэг эх, багш, орчин тойрны  найз нөхөд гэсэн гурван нөлөөнөөс  төлөвшдөг. Одоо эцэг эхчүүд манай хүүхэд сургуульд сурч байгаа бол сургууль хүмүүжүүлэх ёстой гэсэн хандлага ойлголттой  болчихсон.

-Улсын хөгжилд хувь хүний ёс зүй маш чухал нөлөөтэй гэсэн санааг дээр хэллээ. Энэ үнэхээр чухал байх. Харин яаж иргэдээ, залуу үеэ ёс зүйтэй болгох вэ?

-Энэ бол том асуудал, үүнд төрийн оролцоо зайлшгүй чухал. Үүнд эцэг эхээс гадна хүн бүрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Би л болж байвал гэсэн сэтгэхүй  өнөөгийн нийгэмд их түгээмэл байна. Юуны өмнө энэ сэтгэхүйгээс салмаар байна.  Өмнөх нийгмийн үед хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс гэдэг байжээ. Энэ бол үнэн үг. Хамтдаа л бид урагшлах ёстой.

-Хоёулаа хөгжил хүмүүжил гэсэн сэдвээр ярилаа. Нэгэнт Монголын улс төрийн нэг намын ЕНБ-тэй даргатай ярилцаж байгаагийнх  улс төрийн сэдвээр товчхон ярилцъя. Танай нам 2020 оны сонгуульд оролцохоор  бэлтгэж байна уу?

-Үнэн ба зөв нам 2020 оны  бүх шатны сонгуульд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа нам. Энэ сонгуульд  иргэн бүр идэвхтэй оролцоосой гэж бид хүсч байна. Хамгийн гол нь манай нам иргэн бүртээ боломж олгоё гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл зөв хүмүүсийн төлөөллөөр Монгол төрийг бүрдүүлье гэсэн том зорилготой явж байна.

- Ийм боломжийг яаж бүрдүүлэх вэ. Зөв хүмүүсээ хаанаас хэрхэн олох вэ?

-Зөв хүмүүсээ бид  иргэдийн санал оролцоотойгоор олно. Бид энэ тухайгаа телевизээр ярьсаны дараа хөдөө орон нутгаас иргэд холбогдож байна. Жишээ нь, манай суманд  Бат гэж хүн байна шүү. Энэ хүн сум орон нутагтаа ийм ажил хийсэн,  үнэнч шударга, төрд л байх ёстой хүн байгаа юм гэхчлэн ярьж байна.

Ярилцсанд баярлалаа

  М.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих