Болгоомжил! Цаана чинь цагдаа

Оюутнууд амарснаас хойш нэг хэсэгтээ банкуудын ачаалал ерөнхийдөө багасаад ирсэн цаг. Хэдэн төгрөгөө авах гэж, эсвэл өгөх гэж дугаарлаж зогсох цаг гайгүй болж байна гэсэн үг. Гэтэл оюутны амралт дуусаагүй байхад сүүлийн өдрүүдэд ачаалал дахиад л нэмэгджээ. Очерт зогсох хүмүүсийн багагүй хэсэг нь нэлээдгүй бухимдсан хүмүүс. Учрыг сонсохнээ, замын цагдаа­гийн газрын дансанд торгуулиа төлцгөөж байгаа юм гэнэ. Тэгээд л ийм яриа болно.

-Төрийн санд тушаа гэсэн үү, Замын цагдаагийн дансанд тушаа гэсэн үү?
-Золиг юм аа. Дөчин мянгаар торгуулахын оронд бензин аваад хийчихсэн бол аштай юу.
-Хэлээд юу гэх вэ, шатахууны үнэ өсөөд ядаж байхад даа.
-Үгүй ээ, энэ цагдаа нар чинь юу болоод бүгдээрээ торгох гээд байдаг болчихоо вэ гэж ирээд л ам нийлэн замын цагдаа нарыг муулна.

Ингэж учир зүггүй торгоод байгаа нь мэдээж учиртай. Замын цагдаагийн газраас ажил хөдөлмөрийн бүтээмжийн уралдаан зарласан гэнэ. Ажлын үзүүлэлтээрээ тэргүүлвэл шинээр ашиглалтад орж байгаа байрны түлхүүр гардах аж. Мэдээж ажлын үзүүлэлтэнд ямар шалгуур тавих вэ гэдэг маш чухал. Уралдааны болзол нь “Хэн их хэмжээний торгуулийн хуудас бичиж чадсан бэ” гэдэгт байгаа юм.

Ингээд л цагдаа нар хайр найргүй то­ргох болж. Өнгөрөгч жилүүдэд яах вэ, энэ уралдааныхаа шалгуурыг согтуу жолооч илрүүлсэн үзүүлэлтээр дүгнэж байсан байх юм. Түүнийх нь үр дүнд олон олон хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлж чадсан л байх. Харин торгуулийн мөнгө хуримтлуулсан гэдэг шалгуур явцуурчих шиг болов. Уралдааны удир­дамжийг орчуулж ойлговол “Байртай боло­хын төлөө торгоод марш” гэдэг болоод байна.

Ингээд бичиж дуусах үед манай ажлын жолооч “торгуулчихлаа” гээд ороод ирдэг байгаа. Таван мянгаар торгуулсан гэнэ. Мэдээж дүрэм зөрчсөн нь тодорхой, эргэх ёсгүй газраар эргэсэн. Хамгийн гол нь цаад талд нь гурвын гурван замын цагдаа эргэхийг нь хүлээгээд нуугдасхийгээд зогсч байсан гэж байгаа юм. Манай нөхрийг торгуулж, шалгуулж зогсох хооронд хэд хэдэн азгүй амьтдыг бас зогсоосон гэнэ шүү. Дүрэм зөрчсөн юм чинь торгуулах нь зөв гэж бодож байгааг тань ойлгож байна. Гэхдээ цагдаагийн гол үүрэг нь дүрэм зөрчихийг нь хүлээж байгаад торгох биш дүрэм зөрчихөөс нь өмнө урьдчилан анхааруулах ёстой л баймаар юм. Жолооч нарын анзааралгүй эргэдэг тэр уулзварынх нь наана зогсож журамлах ёстой болохоос биш цаана бөөнөөрөө зогсоод “мөнгө саамааргүй” л баймаар байх юм.

Сахиусан тэнгэр замын цагдаагийн ажиллаж байгааг нэлээд удаан хараад “хөгшөөн хоёулаа шидэт дохиураа тулчих уу” гэдэг онигоо бий байх аа. Сахиусан тэнгэрийн дохиур хүсэл биелүүлж, хүмүүсийг аз жаргалтай болгодог бол, замын цагдаагийн дохиур уур хүргэж, халаас хоослодог болж. Ангийн улирал эхэллээ гэдэг шиг цагдаа нар мань хэдий????гээ намнаад эхэллээ. Хоёрын хооронд дүрэм зөрчихгүй, шааз­гайнд олз болох жижиг сажиг овоо босгочихгүй шиг ангийн улирал дуустал няхуур байцгаая. Болгоомжил, цаана чинь замын цагдаа…

Б.Мандах


URL:

Сэтгэгдэл бичих