Монголчууддаа сэтгэлийн хат, эрч хүч өгсөн “Хө баа”

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн аваргын алтан медальт, байт харвааны спортын гавьяат тамирчин, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо /МХБИНХ/-ны тэргүүн Дамбадондогийн Баатаржавтай уулзаж амьдрал, ажил үйлсийнх нь талаар сонирхсон юм. Тэр мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст сэтгэлийн хат, эрч хүч хайрлаж, сэтгэл зүрхэнд нь гэрэл гэгээг авчирч чадсан гэдгээрээ монголчуудын ирээдүйд хөгжин дэвжихийн оч бадраасан энэ цагийн эгэл баатар билээ.

Монгол Улсаас төрсөн олимпийн гурав дахь аварга болж ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн Д.Баатаржав өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга хол давсан иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ариун  үйлсийн төлөө өөрийн мэдлэг чадвар, нэр хүнд, ур чадвараа зориулан чин хүслээрээ хүчин зүтгэж явна. Монголын мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, бахархал нь болсон олимпийн аварга Д.Баатаржав тай цөөн хэдэн минут уулзаж халуун яриа өрнүүлснээ уншигч та бүхэндээ толилуулж байна.

-Бээжингийн паралимпийн наадамд Монгол Улсаас байт харваа, буудлагын спортоор тус бүр нэг, жүдо бөхийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг, нийт дөрвөн олимпийн эрхтэй оролцож байсан. Харин одоо болох “Лондон 2012” паралимпийн наадамд одоогийн байдлаар есөн эрх аваад байна. Мөн Лондонгийн зуны ХХХ олимпийн наадамд хүч үзэх эрхийг есөн тамирчин авчихаад байгаа. Энэ бол 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас Монголын баг тамирчид гурван алт, хоёр мөнгөн медаль хүртэж түүхэндээ байхгүй дээд амжилтыг тогтоож байсантай шууд холбоотой болов уу. Монголчууд энэ олимпийн наадмаас их урам зориг, эрч хүч авсан, төр засгаас ч спортод илүүтэй анхаарал хандуулж, дэмжиж ирсэний үр дүн юм. Тиймээс ч монголчууд, тэр дундаа тамирчид, дасгалжуулагчид Бээжингээс Лондон хүртэл итгэл, сэтгэл дүүрэн байж хичээл зүтгэл гаргаж, амжилтаа ахиулсаар байгааг өнгөрсөн гурван жилийн амжилтууд харуулж байна. Ирж байгаа Лондонгийн олимпийн наадамд 30-аас доошгүй эрх авч оролцох зорилтыг манай спортынхон дэвшүүлээд байгаа. Энэ талаар Бээжингийн олимпийн аварга таны сэтгэгдлийг сонсоё?

-2008 оны олимпийн дараа 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газраас НҮБ-аас гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэд /ХБИ/-ийн хүний эрхийн конвенцийг хүлээн зөвшөөрч соёрхон баталсан. Энэ үеэс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс үзүүлэх үйл ажиллагаа, бодлогод олон шинэ дэвшил гарсан гэж болно. Тухайлбал, ХБИ-ийн үндэсний шигшээ баг бий болсон. Манай улс энэ конвенцид нэгдэн орсноос хойш ХБИ-ийн хөгжлийн талаар маш олон ажлыг амьдралд хэрэгжүүлсэн. Энэ бүхэн нь төр засгийн дэмжлэг ямар чухал болохыг нотолж байна.

Үүний нэг тод жишээ бол Монголын паралимпийн хороо спортын дөрвөн төрлөөр үндэсний шигшээ баг байгуулж бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцсоноор өнөөдрийн байдлаар манай тамирчдаас “Лондон 2012” паралимпийн есөн эрх авчихаад байна. Энэ бол төр засгаас, БТСГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээлэхэд нь дэмжлэг үзүүлж ирсэний үр дүн юм. Зөвхөн биеийн тамир, спортын салбарт төдийгүй боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэхээс эхлээд бүхий л талаар ХБИ-дэд төрөөс тусламж, дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн онд НҮБ-ын ХБИ-ийн хүний эрхийн конвенцид нэгдсэнээс хойш манай улс хэрэгжүүлсэн Ажлын тайлангаа НҮБ-д хүргүүлсэн.

Уг тайландаа төрөөс  ХБИ-ийн асуудлыг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллага, агентлагтай болох зорилтыг тусгасан.  НҮБ-ээс тунхагласан энэ конвенцийн 29 дүгээр зүйлд зааснаар ХБИ-ийн сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэхэд анхаарал хандуулж байгаа. БНСУ, Герман, Швейцарь, Япон, АНУ зэрэг орны жишгээр ХБИ-ийн дуу хоолойг илэрхийлж, тэдний эрх ашгийг хамгаалж байх конгресс, парламентад суудалтай болох асуудлыг бид анх удаа хөндөж байна. Тиймээс ч бид хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэдийнхээ төлөөлөл болж чадах хүнийг нэр дэвшүүлж сонгуульд оролцох гэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй ахмадууд, залуучууд, хүүхэд багачуудын эрх ашгийн төлөө төрийн бодлогод нөлөөлж чадах хүн зайлшгүй хэрэгтэй.

-Бээжингийн паралимпийн наадмаас монгол хүн олимпийн аварга хэмээх эрхэм хүндтэй алдар гавьяа хүртсэн нь Монголын мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй настнууд, хүүхэд багачууд, залууст их урам зориг, эрч хүч өгсөн гэж болно. Өөрт байгаа нөөц, боломжоо дайчилж, сэтгэлийн хаттай, тэмцэж чадвал юуг ч ялан дийлж болохын бодит үлгэр жишээг та харуулж чадсан. Өнгөрсөн хугацаанд улс орны хэмжээнд ХБИ-ийн хамтарч, эвсэж байгуулсан хамтлаг, байгууллага олноор бий болж тэднээс олон хүн нийгэм хамт олны дунд орж ажилтай, орлоготой, бусдын адил сайхан амьдарч чаддагаа харуулж байна. Энэ талаар таны сэтгэлийн үгийг сонсмоор байна?

-Ер нь сүүлийн арваад жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгмийн хандлага, үзэл бодол их өөрчлөгдөж ирсэн. Өмнө нь нийгэм тэр аяараа энэ хүмүүсийг нийгмээс тусгаарлагдмал, халамж, тэтгэвэр, тэтгэмж авч, хүний асаргаанд байдаг л хүмүүс гэж төр нь ч, ард иргэд нь ойлгодог байсан гэж болно. Харин энэ хүмүүст төрөөс ажиллаж, амьдрах, сурч боловсрох, спортоор хичээллэх орчин нөхцлийг нь бүрдүүлээд өгвөл хэнээс ч хараат бусаар ажил хөдөлмөр эрхэлж чаддаг гэдгийг өнөөдрийн нийгэм дэлхий нийтээрээ мэддэг болсон. Ажил үйлс нь тэднийг хамгийн хариуцлагатай, нягт нямбай, чадварлаг, бүтээлч хүмүүс гэдгийг олон бодит жишээ харуулах болжээ. Тиймээс ч бид ХБИ-ээ хөгжүүлэх, чадваржуулах, нийгэмд төлөвшүүлэхийн төлөө бүх шатны түвшинд үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. Үүний үр дүн нь гарч байгаа. Цаашдаа ч хийж хэрэгжүүлэх олон шинэ санаа, ажил хэрэг байна.

-Таны аав Дамбадондог гуай Монгол Улсын начин, улсын анчин хүн. Танай ах дүү, гэр бүлийнхэн аавыгаа дууриасан гавшгай, авхаалжтай, хүч бяртай төржээ. Таны ах Д.Баатархүү боксын спортын мастер, таны дүү Д.Ганбаатар боксын олон улсын хэмжээний мастер, таны хүү бас тамирчин гэдгийг мэдэх юм. 2008 онд хүүгээ олимпийн аварга болоход таны аав 90 нас дөхсөн буурай ихэд бахархаж байсныг санаж байна. Тэр сайхан баярт өдрүүдээ эргээд дурсвал ямар вэ?

-2008 он бол монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлт он жил байлаа. Их Монгол Улсын нийслэл байсан өмнөд хөршийн Бээжин хотод зуны ХХХ олимпийн наадам, дараа нь залгуулаад паралимпийн наадам болж Бээжингээс олимпийн гурван аварга, хос мөнгөн медальтан төрж Монгол Улсын баг тамирчид олимпийн таван цагирагийг дүүргэсэн алт, мөнгөн медалийг эх орондоо авчирсан билээ.

Миний хувьд бол Монголынхоо спортын түүхэнд алтан үсгээр бичигдсэн, ард олондоо, аав, ээж, ах дүү, хань ижил, үр хүүхэддээ бахархал, омогшил авчирсан баяр хөөр, гэгээн дурсамж дүүрэн өдрүүд он, жил байсан. Монгол хүн болж төрсөн, бас сайхан аавын хүү болж төрснийхөө ач гавьяаг хариулсан сайн  үйлс бүтээж олимпийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэндээ туйлын баяртай, аз жаргалтай хүн гэж эх орноороо төдийгүй өөрөөрөө бахархаж явдаг.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга хэмээх энэ их алдар хүндийг хүртэхэд аав минь сэрүүн тунгалаг байж монгол зон олон, ах дүүс, анд нөхөддөө хүүгээ бахархан ярьж телевиз, радио, сонин хэвлэлээр байнга л гарч байлаа. Миний хамгийн сайхан хэзээ ч мартагдашгүй гэгээн дурсамж, бахархал минь 2008 оны энэ өдрүүд болж үлдсэн гэж болно. Энэ бүхэн төрүүлж өсгөсөн аав, ээж, Монгол эх орны минь буян хишиг, заяа юм даа.

-Бөх, тамирчин, анчин хүний хүүхдүүдэд удамшсан их авьяас, бяр чадал, авхаалж самбаа байсан учраас спортын талбарт та нарын амжилт  залгамжлан гарсан байх шүү?

-Монголчууд эрт дээр үеэсээ харвах, намнахдаа чадварлаг, хүч бяр ихтэй, авхаалж самбаатай гэдгээрээ дэлхий дахинд гайхагдаж ирсэн ард   түмэн. Миний аав барилддаг Монгол Улсын начин, бас анчин хүн. Энэ авьяас, чадвар, биеийн тамирч ген нь бидний цусанд дамжиж ирсэн юм болов уу даа. Тэгээд ч эцэг эхээс тавуулаа бидний гурав нь тамирчин болж төрийнхөө далбааг гадаад, дотоодод мандуулж явсан. Ер нь тамирчин хүний чин зорилго нь ялалт байгуулах, амжилтын оргил өөд тэмүүлэх байдаг.

Миний ах, дүү хоёр хилийн чанадад төрийнхөө далбааг мандуулж явсан тамирчид. Миний дүү Д.Ганбаатар 1980-аад оны эхээр Герман, Польш, Чехословак, БНАСАУ зэрэг олон орны боксчидтой хүч үзэж алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. 1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медальт, монголын шилдэг боксчин, гавьяат тамирчин Н.Энхбат, миний дүүтэй нэг жинд тоглож байлаа. “Намайг хурцалж явсан нэг жингийн тамирчдаас ОУХМ Д.Ганбаатар яах аргагүй миний хамгийн сайн өрсөлдөгч байсан” гэж одоо ч Н.Энхбат дурсдаг юм. Би ч бас спорт руу орохдоо боксын спортоор эхэлж байлаа.

Харин осолд орж хөгжлийн бэрхшээлтэй болсон хэдий ч спортоо орхилгүй, сэтгэлээр унаж гутралгүй байт сурын спортоор олон жил уйгагүй хичээллэж ирсний үр дүнд олимпийн аварга цол хүртсэн гэж боддог. Бидний энэ бүх амжилтын цаана аавын минь ажилч хичээнгүй, гярхай, хөдөлмөрч зан чанар, үр хүүхдүүддээ өвлүүлсэн нийгэм, хамт олны дунд бие хүн болж төлөвшихөд болон байгаль дэлхий, ан амьтантай хэрхэн харилцаж, хайрлахыг зааж сургаж хүмүүжүүлсэн их ухаан хүч, увидас байсан нь ойлгомжтой. Энэ бүхнийг өвлүүлсэн аавдаа үр хүүхдүүд бид хэмжээлшгүй ихээр баярлан талархаж, омогшиж байдаг.

-”Олимпийн аварга” гэдэг эрхэм хүндтэй хэргэм цолыг хүртсэн тэр цаг үед олон мартагдашгүй дурсамжтай үйл явдал тохиосон гэдгийг монголчууд тодхон санаж байгаа. Одоо эргээд дурсахад олон л дурсамжтай, бас хөгтэй, мартагдах аргагүй тохиолдлууд сэтгэлд хоногшин үлдсэн байх. Энэ сайхан дурсамжуудаас ганц нэгийг нь дурсвал ямар вэ?

-”Хө баа” гэдэг нэрийг өнөөдөр ч миний дотны найз нар , зарим сэтгүүлчид дурсан ярьдаг. Тэд одоо ч “Хө баа” хэмээн намайг дууддаг. Тэд энэ үгийг чи яаж онож, бодож хэлэв? гэдэг. Бээжингийн паралимпийн наадмыг зорихдоо олимпийн аварга заавал болно гэж амлаад явсныг минь намайг дэмждэг бүх хүн их л эмзэг хүлээж авсан. Үүнийг би ч бас мэдэрч байв. Гэхдээ би заавал хэлсэндээ, амласандаа хүрнэ гэдэг ганцхан чин хүслийг өвөрлөж Бээжинг зорьсон. Хэрвээ би хэлсэндээ хүрээгүй, бүр медаль ч хүртээгүй бол “Хө баа” гэж авгайлсан хоч маань “Хөлгүй Баатаржав” болж үлдэх байв.

Мөн би олимпийн аварга хэмээх хүндтэй цол, алтан медалийн эзэн болж чадаагүй бол хэлсэн үгэндээ хүрээгүй  “Хөгийн баагий” /Хөгийн Баатаржав/, нөгөө “Хө баа” болж үлдэнэ. Олимпийн аварга цол хүртсэн болохоор “Хө баа” хэмээн товчилсон нэр алдрын цаана “Хөдөлмөрийн баатар”-аа гэж дуудуулах эрхийг монголын ард түмнээсээ олж авсан даа. Энэ нэр хоч нь 2008 оны олимпийн “Монголын” хэмээн онцлох гэгээн түүхийг өгүүлсэн, мартагдах аргагүй үйл явдал нь байж  өнөөдөр ч найз нөхөд, ойр дотны хүмүүсийн хүрээнд “Хөө баа” гэдэг тодоос тод тамга болж мөнхөрсөн дөө.

“Хө баа” гэдэг түүх гэгээн сайхан онигоо болоод үлдчихжээ гэж би боддог юм. Өдгөө найз нар минь, бас зарим сэтгүүлчид хүртэл “Хө баа” ахаар сонин юу байна? гээд уулзахад нь сэтгэлд нэг л дотно санагддаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа нарын амжилтыг бататган Хөдөлмөрийн баатар болно гэж л “Хө баа” болно гэсэн чин хүслээр Бээжинг зорьж байсан. Тэр үед олимпийн бэлтгэлд “Нүхт”-ийн амралтад гарчихсан байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, доктор С.Нарангэрэл гуай миний олимпийн аварга болно гэж амалж байсныг мэдэх юм. Тэгээд олимпийн аварга болоод ирэхэд, чамайг чин зориг гаргаж “Ам” гарч хэлсэн үгэндээ хүрч олимпийн аварга болсонд баяр хүргэе гэж хэлэхэд нь маш их баярласан.

-МХБИНХ-ны /ерөнхийлөгч/ тэргүүнээр ажиллаж байгаа. Энэ ажлынхаа талаар уншигч олон түмэндээ сонирхуулна уу?

-МХБИНХ-ны үйл ажиллагааны үндсэн бодлого, зорилт, үйл ажиллагааны чиглэл нь энэ хүмүүсийн эрх ашиг, нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжийн болон ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэхийн төлөө байдаг. Монгол Улс НҮБ-ын ХБИ-ийн хүний эрхийг хамгаалах Олон улсын конвенцид нэгдэн орсоны хувьд энэхүү конвенцийг улс орондоо мөрдлөг болгож хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг.

ХБИ-ийн ажиллах, амьдрах бүх нөхцөл бололцоог дэмжиж НХХЯ-ны дэргэд Үндэсний хороог байгуулсан. Тус хороог НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү ажилладаг. Энэ хүн ХБИ-ийн хамгийн тулгамдсан олон асуудлыг төрийн бодлогын түвшинд ил тод гаргаж шийдвэрлэх талаар олон шинэ зүйлийг хэрэгжүүлсэн нь энэ хүмүүсийн талархалыг ихэд хүлээсэн гэж болно. Д.Нямхүү сайд ХБИ-дийн оролцоотой хууль эрх зүйн орчны асуудлыг зохицуулах үндэс суурийг нь тавьж өгсөн.

Мөн энэ хүн Монголын паралимпийн хорооны даргаар ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын талаар ихээхэн дэмжлэг үзүүлж, амжилт үзүүлэхэд бүх талаар туслаж ирсэнд нь манай олон тамирчид талархаж байдаг. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудалд онцгой анхаарал хандуулж ирсэн бид их талархдаг. Тиймээс ч бид ХБИ-ийн олон нийтийн  болон ТББ-уудын ажлын уялдааг холбоог нэгтгэж, нэг зорилго, үүрэгтэй нэгдсэн цул агентлаг байгуулж ажиллахын төлөө санал нэгдээд байгаа. Төр засгийн эрх мэдэл бүхий байгууллагын зүгээс биднийг дэмжиж байдаг энэ хүмүүстээ ХБИ-д ямагт талархаж явдаг гэдгийг онцолж хэлэх ёстой болов уу.

-Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар албан ёсоор Лондонгийн зуны ХХХ олимпийн наадмын есөн эрх, паралимпийн есөн эрх аваад байгаа. Лондонгийн олимп эхлэхэд, үлдээд байгаа 200 шахам хоногт 30-аас доошгүй эрх авах зорилтыг манай тамирчид дэвшүүлээд байгаа. Өмнөх 2008 оны Бээжингийн олимпийн аварга тамирчны хувьд Лондонд хурд, хүч, авхаалж самбаагаа сорих тамирчиддаа хандаж чин сэтгэлийн үгээ хэлнэ үү?

-”Лондон 2012” оны олимпийн наадмын хувьд манай тамирчдаас цагийн  зөрүү, уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд Бээжингийн олимпоос огт өөр онцлогтой талууд, нөхцөл байдал байгаа. Гэхдээ 41 жилийн өмнө буюу 1971 онд Английн Манчестер хотноо болсон байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын эмэгтэй тамирчин Должингийн Дэмбэрэл Монгол Улсын анхны дэлхийн аварга тамирчнаар тодорч байлаа. Энэ бол бас Лондон хот монголчуудад ээлтэй гэдгийг нотлон харуулж байгаа юм.Юмыг яаж мэдэхэв, Монголын анхны эмэгтэй аварга ч Лондонгоос төрөх ч юм бил үү?

Монголын тамирчдад нэг л ээлтэй байж мэдэх юм шүү! Шинэ оны босгон дээр мэндэлсэн шинэхэн гавьяат тамирчин, холын зайн гүйлт /марафон/-ийн шилдэг тамирчин Б.Сэр-Од Лондон хотноо болсон марафон гүйлтийн тэмцээнээс “Лондон 2012” олимпийн наадамд хурд, хүч, тэсвэр тэвчээрээ сорих эрхийг Монголынхоо тамирчдаас хамгийн түрүүнд авч олимпийн эрхийн салхийг хагалсан нь бас л нэгийг бэлгэдээд байна уу гэлтэй.  Лондонд хүчээ сорих тамирчиддаа амжилтын дээдийг хүсч, Лондонгийн олимпийн наадмаас алт, мөнгө, хүрэл медалийн хур буулгаж монголчуудаа баярлуулахыг хүсэн ерөөж байна.

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих