Улаан-Үдийн сонгууль

-ОХУ-ын Сонгуулийн төв хорооны дарга “Орон нутгийн сонгуулийн хороодод тулгамдсан олон асуудал хуримтлагджээ” гэж хэлсэн байна-

Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

Тааламжтай гэнэтийн сонин содон гэхээр юм болоогүй хэдий ч бусад элдэв төрлийн зүйл харин хангалттай байлаа. Алексей Цыденов 2019 оны хоёрдугаар сард Игорь Шутенковыг Улаан -Үдэд ажиллахыг зөвшөөрч нийтэд сонордуулснаар есдүгээр сарын сонгуулийн үр дүн урдаас тодорхой болсон талаар mk.ru-гийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Гэрэл зураг: МК-ын Буриад дахь салбар
“Юбилейный” цэцэрлэгт хүрээлэнд зөвшөөрөлтэй болсон цуглаан.

Хэрвээ техникийн үйл явцад сенатын гишүүн Вячеслав Мархаев маргаан үүсгээгүй бол бүх зүйл жам ёсоороо элдэв эмх журамгүй явдал гарахааргүй байв. Түүний үүсгэсэн энэхүү маргаан нь ивээн тэтгэгчдийнхээ хийгээд өөрсдийнхөө ажил хэргийн нэр хүндийг газар унагахгүйн тулд эрх баригчдыг төлөөлсөн улс төрийн төхнологичдыг яггүй барьц алдуулж, хөлс хүчээ шавхан зэгсэн хөдөлмөрлөхөд хүргэв. Үүнээс гадна Буриадын сонгууль тэдний мэргэжлийн богцонд (кейс) хүнд дарамт болж үлдэв. Эрх баригчдыг төлөөлсөн улс төрийн технологичид энэ удаа шившгээ дэлгэсэн. Яг л РЕН-ТВ сувгаар шударга ёсны төлөө тэмцэгчийн дүр эсгэдэг хөхөвчтэй хар тамхичид лугаа адил. Тэднээс гурав нь сонгууль дуусахын өмнөхөн Зөвлөлүүдийн талбайд гэгээн цагаан өдрөөр хөлчүүрхэцгээв. Тасартлаа согтсон тэд олон нийтийн газарт хүмүүс рүү дайрч давшлан гудамжны хараалын үг урсгаж, зэм шийтгэл хүртэхгүй гэдэгтээ бүрэн дүүрэн итгэл үнэмшилтэйгээр ихэмсэг дээрэлхүү авирлан нийгмийг үл тоож байгаа харуулав. Тэдний энэхүү авир араншин нам жим байсан бүгд найрамдах улсыг сөргөлдөөний талбар болгон хувиргаж, олонх, цөөнхгүй тайван бус байдалд оруулжээ. Ёс журамтай орд харшид уг нь ийм авир үйлдэл хийсэн хүмүүсийг огт хүлээж авдаггүй билээ. Харин тэд бүгд найрамдах улсын удирдлагад тэд урдын адил хэрэгтэй, зарим нь бүр чухал албан тушаал хашиж, цаашдаа ч дэвшиж дээшлэхдээ итгэл дүүрэн байх ажээ.

“Шутенков Улаан-Үдийн захирагч” хэмээх обьектыг тэд харин түлхүүртэй нь гардуулж өгч чадсангүй. Тэдний хүчин чармайлтын үрээр өмнөх дарга Александр Голковтой харьцуулахад Игорь Юрьевич ажлаа сөрөг тааруухан зүйл ихтэйгээр эхлүүлж байна. Александр Голковт хотын даргын албан тушаалд ажиллах болсонд нь захиас болгож өмнөх дарга Геннадий Айдаев нь түүнийг “Энгэртээ бүлээцүүлсэн хорт могой” хэмээн нэрлэсэн байдаг. Игорь Шутенковын хувьд харин түүнд хаягласан сэтгэл гонсойлгомоор иймэрхүү хорон үг аль хэдийн хавьгүй олон болсон бөгөөд эдгээр үгийг тэгэхдээ бүр тэднийг дэмжихээр Зөвлөлүүдийн талбайд халуун цайгаа бариад ирж байсан Вячеслав Мархаев, бөө Александр Габышев нарын зэрэг өөрийн талын маш олон хүн хэлсэн ажээ.

Технократ хийгээд аж ахуй эрхлэгч

Улстөрчийн бус харин аж ахуй эрхлэгчийн яаруу сандруу оёсон богино өмдтэйгээр бүгд найрамдах улсын нийслэлийг удирдан жолоодохын тулд Игорь Шутенковт багагүй чармайж зүтгэх хэрэг гарна. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг үг бий. Тэр тусмаа бүс нутгийн тэргүүн бол – технократ, ур чадварын энэхүү эрхэм нэр алдрыг улс төр мөн л тооцдоггүй.

Сонгуулийн дараахь улс төрийн хямрал тэдний хувьд ийнхүү тохиолдол биш байсан ажээ. Тэдний оролцоогүйгээр уг хямрал үүсч газар аваагүй, хожим нь ч мөн адил гэдэг нь эргэлзээгүй.

Улс төрийн хямралын үед ард түмэнтэйгээ уулзаж ярилцах сэтгэл зориг гаргасангүй хэмээн улс, хотын удирдагчдыг хамба лам Дамба Аюшеев хүртэл зэмлэн буруутгав. Тэдгээрийн оронд харин Якутын Айсен Николаев, Сардан Авксентьев нарыг харьцуулж зүйрлэх амархан. Нутгийн оршин суугч эмэгтэйг гаднаас ирсэн хүмүүс хүчирхийлснээс улбаатай угсаатан хоорондын мөргөлдөөнийг зогсоохын тулд тэд ард түмэнтэйгээ нүүр тулж уулзсан юм. Хэдхэн цагийн дотор улс орны өнцөг булан бүрээс хуран цугласан мянга мянган хүмүүс Якутскийн гудамжуудийг дүүргэсэн болохоор тэдэнд тун амаргүй хэцүү байсан.

Буриадын тэргүүний хувьд харин сурсан зангаараа Түнхэд болсон бөөгийн цугларалтын үйл явдлын үеийнх шиг эхний онгоцоор Москва (Первопрестольная) руу нисч одсон билээ. Хэл сураггүй хэсэг таг чиг байсны дараа алс холын Нева мөрний эргээс Интернетээр гарч ирэв. Тэрбээр ард олны хөдөлгөөн, Улаан-Үд дэх ажлын албан тасалгаанаас Питерт болох аялал жуулчлалын форумыг илүү чухалд үзсэн аж. Ер нь улс орноо виртуал аргаар удирдан жолоодож байгаа Цыденовын арга барилтай ард түмэн нэг л дасахгүй байгаа билээ. Түүнээс гадна Алексей Самбуевич нийгмийн сүлжээгээр дамжуулан хүмүүсийг ажил, уулзалтад урьж байгаа нь бас гайхаш төрүүлж байгаа. Гэхдээ Зөвлөлүүдийн талбайд болж байгаа хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, өөрийг нь эзгүйд нийтээрээ дургүйцэж байгааг мэдэж байгаа талаар Интернетээр дамжуулан илэрхийлсэн түүний үг олон нийтийг үнэхээр гайхашруулж шоконд оруулсан.

Буриадын эрх баригчдын бөөгийн рок

Буриадын болон якутын бөөнүүд Буриадыг захиран удирдахаар гаднаас ирэгсдэд рок болж байгаа бололтой. Улаан-Үдийн ойролцоо болсон бөөгийн цугларалтын дараахан Вячеслав Наговицын бүс нутгийн тэргүүний албан тушаалыг орхисон. Түүнийг залгамжилсан Алексей Цыденов харин сонор сэрэмжээ эртнээс өндөр байлгасан. Түнхэд болсон бөөгийн ёслол түүнийг ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцевоос дэмжлэг хайхад хүргэжээ. Тэр үед Москвад болсон тэдний уулзалтын талаар холбооны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан.

Алексей Цыденов энэ удаа харин хэнд хандсаныг хэн ч мэдэхгүй, чив чимээгүй. Бүгд найрамдах улсынхаа нийслэлийг эвтэйхэн тойрон алгасч алсын аянд гарсан бөөгийн дараа бачимдаж бахардсан бүс нутгийн удирдлага төвдөө таалагдах нь юу л бол. Читад хийсэнтэй адил цуглааныг Александр Габышев хэрвээ Улаан-Үдэд зохион байгуулсан бол чухам юу болох байсныг төсөөлөхөд айдас хүрмээр. Дашрамд өгүүлэхэд Байгалийн чанадын хязгаарын дахин сонгогдсон амбан захирагч Александр Осиповд харин энэ бүхэн ямар ч хор хохирол учруулаагүй.

Таг харанхуй Улаан-Үд

Нийслэлийн төв талбайд эмх журам тогтоох талаар шинээр тодорсон хотын дарга ямар нэг зүйл хийхийг олж харсангүй. Гэрэл цахилгаан таслах нь хор уршигтай биш гэж үү, буриадын нийслэлийн өнөөгийн захирагч ийм л юм хийхээр ирсэн гэж үү?

Тусгайлсан ийм нэмэлт арга хэмжээнийх нь төлөө түүнд талархалтай биш. Холливуд амарч байна. Таг харанхуй Зөвлөлүүдийн талбайд, Лениний асар том толгойн бүрхэг бараан нөмөр дор цугласан хотын хоёр зуугаад иргэн улс орныхоо хот, тосгодоор яралзтал алхахад бэлхэн догшин ширүүн сүр хүчийг ертөнцөд санагдуулав. Дэвшилт хүн төрөлхтөн Улаан-Үдийг дөнгөж төрж үүсч байгаа хувьсгалын өлгий адил ширтэх болов. Интернет дэх энэхүү “муу ёрын” үзмэрийг хүчний бүтцийн удирдлага ч мөн л тэгж харсан биз. Орос гвардийнхан, спортын хувцас өмсөж, гартаа сүх барьсан нүүрэндээ багтай хүмүүс дэлхийн хамгийн аюултай алан хядагчдыг олж барьж байгаа юм шигээр Ардын Хурлын депутат Баир Цыренов, блогчин-таксины жолооч Дмитрий Баиров нарыг баривчлав. Зөвлөлүүдийн талбайд автобусанд цайлж суусан хорь гаруй хүн нулимс асгаруулагч хийн амтыг мэдрэв.

Сенатч ялсангүй

Гэхдээ Алексей Цыденов болон түүний ивээлд багтсан Игорь Шутенков нар ч өөрсдийгөө ялагч болгох гэж нэг их яарахгүй байна. Нийгэм өөр болжээ гэдэг л маш тодорхой байна. 2019 оны есдүгээр сарын 9-ний өдрийн Буриад улс нэг хоногийн өмнөхтэйгөө зүйрлэхийн адилгүй огт өөр болжээ. Бүс нутгийн тэргүүн, түүний багийнхныг байгаа тохиолдолд өөрчлөлт зөв сайн тийш явахгүй болохыг тэдний сайрхал бардамнал яагаад ч нуун далдалж чадахгүй бололтой.

Өнөөг хүртэл хэний ч танихгүй явсан Дмитрий Баиров зөвхөн Буриадын оршин суугчдад төдийгүй агаар салхи оруулах юм нээсэн ажээ. Түүнийг буруутгаж байгаа олон хүн чухам түүний оролцоотойгоор хийсэн бичлэгүүдийг сая сая хүн үзэж харж байгааг ойлгохгүй байна. Тэднийхээр бол ярих ёсгүй зүйлийг, буруугаар ярьж байгаа хэрэг аж. Гэхдээ бусдыг өөртөө татах чин сэтгэлийн эрч хүчтэй түүний үг хотын зөвлөл, хотын захирагчийн сонгуульд хандах хүмүүсийн сонирхлын төвшинг давж гарахад хангалттай байлаа.

Энэ ч бас эсэргүүцэл мөн

2019 оны есдүгээр сарын 8-ны сонгуульд Улаан-Үдийн санал өгөх эрхтэй бүх хүний дөнгөж гуравны нэг нь л оролцож саналаа өгчээ. Саналаа өгөөгүй манай иргэдийн 65 хувь нь зөвхөн залхуурснаас болоогүй байх. Эдгээр хүмүүс магадгүй, сонгуулийн утга учрыг олох гэж цөхөрсөн байж ч болох юм. Хувиараа нэр дэвшсэн хэдэн арван хүнээс зөвхөн ганц нь дэмжигчдийн гарын үсэг цуглуулж чадсаныг хэрхэн тайлбарлах вэ? Бусдад нь оюун ухаан дутсан хэрэг үү? Тэгвэл бүх нэр дэвшигчдийнхийг бараг томруулдаг шилээр, Мункожап Бадмаевын цуглуулсан гарын үсгийг 100 хувь нягталж шалгасан мөртлөө, Игорь Шутенковын хувьд тэгс ингэсгээд өнгөрүүлэв?

Зуун мянга хүрэхгүй оршин суугчтай Төмөр замын дүүргээс 2000 хүн саналаа урьдчилж өгсөн бол 125 мянга шахам хүн амтай хамгийн том Октябрийн дүүргээс мянга таван зуу хүрэхгүй хүн урьдчилж саналаа өгөх болсон нь ямар учиртай юм бол?

Улаан-Үдийн сонгуулийн хэсгийн 10 орчим комисс протоколоо бараг өглөөгүүр авчирч өгсөн нь нууц биш. Гуравхан нарсанд төөрлөө гэж үү?

Саналын хуудас тоолох цогцолборын (машины) дүнг санамсаргүй түүвэрлэн гараар дахин тоолбол сонирхолтой байх байсан биз. Саналын хуудас тоолох цогцолборыг, тэр тусмаа алсын зайнаас ч хялбархан программчилж болдог тухай хотын иргэдийн дунд тарсан үнэн худал нь үл мэдэгдэх яриаг нэг мөр болгох хэрэгтэй байна. Магадгүй, оргүй ч биш байж болох юм.

Октябрийн дүүрэг дэх уран бүтээлийн ордонд саналын хуудас тоолох цогцолборын тоолсон дүн Мархаев болон Шутенков нарын хооронд ганцхан саналын зөрүүтэй гарахад ажиглагчид энэ талаар огт анхаарал хандуулаагүй тухай мэдээллийг юу гэж үзэх вэ? Сонгуулийн хэсгийн нэгэн комисст гадуур санал өгөх 12 хүний захиалгын бүртгэлд 33 саналын хуудас олгосныг мөн юу гэж ойлгох вэ?

Сонгуулийн мужийн болон орон нутгийн комиссыг хот, дүүргийн болон Улаан-Үдийн захирагчийн харьяа бүтцийн салбаруудын ажилтнуудаар яагаад дагнан бүрдүүлсэн юм бол? Орон нутгийн албан хаагчид ээлжийн амралтын өргөдлөө үндсэн байгууллагадаа гаргасан уу, эсвэл хоёр газраас цалин авч байсан уу?

Асуулт олон, харин хариулт нь ганц. Сонгуулийн үйл явц туйлын ил тод, ойлгомжтой байх ёстой. Орон нутгийн сонгуулийн комисст олон асуудал хуримтлагдсаныг ОХУ-ын Сонгуулийн төв комиссын тэргүүн Элла Панфилова ч мөн нотолж байгаа билээ.

Түшмэдийн мөрөөдлөөс айх хэрэгтэй

Үүний сацуу бүгд найрамдах улсын тэргүүний эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх Алдар Бадмаев өөрийнх нь хэлснээр, эсэргүү гэж болохоор санаа бодлоо: – “тус улсад явуулдаг улс төрийн бүх сонгуулийг гурав, дөрвөн жилийн хугацаанд байхгүй болговол… тус улсын иргэд хоорондын харилцаа сайжирч, эдгээр бүх янз бүрийн үймээн самуун, элдэв төрлийн  шоу, өдөөн хатгалга үгүй болж, тэр бүхэнд зарцуулдаг асар их хөрөнгө мөнгийг сайн сайхны төлөө ажил үйлсэд зориулж болмоор. Харамсалтай нь, энэ бол хэзээ ч үл гүйцэлдэх санаа бодол юм даа” хэмээн нийгмийн сүлжээгээр хуваалцжээ.

Яагаад үл гүйцэлдэх гэж? Бүгд найрамдах улсын эдийн засгийг бараг хоосруулжээ. Хүн амын эдийн засгийн идэвхжил бүхий зонхилох хэсэг нь ажил алба хайж бусад бүс нутаг, улс орон руу оджээ. Истокт бүртгэлтэй таньдаг айлын 8 хүнээс сонгуульд санал өгөх өдөр долоо нь улс орноосоо гадна байсан. Ээж нь Камчаткад загас боловсруулах хөдөлмөр эрхэлж, хоёр том хүү нь эхнэрүүдийн хамт Москва болон Москва мужид ажиллаж байгаа бол бага хүү нь гэргийн хамт Солонгос улсад хөдөлмөрлөж байна.

Сургууль дүүргэсний дараа боломж бололцоотой манай бараг бүх хүүхэд улсынхаа гадна боловсрол олж авч байна. Манай их, дээд сургуулийн нэр хүндийг өөд нь татах хэрэгтэй байна. Одоо тэдгээрт элсэн суралцах оюутан цөөрч, ажиллах багш нар ховордож байна. Оюутан насны олон улаан -үдчүүд, ажилгүй болсон багш нар сонгуулийн санал өгөх өдөр Буриадад мөн л байгаагүй.

Эдгээр бүх хүн бүгд Улаан-Үдэд бүртгэлтэй, тэгэхээр санал өгөөгүй 65 хувьд хамаарна гэсэн үг. Хотод үлдсэн хүмүүс харин нийгмийн сүлжээнд бичиж байгаагаар болж байгаа үйл явдлаас аргаа барсандаа хэзээ мөдгүй дайжихад бэлэн чемоданаа бэлтгээд байж байгаа аж. Ийм маягаар удахгүй манай хотод сонгуульд санал өгөх хүнгүй болж мэдэх нь.

Мэдээж, сонгууль болдгоороо болж, төсвийнхөн, нийгмийн хариуцлагаар тааруухан хүмүүс инээд хүрэм хэдхэн мөнгөнөөс шаардлагатай нэр дэвшигчийг дэмжиж техникийн үйлдэл хийх л байх. Ийнхүү буриадын түшмэдийн эсэргүү санаа бодол биелэх магадлал тун ойрхон, аль эсвэл, магадгүй, биелчихсэн ч байж болох юм. Улаан-Үдэд болсон сүүлийн сонгууль үүнийг харуулж байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих