Олимпийн аварга уу, улстөрчийн хүү юу

olimpИрэх сарын 18-ны өдөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд ээлжит бус хурлаа зарлаж Д.Загдсүрэнгийн дараагийн залгамж халааг гаргаж ирэхээр зэхэж байна. Уг өдөр болох энэхүү хуралдаан спорт сонирхогчдын анхаарлыг татаж 63 жилийн түүхтэй МҮОХ-г хэн гэгч эрхэм удирдах бол гэсэн битүүхэн хүлээлт бий боллоо.

Тэртээ 1956 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус холбооны  Ерөнхийлөгч гэх  хүндтэй албыг өнгөрсөн хугацаанд 12 хүн удирдсан байдаг. Харин 2001 оноос эхлэн Д.Загдсүрэн гэх нөхөр халаа сэлгээгүй 18 жил удирдахдаа маш олон хууль бус үйлдэл хийсэн тухайг олимпийн хүрэл медальт МУГТ Н.Баярсайхан, МБХ-ны дэд Ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, Спортын сэтгүүлч Н.Тамир нар мэдэгдэж түүнийг албан тушаалаас нь огцруулах гэж есөн жил тэмцээд тусыг эс олж байсан. Мэдээж олон улсын зардлаар гадаадаар аялж, олимп болоод тив дэлхийн наадам үзэж, бас дээр нь баячуудын нэг болгодог “Шидэт сэнтий”-гээсээ амархан салахыг хэн хүсэх билээ.

Энэ бүхэн 20 шахам жил үргэлжилсэний эцэст хааны алба халаатай, эзний алба ээлжтэй хойно эмч мэргэжилтэй Загаа дарга зөөлөн суудлаасаа ховхрохоор болсон нь сайшаалтай ч дараагийн Ерөнхийлөгч хэн болох бол, тус холбоог өөд нь татах болов уу гэсэн битүүхэн айдсыг спортынхонд тээлгэж явна. Бидний олж мэдсэнээр МҮОХ-г толгойлох эрхэм аль хэдийнээ тодорч яриа хэлэлцлээ ч хэдийнэ хийгээд амжжээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудалд анхаарлаа хандуулж өөрийн гарын хүн болох Олимпийн аварга Н.Түвшинбаярыг зүтгүүлэхээр болжээ. Аваргад ч тус холбооны Ерөнхийлөгч болохын тулд дотроос нь маш их дэмжлэг, лоббий хэрэгтэй гэдгийг тэрбээр тооцоолсон учраас дараах нэр бүхий хүмүүст  чиглэл өгсөн тухайг эх сурвалж мэдээлж байсан юм.

Тодруулбал, Ерөнхийлөгчид гардан туслах хүмүүс нь УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нар гэнэ.

Олон нийт Э.Мөнх-Очирыг аваргатай нэг нутаг усных цаашлаад сайн ах дүүсийн харилцаатай хэмээдэг. Энэ утгаараа түүнийг өөрт байгаа бүхнээ дайчлаад Ерөнхийлөгчид хүссэн хүсээгүй туслана гэж ойрын хүрээнийхэн үзэж буй юм.

Харин Ц.Сандуйг улстөрийн хүрээнийхэн Ерөнхийлөгчтэй сүүлийн үед ойртож, дотносох болсон хэмээн хардах болжээ.

Учир нь, тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгчийн эзэмшлийн “С1” телевилзийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт  оролцож МАН-ын удирдлагуудын булхайг цензургүйгээр уудалснаас үүдэж түүнийг Ерөнхийлөгчтэй ойртсон гэж олон нийт хардах болсон билээ.

Мэдээж энэ хоёр эрхмээс гадна УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар ч тэдэнтэй нэгдэж аваргыг хамтдаа балиашиглахаар болжээ.

Хамгийн гол нь тэд бүгдээрээ МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд учраас тэдэнд Ерөнхийлөгчийн захиасыг биелүүлэхэд төвөггүй байх нь дамжиггүй. Мэдээж тус холбооны суудалд Н.Түвшинбаяраас гадна хэд хэдэн горилогч байгаа гэдгийг мартаж болохгүй. Тухайлбал, тус холбооны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг ч энэ суудалд тухлахын тулд өөрийн хүрээллийн хүмүүстэйгээ уулзаж асуудлаа ярьж яваа хэдий ч түүний талд орох хүмүүс тун цөөхөн гэдгийг эх сурвалж мэдээлж байсан. Мөн хэзээнээсээ л спортын холбоод болгоныг өөрийн болгохоор зүтгэдэг Сүмогийн Их аварга Д.Дагвадорж ч нууцхан сонирхолтой байгаа ч Ерөнхийлөгч Х.Баттулга ганцхан хүн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн тухай яриа ч гараад амжсан. Хэрвээ энэ яриа үнэн бол улстөрөөр олон жил занималдсан Б.Батболдын хүү Б.Баттүшиг үү, аль эсвэл энэ цаг үед хүчийг үзүүлсэн Ерөнхийлөгчийн хүн болох Олимпийн аварга Н. Түвшинбаяр уу гэх хоёр хүний хэн нь МҮОХ-нд эзэн суух вэ гэсэн ширүүхэн тулаан нууцхан өрнөөд эхэлчихлээ.

Сү.Батболдын хүүгийн хувьд хөрөнгө мөнгө, ирээдүйн улстөрийн замналаа одоо байгаагаасаа илүү том болгохоор зүтгэж буй нь ойлгомжтой.

Харин Н.Түвшинбаярын хувьд Ерөнхийлөгчийн гэх тодотголоос өөр эд хөрөнгөгүй түүнд спорт сонирхогчид болон олон нийт түүнийг энэхүү суудалд тухлах  хамгийн тохиромжтой хувилбар хэмээн харж байгаа аж.

Б.Эрдэнэ

Эх сурвалж: erennews.mn

 

 


URL:

Сэтгэгдэл бичих