Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар “Чөтгөрийн тойрог”-оос гарлаа

6a8a6a6edc22a900greatПарламентын засаглалтай орон гэж засгийн газрын тэргүүнийгээ парламент нь өөрөө томидог орныг л хэлдэг 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж батлахдаа сүүлийн 20 гаруй жилийн Монголын улс төрийн амьдралаар туулсан алдаагаа зассан гэж олон хүн найдаж байна. Үндсэн хуулийн 28 хувьд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс энэ удаа гүйцэтгэх засаглалын эрх мэдэлтэй холбоотой орсон өөрчлөлтийн ач холбогдыг эхлээд дурдъя.

39.1-д Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

39.4 Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд чөлөөлж, томилж, огцруулна. Засгийн газрын гишүүн нь УИХ-д тангараг өргөнө.

43.2 Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Эцсийн мөчид шахуу оруулж, баталсан эдгээр заалт Ерөнхий сайдад эрх мэдлийг төвлөрүүлж байна гэхээс илүү улам хариуцлагажуулсан хэлбэр гэж ойлгож болно. Учир нь 1992 оноос хойш Монголд байгуулагдсан 14 Засгийн газрын тэргүүнүүд хүний өөрийн нам, фракцаас санал болгосон “үхрийн бөөр” шиг нэгдлийг нэг танхимд зангидаж, ажиллах амаргүй давааны өмнө үгээ бардаг байв. Аль нэг салбарт доголдол үүсч, хариуцлагын асуудлыг ярихаар харьяалах фракц нь кабинетийг тэр чигээр нь хөмрүүлчих гээд түвэгтэй. “Манай хүнийг огцруулбал бүгд унана шүү” гэсэн байнгын барьцаанд ажиллах Ерөнхий сайдууд болсон болоогүй хүмүүстэй хамтарч ажиллахаас өөр аргагүй байдалд зохицуулалт хийх болдог байв. Түүнээс гадна хугацаанаасаа өмнө огцорсон Засгийн газруудыг харахад санаачилга хийгээд шийдвэр нь дандаа УИХ дахь олонхоос буюу эрх баригч намаас өөрөөс нь гарч, хэрэгжсэн байдаг. УИХ-ын сонгуулийн дүнгээр олонх болсон нам өөрийнхөө болон хамтарч байгуулсан Засгийн газраа дуртай үедээ огцруулж буй нь гүйцэтгэх засаглал хэт сул, УИХ-аас хараат байгаагийн нотолгоо. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн гэж хэлж болохуйц энэ хямралыг засаж, Ерөнхий сайдад Засгийн газраа бүрдүүлж, чөлөөлж, томилох эрх мэдлийг олгосон нь энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөс онцлох шийдвэр. Парламентын засаглалтай орон гэж Засгийн газрын тэргүүнээ парламент нь томилдог орныг л хэлдэг. Түүнээс бус парламент нь Засгийн газрынхаа өмнөөс засаглахыг хэлэхгүй. Монгол Улс шиг Засгийн газрынхаа эрх, үүрэг рүү хэт ордог байдал төлөвшсөн парламенттай орнуудад байдаггүй. Англи, Герман, Финланд, Япон, Чех, Польш, Эстони, Литва тэргүүтэй улс орнуудад сайдыг томилж чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд өөрөө бие даан шийдэж, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг. Засгийн газар тогтвортой, бодлогын залгамж чанар хадгалаатай улс орон хэрхэн хөгждөгийг Монголтой яг адилхан парламентын тогтолцоотой Англиас харж болно. 1992 оноос хойш Монголд 14 Засгийн газар ажиллаж, нэг кабинет дунджаар 1.8 жил л оршин тогтнож байхад энэ хугацаанд Англид ердөө таван Ерөнхий сайд ажиллаж, Засгийн газрууд нь тогтвортой байжээ.

Харин манай УИХ-ын гишүүд Үндсэн хууль дахь “Төрийн эрх барих дээд байгууллага нь парламент байна” гэсэн заалтыг ашиглан хэт эрх мэдлийг өөрсдөдөө олгосоор ирсэн юм. Ерөнхий сайд болон кабинетынх нь гишүүдийг нэг бүрчлэн томилж, чөлөөлөх эрх УИХ-д бий тул гүйцэтгэх засаглалын эрх мэдэлрүү халдаж, улсын төсвийг дураараа захиран зарцуулдаг байдал энэ удаагийн төсвийн хууль дээр ч харагдлаа. Зөвхөн өөрт ирэх унацаар улсын ажлыг харж, том төслүүдийг тушдаг популист гишүүд, тэрчлэн Ерөнхийлөгчийн институц Засгийн газрын хөлийг нь тушиж, гарыг нь хүлсээр ирснийг тодотгох хэрэгтэй. Энэ бол зөвхөн өнөөгийн УИХ, Ерөнхийлөгчийн институцад хамаатай үг биш. Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш Монголын төрийн бодлого энэ “чөтгөрийн тойрог” дунд хий эргэсэн гэдгийг сануулъя. Монголын улс төрийн намууд дотроо фракцад задардаг өнөөгийн нөхцөлд Засгийн газар УИХ-аас хараат байна гэдэг тэр олон фракцын хүсэл, үзэмж дор л ажиллана гэсэн үг. Үүнийг өнгөрсөн 20 жилийн гүйцэтгэх засаглалын түүх бидэнд харуулж байна. Ажиллах гэхээсээ илүү амьд үлдэхээр тэмцсэн Засгийн газрын эцсийн гарц нь фракцуудын эрх ашгийг хангах, тэдгээрийн төлөөллийг албан тушаалд томилох, төсөв мөнгийг тэдний хяналт дор хуваарилах байдлаар ажиллахаас аргагүй байдалд оруулдаг. Ингэснээр Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллах боломжгүй болж, УИХ-ын тоглоомын байгууллага болсоор байгаа юм.

Харин өнөөдөр парламентын засаглалыг илүү бэхжүүлж, гүйцэтгэх засаглалаа бие даалгах боломжийг олгох байдлаар Үндсэн хуулийг өөрчилсөн нь сайн хэрэг. Юуны түрүүнд төсөлд тусгасан Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн давхар дээлтэй байж болох заалтыг онцолъё. Ингэснээр Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн яамдын сайд нар УИХ-аас томилогдоно гэсэн үг. Гэхдээ зөвхөн үндсэн чиг үүргийн гэдэг үгээр Үндсэн хуульд суулгачихвал Засгийн газрын бүтцээ батлуулахдаа ийм яамаа нэмчихдэг практик манайд бий. Тиймээс Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд хэмээн тооны хязгаар тавьжээ. Хэрэв гүйцэтгэх засаглалын танхимд Ерөнхий сайдаас бусад гишүүнийг гаднаас 100 хувь гаднаас бүрдүүлсэн бол бүр мэргэжлийн Засгийн газар байгуулах боломж байлаа. Гэхдээ чамлахаар чанга атга, УИХ-ын гишүүд тэр чигээрээ Засгийн газрын кабинетад ороод суучихдаг байдал ирэх намраас засарна. Нөгөөтэйгүүр УИХ-ын 76 гишүүний 25 хувь нь (өнөөдрөөр жишээлэхэд) Засгийн газарт ороод суучихаар парламентын үндсэн үүрэг болох хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд хяналт тавих ажлаа хийдэггүй. Өөрөөр хэлбэл, засаглалын тэнцвэртэй байдал алдагддаг өнөөгийн гажуудлыг засах боломж нь давхар дээлийг тайлах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа юм. Мөн сайд нарыг томилж чөлөөлдөг эрхийг УИХ-аас “хурааж”, Ерөнхий сайдад олгосноор Засгийн газрын тэргүүн биечлэн хариуцлага хүлээдэг болно. Өөрөөр хэлбэл, нэг сайдын алдаа бүхэл бүтэн Засгийн газрын хувь заяаг шийдэх учраас хариуцлага нь асар үнэтэй гэсэн үг. Энэ бол хариуцлагатай байх хамгийн том хөшүүрэг. Ерөнхий сайд хариуцлагагүй нэгнээр танхимынхаа хувь заяагаа тоглуулахгүйн тулд томилгоогоо ч зөв хийнэ. Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж харин томилж, чөлөөлөх, огцруулах эрхийг өөрөө эдэлснээр гүйцэтгэх засаглалын бодлого, хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэх, эрх мэдлийн хяналт тэнцлийг сайжруулж, гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаа нэгдсэн удирдлагад шилжих нөхцөл ийн бүрдлээ.

Б.Энхжаргал

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих