Нэг сумаар нэлээд хэдэн туулай буудах боломж

Уриа лоозон дэвшүүлдгээрээ урдаа хэнийг ч гишгүүлэхгүй хумүүс бол монголчууд. Уг нь амны билгээс ашдын билэг гэдэг утгаараа бодвол сайн хэрэг л дээ. Гэхдээ одоо сайн үг, сайхан урианд итгэх эсвэл найдах тэнхэл ард түмэнд алга. Өнгөрсөн жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил хэмээн онцгойлж олон хүнийг ажилтай болгосон гэж яриад байгаа. Ерөнхий сайдын хэлснээс үзвэл өнгөрсөн жил онд буюу зорилтот жилийн ажлын дүнд 72 мянган иргэн байнгын ажлын байртай болсон гэсэн. Харин Монголын үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2011 оны жилийн эцэст 57.2 мянга болж, өмнөх оныхоос 18.9 мянган хүнээр буюу 49.5 хувиар өссөн гэх. Тэгэхээр Ерөнхий сайдаас яг ямар мэдээлэл судалгааны үр дүнд ажлын байрны тоо өссөн гэх дүгнэлтэнд хүрсэн бэ гэж асуух нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл ажилгүйдэл буурсан бол ард түмний амьжиргаа дээшлэх учиртай гэх гээд байна л даа. Үнэхээр ажилгүйдэл 49.5 хувиар өссөн бол ядуурал тэр хэмжээгээр биш юмаа гэхэд ядаж 10 хувиар буурах учиртай баймаар. Харамсалтай нь өнгөрсөн онд ядуурлын түвшин буурсан гэх мэдээлэл олдсонгүй. За ямартай ч улиг болсон лоозогнолоор энэ онд Өрхийн хөгжлийг Дэмжихээр болсон.

Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үгийг бодож, басхүү Улс орны хөгжил ядуурлын түвшинг иргэдийн амьжиргааны тувшинтэй харьцуулж үздэг гэж бодсон ч их зөв лоозон. Эдийн засгийн өсөлт өндөр байгаа, эцэг өвгөдөөс өвлүүлсэн газрын баялаг дэлхийн зах зээл дээр үнэ хүрэхээр байгаатай уялдуулан бодоход бас ч гэж хийж болохоор ажил. Гэхдээ Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд яг юу хийх вэ гэдэг их сонин. Бас бодууштай асуудал. Засгийн тэргүүний Өрхийн хөгжлийг дэмжих жилийн нээлт дээр хэлсэн үгнээс ажихад ямар ч байсан чинээлэг нь өндөр татвар төлж, бага дунд орлоготой нь татуу татвар төлдөг тогтолцоог бүрдүүлнэ.

Мөн амьжиргаагаа сайжруулж, бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлж байгаа өрхүүдийг татварын бодлогоор дэмжинэ. Иргэд, жижиг дунд үйлдвэрлэгчдийг барьцаа хөрөнгөгүйн зовлонгоос гаргах, хүүгийн татвараас нимгэлэх зээлийн шинэ бодлого гаргана гэхчлэн иргэдэд санхүүгийн эрх чөлөөг бодитой олгох эрх зүйн орчин, хөтөлбөр төслүүдийг хэрэгжуулэхээр төлөвлөсөн байна билээ. Гэхдээ өрхийн хөгжлийг дэмжинэ гээд хэн нэгэнд татварын хөнгөлөлт үзүүлэхээсээ илүүтэй эгэл олноо үтэр түргэн орон сууцжуулах хөтөлбөрт анхаарлаа хандуулсан дээр мэт санагдаад байгаа юм. 100 мянга бус 200 мянган айлын орон сууц барих юм бол тэртээ тэргүй дагаад л ажлын байр нэмэгдэж, өрхийн орлого өсч, ажилгүйдэл буураад ирнэ. Бас орон сууцжуулж чадах юм бол Улаанбаатар утаан байтар гэж гоочлуулахаа болино. Товчхондоо нэг сумаар нэлээд хэдэн туулай буудах боломж харагдаад байгаа юм. 200 мянган айлын орон сууц барихаар цемент, төмрийн үйлдвэр ажилтай болно.

Үйл ажиллагаа нь өргөжнө. Захиалга ихсэхийн хэрээр ажилчдынхаа тоог нэмнэ. За тэгээд дотоод засал чимэглэлчин, слесерь, барилгачин, өрлөгчний мэргэжил хаданд гарна. Нэгэнт орон сууцанд орсон айл тавилга байтугай хөшгөө ч сольж таарна. Ингээд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн ажил ундраад эхэлнэ. Гагцхүү өнгөрсөн жил хальт дуулгаад, дуншaад орхигдсон 0.6 хувийн зээл чинь л хүлээгдэнэ шүү дээ. Тэгээд УИХ ын гишүүн О.Чулуунбат саяхан өгсөн ярилцлагандаа өгүүлснээр түүнийг Монголбанкны захирлаар ажиллаж байх үед л дэлхийн томоохон банкуудаас таван жилийн хугацаатай бол 0.5, 10 жилийн хугацаатай зээл авахаар бол 5.8 хувийн хүүтэй зээл өгье гэх саналыг олонтаа тавьж байсан гэдэг. Мань эр ч эл саналыг тухайн үеийн болон хамтарсан Засгийн газрын Сангийн сайдад тавьж байсан гэсэн. Харин тэд хүлээж аваагүй. Ярилцаж үзье гээд таг болчихдог байсан гэж байгаа. Ямартай л эрхэм гишүүн манайхан судалж үздэггүй эсвэл судалж чаддаггүй байх гэчихсэн толгой сэгсэрч суухав. Дэлхийн улс орнуудын практикаас харахад тухайн улсын Засгийн газар нь дэлхийн зах зээл дээрээс хөрөнгө босгож арилжааны банк, эсвэл орон сууцны моргейж дээр байгаа зээлүүдийг худалдаад авчихдаг. Арилжааны банкууд дээр байгаа зээлийг Засгийн газар худалдаж авна гэдэг чинь арилжааны банкууд ахиад мөнгөтэй болно гэсэн үг. Мэдээж мөнгөтэй болсон банкууд дахиад зээл өгнө. Өөрөөр хэлбэл арилжааны банкууд орон сууцны бага хүүтэй зээл өгөх гэж өрсөлдөж уралдаж эхэлдэг гэх гээд байна л даа. Яг ингэж орон сууцнуудыг сүндэрлүүлж ,ажлын байрыг нэмэгдүүлж гэхчлэн дээр хэлсэнчлэн нэг сумаар нэлээд олон туулай буудах боломж байна. Тэгээд ч “Өрхийн хөгжлийг дэмжих” жилийн ажлыг улсын хэмжээнд удардан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог төрийн болон төрийн бус байгууллагуудьш төлөөлөлтэйгээр байгуулан ажиллаж эхлээд байгаа гэсэн. Бас тэрхүү Үндэсний хороог Засгийн газрын тэргүүн С.Батболд ахалж байгаа.

Одоо л хийдэг цаг, зүтгээд байгаарай. Лоозон уншаад цаддаг Монгол хүн байхгүй болсон. Лууван идээд итгэх хүсэл л арвин байна, ард түмэнд. Тэгээд ч энэ удаагийн уриаг сонгуулийн пи ар болголгүй ажил хэрэг болгоосой гэсэн хүлээлт нийгэмд дэндүү их байна. Түүнчлэн О.Чулуунбат гишүүн С.Батболдын Засгийн газрын шинэхэн гишүүн Сангийн сайд ХХаянхярваа сайдад саналаа тавьсан. Өнөөх нь кабинетаараа хэлэлцье гэж амласан гэнэ лээ. Битгий бусад шигээ нам дарчихаарай. Нэг сумаар нэлээд хэдэн туулай буудах боломж үргэлж олддоггүй юм. Хэрэвзээ хичээж шагайгаад мәргән буудаж чадвал боломж гэх “туулай”-нууд урдуур хойгуур хэдэн арваараа бужигналдан гүйлдэж байна. Буудаарай, оноорой бас байгаа зөв сонгоорой. Бяцхан бүжинтэй хөөцөлдөөд хоосон үлдмээргүй байна шүү.

З.Есүй


URL:

Сэтгэгдэл бичих