Б.Заяабал: Иргэдэд хоёр өөр үнэ санал болгодог аж ахуйн нэгжид арга хэмжээ авна

258apgmjH8GuqlRclpCy

Татварын алба, Гааль, санхүү мэдээллийн төв хамтран НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулж, технологийн хялбар шийдлийг нэвтрүүлж эхэлжээ. Ингэснээр иргэд цахим төлбөрийн QR баримт ашигладаг болох юм. Энэ талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалаас цөөн асуултад хариулт авлаа.

-Зарим жижиг, дунд бизнес эрхлэгч төлбөрийн баримт олгох нь хүндрэлтэй гэх  шалтгаанаар НӨАТ-ын баримт өгдөггүй. Харин шинэ QR баримтын давуу тал юу бол. Иргэд хэрхэн ашиглах вэ?
-Тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажлын байран дээр байх татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг уншуулснаар төлбөрийн баримт үүсгэх цонх гарч ирнэ. Үүний дагуу худалдан авагч хүсэлт явуулж, худалдагч баталгаажуулснаар төлбөрийн баримт үүсэх юм. Татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид QR кодыг байршуулна.

Харин иргэд есдүгээр сараас эхлэн худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt аппликейшны камераар уншуулан ибаримт үүсгэх товч дээр дарж, хувь хүн, байгууллагад цахим төлбөрийн QR баримт үүсгэнэ гэсэн үг. Уг баримтыг борлуулагч шалгаад Ebarimt аппликэйшнээр дамжуулан баталгаажуулж, төлбөрийн баримт автоматаар бүртгэгдэх юм.

-НӨАТ-ын хууль 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хууль хэрэгжилтийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ?
-НӨАТ-аас улсын төсөвт 2015 онд 500 орчим тэрбум төгрөг орсон. Өнөөдрийн байдлаар 1.1 их наяд төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн нь хуулийн үр дүн юм. Хууль хэрэгжиж эхлэхэд 595 мянган иргэн ибаримтыг ашиглаж байсан. Энэ оны хагас жилийн мэдээллээр 1.4 сая иргэн байна. Мөн баримт хэвлэх цэгийн тоо өссөн. Өнгөрсөн  онд 107.3 мянган ААН ибаримт хэвлэсэн бол энэ оны эхний хагаст 21 мянга болж, баримт хэвлэгчийн тоо нэмэгдсэн байна.

-НӨАТ-аас сар бүр сугалаа, хонжвор явуулж азтан шалгаруулдаг. Тэгвэл сугалаа явуулахгүй НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэх боломж байгаа юу. Олон улсын жишиг ямар байдаг юм бол?
-НӨАТ-ын урамшуулал олгодог цөөхөн улс бий. Чех, Тайван, Солонгос зэрэг орноос НӨАТ-ын урамшууллын системийг хэрэгжүүлэх талаар туршлага судалж байсан.  Хуулийн хүрээнд НӨАТ-ын хоёр хувийг  буцаан олгож байгаа. Манай Улс бусад улс орны олгодог дээд хэмжээтэй ижил буцаан олголт өгдөг.  Харин сугалаа, хонжвор нь татвар төлөгч, бизнес эрхлэгчдийн тоог нэмэх зорилготой. 2016 онд 86 мянган иргэн дөрвөн тэрбум төгрөг авч байсан. Харин энэ оны зургадугаар сарын байдлаар 160 мянган иргэн найман тэрбум төгрөгийн хонжвор хожсон байна. Мөн өнгөрсөн онд 890 мянган иргэнд 146 тэрбум төгрөг буцаан олгосон.

-Аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүн борлуулахдаа НӨАТ-тай үнэ, НӨАТ-гүй үнэ гэж хоёр өөр үнийн дүн хэлдэг. Үүн дээр танай байгууллагаас ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хоёр өөр үнийн санал хэлж буй бол бизнес эрхлэгч хууль зөрчиж байна гэсэн үг. Иргэд шаардлага тавих хэрэгтэй. Бизнес эрхлэгч худалдан авагчдад хамгийн эцсийн дүнг санал болгох ёстой. Иргэдийг төөрөгдүүлж, хуулийн хэрэгжилтийг замхруулж болохгүй. Татварын албаны зүгээс бизнес эрхлэгчдийг харьяа газар зөвөлгөө, заавар өгөх сургалт явуулсан. Гэтэл одоо болтол энэ асуудал хэвээр байгаа бол бизнес эрхлэгчдийг Зөрчлийн хуулийн дагуу шийтгэх, торгох арга хэмжээ авахаас өөр аргагүй. Иргэд гомдол мэдээллээ чөлөөтэй, тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Манай алба энэ чиглэлээр үргэжлүүлэн ажиллана.


URL: